• Үндсэн хуулийг МАН мөрдөх,АН өөрчлөх,МАХН орвонгоор нь эргүүлэх мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ

    2020-06-10

    Ардчилсан төрөө байгуулах найм дахь удаагийн сонгуулийн дараа   Үндсэн хуулийн нэмэлт, өөрчөлт хэрэгжиж эхлэхээрээ онцлог.  Өнгөрсөн оны сүүлээр батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг түүхэн үйл хэрэг гэж судлаачид тэмдэглэсэн нь бий. УИХ, Засгийн газрын ажлыг зааглах, давхар дээлийг байхгүй болгох зэрэг олон чухал өөрчлөлтийг сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан төр, засаг харин хэрхэн хэрэгжүүлэх бол…?

    Монголын ардчиллыг тээгч Үндсэн хуулийн мөн чанар, үнэт зүйлсийг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгаж, засаглалын суурь асуудлуудыг нам, эвслүүд хэрхэн тодорхойлов. Ардчилалд үүдээ дэлгэсэн сүүлийн 30 шахам жилд Засгийн газар ойр ойрхон солигдож, бодлого нь ч, боловсон хүчин нь ч тогтворгүй болчихоод буй. Улмаар төрийн хүнд суртал, албан хаагчдынх нь хариуцлагагүй, ёс зүйгүй байдал газар авч байгаа. Тиймээс ч сүүлийн хэд хэдэн парламент дамжин ярьж, хэлэлцүүлэг өрнүүлсний эцэст Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн УИХ баталж, хуульчилсан. Үндсэндээ уг нэмэлт, өөрчлөлтийг хойшид хүлээн зөвшөөрч, бусад хуульд хэрхэн нийцүүлэх вэ гэдэг нь сонгуулийн үр дүнтэй шууд холбоотой болчихоод байна.

    МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл” өнөөгийн Үндсэн хууль, засаглалын тогтолцоог орвонгоор нь эргүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулжээ. Хоёр танхимтай парламент байгуулж, бүх шатны шүүгчийг ард түмнээс сонгодог болно гэлцэж байна , тэд. Хамгийн аюултай нь, ард түмнээс сонгосон Ерөнхийлөгч нь Засгийн газраа тэргүүлж, нэг хүний засаглал руу эргэлт буцалтгүй орох бүх зохицуулалтыг мөрийн хөтөлбөртөө тусгачихаж. Уг эвслийг төлөөлөх тод дүр болсон МАХН бараг өнгөрсөн сонгуулийн дараачаас “Дээд үндсэн хууль” гээчийг боловсруулан, суртал ухуулга хийсээр өнөөдөртэй золгосон тул тэгтлээ гайхах хэрэггүй ч байж мэднэ. “Ард түмэн минь” хэмээн хайр зарлаж, “Адгийн авлигачид” хэмээн өс зангидсан болгонд итгэж найдахаас урьтаж, бодлого, хөтөлбөрийг нь болгоохын учир энэ.

    Уг нэмэлт, өөрчлөлтийг баталсан өнөөгийн эрх баригчид, Ардын намынхан ялалт байгуулбал Үндсэн хууль болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичгийг тууштай мөрдөж, хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан.

    Үүний хүрээнд сонгуульд ялалт байгуулсан намын дарга нь заавал Ерөнхий сайдаар томилогдох зохицуулалтыг хуульчлан, хүчтэй Ерөнхий сайд бүхий тогтвортой Засгийн газар ажиллуулна хэмээн ухуулж буй. Улмаар нэг хүний засаглал руу хэлтийх эрсдэл үгүй болж, парламентын ардчилал бэхжин, УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны чанар, гишүүдийнх нь ёс зүй, хариуцлага сайжирна гэж найдаж байгаа аж.

    Сонгуультай холбоотойгоор завсарлаад буй хаврын чуулганаар УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны тухай хуулийг шинэчилж, Засгийн газрын тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан. Ингэснээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төсөл дэх зардлын хэмжээг УИХ-ын гишүүд дураараа нэмдгийг хязгаарлаж, гүйцэтгэх засаглалын түвшинд Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд л “давхар дээл”-тэй байхаар хуульчлаад байна. Харин Шүүхийн багц хууль тэргүүтэй бусад хуулийн төслийг хэлэлцэн батлах үүрэг ирэх парламентад үлдэв.

    Гэхдээ АН ялалт байгуулбал арай өөр байдал үүсэж болзошгүй. Жишээ нь, тус намын мөрийн хөтөлбөрт парламентын засаглалыг бэхжүүлнэ гэж байгаа ч сонгуулийн тогтолцоог холимог болгоно хэмээн тусгасан. Одоо мөрдөж буй УИХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ оны өмнөхөн батлахдаа Үндсэн хуульд нийцүүлэн мажоритар, томсгосон тойргоор сонгууль зохион байгуулахаар хуульчилсан. Тэгэхээр сонгуулийн тогтолцоог холимог болгохын тулд УИХ-ын сонгуулийн тухай хууль, цаашлаад Үндсэн хуулиа өөрчилнө гэсэн үг. Хэдийгээр Үндсэн хуулийн аливаа заалтад гар хүрсэн бол найман жилийн хугацаанд түүгээр дахин оролдохгүй байх зохицуулалт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд бий ч энэ нь хөдөлшгүйн баталгаа бус. Тэгээд ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа АН-ын дарга С.Эрдэнэ тэдний дэвшүүлсэн зарим саналыг тусгаагүйд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, шаардлагатай бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд гар хүрч байгаад ч болов “Эцэг хууль”-ийг өөрсдийнхөөрөө засаж, сайжруулахаа илэрхийлж байсан билээ.

    Өөрөөр хэлбэл, эрх барих нам солигдоход сонгуулийн тогтолцоо, хууль нь өөрчлөгддөг явдал давтагдахгүй гэх баталгаа алга. Мөн АН-ын мөрийн хөтөлбөрт “Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зарчмыг шалгуур болгож, Монгол Улсад үйлчилж байгаа хууль, тогтоомжид бүхэлд нь дүн шинжилгээ, хяналт хийж, шинэчлэх арга хэмжээ” авна хэмээн тусгасан байна. Гэтэлэрх баригчид саяхан “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг батлахдаа өнгөрсөн 30 шахам жилд “үйлдвэрлэсэн” бүх баримт бичгийг судалж, шалгаж, давхардал, хийдлийг нь арилган, ирэх 30 жилд хэрэгжүүлэх хөгжлийн үзэл баримтлалаа боловсруулснаа… Түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүнийг сонгогчдынх нь саналаар эгүүлэн татах эрх зүйн боломж бүрдүүлэх заалт АН-ын мөрийн хөтөлбөрт бий.

    Сонгогчид, тойргийн иргэдийнх нь саналаар гишүүдийг эгүүлэн татах саналыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн үеэр нэлээд хэлэлцсэн ч яг энэ агуулгаараа хуульчлагдаж чадаагүй. Тодруулбал, Үндсэн хуулийн 29.3 дахь заалтын эхэнд “УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно” гэх өгүүлбэр нэмж баталсан. Юутай ч үнэмлэхүй олонхын эсрэг сөрөг хүчин болж ажиллахдаа тусгуулж чадаагүй энэ мэт заалтыг АН-ынхан дахин зүтгүүлэхээ мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан мэдэгдэж байна.

    Өнгөрсөн 30 жилийн ихэнхэд нь ээлжлэн эрх барьсан АН, МАН парламентын ардчиллаас гажиж, Үндсэн хуулийн үнэт зүйлийг үгүйсгэсэн амлалт өгөөгүй ч сүүлд баталсан нэмэлт, өөрчлөлт өгөөжөө өгөх, эсэх нь аль улстөрийн хүчин эрх барихаас хамаарах нь. Өөрөөр хэлбэл, МАН ялалт байгуулбал тэдний баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт зөв, буруу, эсэх нь ирэх дөрвөн жилд харагдаж, АН засагласан тохиолдолд цөөнгүй заалт нь хэрэгжиж амжилгүй өөрчлөгдөж мэдэхээр байгаа юм.

    Эх сурвалж:Өнөөдөр сонин

    Л.Номин

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ