• Казахстанаас ирсэн дөрвөн иргэн эсэргүүцэл үзүүлжээ

    Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн дөрвөн зорчигч алба хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэж,  тусгаарлагдах байр руу явахгүй оройн 23:00 цаг хүртэл онгоцноос буугаагүй аж.
    Тэдний ийнхүү зөрүүдлэх болсон шалтгаан нь  Улаанбаатарт ирэхийн өмнө хоёр хоёроороо өөр өөр тусгаарлах байранд байх захиалга өгсөн ч  энд ирээд “Нэг тусгаарлах байранд дөрвүүлээ хамт байна” гэсэн шаардлагыг тавьжээ. Алба хаагчид анх захиалга өгсөн тусгаарлах байрандаа л очих боломжтойг сануулсан боловч тэдний үгийг үл тоож эсэргүүцэл үзүүлжээ.

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг зургадугаар сарын 10-ны өдрийн 19:05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан. Энэхүү тусгай үүргийн онгоцоор  Монгол Улсаас нутаг буцах боломжгүй байсан Казахстан улсын 79 иргэнийг эх оронд нь хүргэж өгсөн билээ.

    Уг нислэгээр Казахстан улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдээс гадна Киргиз, Узбекистан, Тажикистан улсад гацаад байсан 175 иргэн эх орондоо ирсэн юм. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл 64, эрүүл мэндийн шалтгаантай 37, өндөр настан 15, жирэмсэн 9, хөгжлийн бэрхшээлтэй 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 41 ирсэн.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ