• Коронавирусыг ялан дийлсэн Америк иргэнээс эмнэлэг нь нийт 1.1 сая ам.долларын төлбөр нэхэмжилжээ

    2020-06-14

    Коронавирусыг ялан дийлсэн 70 настай Майкл Флор Америкийн Сиэтл хотын эмнэлэгт 62 хоног эмчлэгдсэний эцэст бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан юм. Харин эмнэлгээс гарахад нь түүнд нийт 1.1 сая ам.долларын дүн бүхий 181 хуудас төлбөрийн баримтыг хүлээлгэн өгчээ.

    Эмнэлгийн зүгээс найдваргүй гэж үзэж байсан тэрээр гэр бүлийнхэнтэйгээ утсаар салах ёс гүйцэтгэсэн байсан боловч гайхамшиг тохиож ийнхүү хөл дээрээ босжээ. Гэхдээ төлбөрийн баримтыг харсны дараа хоёр дахь удаагаа зүрх нь зогсохоор шахсан хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр ярижээ.

    Үнийн дүнг задалж үзвэл эрчимт эмчилгээний тасгийн нэг өдрийн ор, хоногийн төлбөрийг 9,376 ам.доллараар, харин энгийн тусгаарлах өрөөнд байсан ор,хоногийн нийт төлбөрийг 408,912 ам.доллараар тооцжээ.

    9,376 ам.доллар нь 26 сая 227 мянган төгрөгтэй тэнцэнэ.

    Хэдий ийнхүү 181 хуудас төлбөрийн баримтыг хүлээлгэн өгсөн ч тэрээр эрүүл мэндийн даатгалтай байсан учраас ихэнхийг нь төлөхгүй юм. АНУ-ын Засгийн газраас иргэдээ коронавирусын шинжилгээ өгөх, улмаар халдвартай тохиолдолд эрүүл мэндийн даатгалгүй ч гэсэн эмчлүүлэхэд урамшуулах зорилгоор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг бууруулахаар эмнэлэг, даатгалын компаниудад 100 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн юм. Энэ хүрээнд хөнгөлөлтүүд олгогдсоноор, тэрээр одоо зургаан мянган ам.долларыг төлнө гэжээ. Зургаан мянган ам.доллар нь 17 сая орчим төгрөгтэй тэнцэнэ.

    Эх сурвалж:seattletimes

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ