• Ч.Ундрах:Шүд нь ургаагүй байсан ч хүүхдийн амны хөндийг норгосон маарлаар тогтмол арчиж, цэвэрлэх хэрэгтэй

    2020-06-11

    Мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг хүргэдэг “Зөвлөгөө” булангаараа ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн нүүр амны эмчилгээний эмч Ч.Ундрахын өгсөн амны хөндийн эрүүл мэнд, тэр дундаа 0-18 насны хүүхдийн шүдийг эрүүл байлгахын тулд эцэг, эхчүүд юун дээр голчлон анхаарах хэрэгтэй талаарх зөвлөмжийг товчлон хүргэж байна.

    Ч.Ундрал эмч “10 жилийн өмнө нэг хүүхдийн шүдэнд 4-5 цоорол байдаг байсан бол одоо 20 сүүн шүд нь бүгд цоорчихсон хүүхдүүд ирж үзүүлж байна. Цоорол их байна гэдэг нь шүдний угаалга, цэвэрлэгээ муу байна гэсэн үг” хэмээн онцолж байлаа.

    Хүүхдийн шүд ургаагүй байхад ч амны хөндийг нь цэвэрлэж байх ёстой

    Хүүхдийн амны хөндийг шүд нь ургахаас өмнө ч цэвэрлэж байх хэрэгтэй. Нярай хүүхэд том хүн хоолоо иддэгийн адил сүүгээ хөхөж байгаа учраас бактери үүсч байдаг. Бактери нь ээж, аав зэрэг гэр бүлийн гишүүдээс шүлсээр дамждаг. Дөнгөж төрсөн нярайгийн амны хөндийд бактери байдаггүй, харин гэрийнхнээсээ авдаг гэсэн үг.

    Хүүхдээ өхөөрдөөд хошуун дээр нь үнсдэг, гарыг нь үнсдэг. Хүүхэд тэр томчуудын үнссэн гарыг эргүүлээд амандаа хийдэг. Ийм учраас хүүхдийн нүүр, уруул, гаран дээр үнсэхгүй байх хэрэгтэй. Нэг ёсондоо шүд цоорох өвчин нь томчуудаас хүүхдүүдэд халддаг.  Эцэг, эхчүүд маан гэр бүл төлөвлөхөөсөө эхлүүлээд амны хөндийн эрүүл мэндийг сахих хэрэгтэй.

    Шүдгүй байлаа гэсэн ч хүүхдийн амны хөндийг ороосон маарлыг буцалсан усанд дүрэн, зөөлөн арчиж цэвэрлэнэ.

    Анхнаас нь шүд, амны хөндийгөө цэвэрлэдэг гэдгийг ойлгуулчихвал том болсон хойноо сойзоор шүдээ угаахад дургүйцэхгүй.

    Хамгийн анхны шүдний ёзоор 6 сартайд гарна

    Хамгийн анхны шүд буюу доод үүдэн шүд 6 сартайд ургадаг. Энэ үед бас л буцалсан усаар норгосон маарлаар паалангуудыг нь арчиж, цэвэрлэж байх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн дүнд шүдний үзлэг нэмэгдэж, цооролт харьцангуй багассан ч цооролт байсаар байна. Энэ нь хооллолттой холбоотой.

    Шүдний цооролт нь:

    • Өнгөр
    • Бактери
    • Сахар
    • Цаг хугацаа дөрөв нэгэн дор давхцаж байж үүсдэг.

    Өнгөр тогтлоо ч тэр дор нь угаагаад байвал цоорохгүй. Аль эсвэл өнгөрийг нь хурдан арилбал цоорохгүй.

    Чихрийг бүрмөсөн хорь гэж зөвлөдөггүй.  Учир нь хүүхэд маань маш хурдтай өсч, маш их энерги зарцуулдаг учраас нүүрс ус, чихрийг бүрмөсөн хорьж болохгүй. Сахартай зүйлийг өглөө кашыг нь амт оруулж, эсвэл өдөр, оройн хоолнуудын дараа өгөөд, хооллосны дараа шүдийг нь угаалгах нь зөв сонголт. Хэдий цагаан идээ шүдний хөгжилд сайн боловч сүүлинй хувьд чихэртэй ааруул ихээр худалдаалагдаж байгаа учраас аль болох сахаргүй, зөөлөн ааруул өгөхийг зөвлөе.

    Хүүхдийн сүүн шүд зургаан настайд нь байнгын шүдээр солигддог

    Хүүхдийн сүүн шүд зургаан сартайгаас эхэлж ургаад, зургаан насанд нь байнгын шүдээр солигддог. Байнгын шүд маань зургаан настайд нь цухуйж байгаа боловч дөрвөн жилийн дараа бүтэн шүд болдог. 20 ширхэг сүүн шүд нь хоёр настайдаа бүрэн гарсан байвал хэвийн хөгжиж байна гэж ойлгож болно. Нэг ой хүрэхэд 10-12 сүүн шүдтэй болсон байна.

    Шүд оройтож ургах нь эрүү,хоншоорын хөгжлөөс авахуулаад маш олон шалтгаантай боловч рахитын улмаас шүд оройтох тохиолдол олонтаа байна.

    Шүдийг бат,бөх болгох гээд их хэмжээний кальцийг дур мэдэн өгч болохгүй. Мэргэжлийн эмчид үзүүлэн, үнэхээр кальцийг нэмэлтээр авах шаардлагатай бол нэмэлтээр уухыг зөвлөе.

    Энгийн хэллэгээр хүүхдийн шүдэнд түрхдэг “хар түрхлэг” нь нэг ёсондоо ломбо л гэсэн үг

    Шүдний хар түрхлэгийг ихэвчлэн бага насны хүүхдийн үүдэн шүдний завсраар түрхэж өгдөг. Бүр балчир насанд бол араа шүд цоорсон тохиолдолд мөн адил түрхэж болно. Хүүхэд том болсны дараа цагаан өнгөтэй ломбоор сольж болно. Энэхүү хар түрхлэг нь цоорлыг зогсоодог бөгөөд бүхэлд нь түрхдэг боловч хэсэг хугацааны дараа зөвхөн цоорсон хэсэгтээ харлаж үлддэг.

    Жирийн цагаан ломбо ч унадаг шиг тухайн хар түрхлэг маань  ч гэсэн ховхорч, арилж, өнгө нь бор, саарал болж хувирдаг гэж ойлгож болно.

    Зөвхөн 15-аас дээш насны хүүхэд л том хүний адил фтортой оогоор угааж болно

    Бага насны хүүхдийг шүдийг ургасан даруйд нь фтор түрхэх, ховилыг нь битүүлж цоорохоос хамгаалах хэрэгтэй. Гэхдээ альваа зүйлийг ихдүүлж болдоггүйн адил фтортой түрхлэгийг ихдүүлвэл мөн адил муу үр дагавартай. Сүүн шүдийг аль болох фторгүй оогоор угаах хэрэгтэй. Зургаан нас хүрэхээр 6-аас дээш насны гэсэн заалттай оог нь  аваад өгөх хэрэгтэй. 15-аас дээш насны хүүхэд л том хүний оогоор угааж болно. 14-15 насны хүүхэд фтортой оогоор өдөрт нэг л удаа угааж болно гэсэн заалт бий.

    Хүүхдийн найман нас хүртэл нь шүдийг нь ээж, аавууд угааж өгөх хэрэгтэй

    Хүүхдийн шүдийг доод тал нь зургаа, дунджаар найман нас хүртэл аав, ээж нар угааж өгөх хэрэгтэй. Хүүхэд дутуу угаадаг учраас ээж, аав нь дадал болтол нь зөв угааж үлгэрлэх хэрэгтэй. 12-15 настай болчихоод өөрөө угаа гээд хаячихаж болохгүй. Хүүхдүүдийнхээ шүдийг угаалгахад өдөрт 5-10 минут зарцуулахаас өөр аргагүй.

    Шүдээ өөрөө угаадаг болсон хүүхдүүд байгалийн гэрэлд, эсвэл толь барин угаахыг зөвлөе

    Хүмүүс ихэвчлэн 00-ын өрөөндөө шүдээ угаадаг. Гэтэл 00-ын өрөөнд хурц гэрэлтэй учраас толинд шүдний өнгөр тийм ч сайн харагдадгүй. Тийм учраас өглөө бол аль болох байгалийн гэрэлд, орой бол жижиг нүүрний толь шүдэндээ ойр барин, харж угаавал хаана өнгөр байгаа нь маш сайн харагдана. Шүднийхээ завсрыг утсаар цэвэрлэснээр шүдний завсрыг 40 хувь хүртэл цэвэрлэдэг.

    Шүдний сойзны урт үүдэн хоёр шүдний өргөнтэй тэнцүү байна

    Шүдний сойз том хүнд ч бай, хүүхдэд ч бай үүдэн хоёр шүдийг хамарсан, шүдний цөгцний хэмжээтэй байна. Шүдээ угаахдаа сойзоо 45 градустай барьж, дээд шүдийг дээрээсээ доошоо чиглэлтэй угаах хэрэгтэй. Шүдийг 3-5 минут угаадаг гэдэг. Харин үүний оронд сойз маань хоёр шүдний хэмжээтэй байна гэсэн учраас хоёр шүдийг 20 удаа дээрээс доош угаана гэж тоолбол илүү хялбар. Соёо шүднүүдийг арын хэсэг болон урд хэсэг гэж тойруулж угаах хэрэгтэй. Ингэж 20, 20 удаа зэргээр тойруулж угаахад гурван минут орчим болдог.

    Хүүхдийн араа гарж ирсэн л бол зажлууртай хоол хүнс идүүлэх нь зүйтэй

    Хүүхэддээ хальстай үр тариа, булчин мах, хагас хатсан бяслаг зэрэг зажлууртай зүйл идүүлэх хэрэгтэй. Зажлах тусам эрүү, хоншоорын хөгжил сайжирдаг. Бантан хийсэн ч махыг нь машиндаад, дандаа зөөлөн хоол өгөх нь буруу. Хүүхэд нь зажилдаг болсон буюу араа шүднүүд нь гараад ирсэн үед зажлуулаад байх хэрэгтэй. Мөн хоолны үед аль болох шингэн уух юм, усыг нь хол тавих хэрэгтэй. Усгүй идсэнээр өөрөөсөө ялгаруулж буй шүлсэндээ дэвтээгээд иддэг. Шүлс өөрөө хамгаалах, бактери устгах, амны хөндийн орчныг хэвийн байлгадаг ач тустай шингэн.

    Хүүхдийн шөнийг өглөөний цайны дараа заавал ч үгүй угаалгаж байгаарай

    Өглөөний цайны дараа угааж байх хэрэгтэй. Учир нь өглөөний цайн дээр талхан дээр варень, молоко түрхэх мэтээр чихэрлэг зүйлс хэрэглэдэг. Улмаар шүдээ угаалгүйгээр хичээлдээ явж, өдрийнхөө хоол хүртэл тэр чихэрлэг хүнсний үлдэгдэлтэй явдаг. Өглөөний цайны дараа угаалгахаас гадна орой унтахын өмнө заавал угааж байх хэрэгтэй.

    Бага насны хүүхдийн шүдийг гурван сар тутамд үзүүлэх хэрэгтэй. Хүүхдийг аль болох багаас нь шүдний эмнэлэг дээр авчирч үзүүлбэл айдас нь үгүй болчихдог. Тэгэхгүй бол яг өвдсөн үед нь, том болсон хойно нь авч ирэхээр хүүхэд маань цочролд ороод, хэд дахин их айдаст автдаг.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ