• Г.Ариунбуян:Улсын их дэлгүүрийн галын аврах гарцыг хааж бараа хураасан байсан

    2020-06-10

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ОБЕГ, ЦЕГ болон нийслэлийн удирдлагуудтай уулзалт хийж, Улсын их дэлгүүрт энэ сарын 07-нд гарсан галын нөхцөл байдалтай танилцан, галын шалтгаан, хохирлын хэмжээг ойрын хугацаанд тогтоож, танилцуулахыг үүрэг болголоо.

    Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Энэ жил УИД-т НОБГ-аас төлөвлөгөөт шалгалт хийсэн. Шалгалтын үеэр галын аврах гарцыг хааж бараа хураасан, дохиолол нь гэрэлтүүлэггүй, гал түймэр гарсан үед хүний амь аврах зориулалтын гарц тодорхой болгоогүй, гал унтраах багаж хэрэгсэл хангалтгүй зэрэг зөрчил илэрсэн. Тиймээс албан шаардлага хүргүүлж, зарим зүйлсийг шалгалтын явцад залруулсан юм. Ер нь хүн ам олноор цуглардаг газрууд, гэр хорооллын айл өрх, үйлдвэр, худалдааны төвүүдэд шалгалт хийдэг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд хот төлөвлөхдөө гидрант буюу ус шахах хоолойг тусгадаггүй. Тиймээс өндөр орон сууц, худалдааны төвүүд заавал гаднаа гидранттай байх шаардлага тавьдаг болох нь зөв” гэлээ.

    Гал гарсан шалтгааныг тогтоохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын алба ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 8-нд 25 мөрдөн байцаагч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 шинжээч, 20 прокурор хэргийн газарт үзлэг хийж эхэлжээ.

    Гал түймрийг унтраах үйл ажиллагаатай зэрэг тус объектод ажиллаж байсан  утаанд угаартаж, хордсон 7 иргэнийг барилгын 7 давхраас автомеханик шатаар аврах үйл ажиллагааг явуулсан. Мөн 6, 7 дугаар давхарт гал түймэр бүрэн тархаж, шатлага явагдаж байсныг зогсоож 1-5 дугаар давхарт гал түймрийг тархан дэлгэрүүлэлгүй, эд хөрөнгийг авран хамгаалсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ