• ХӨСҮТ-ийн эмч,сувилагч,үйлчлэгч,жолооч зэрэг 10 хүн байртай боллоо

    2020-06-09

    Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлж буй Төрийн албан хаагчдын түрээслээд өмчлөх байранд эхний ээлжинд орох өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон холбогдох албаныхан батламж гардуулжээ.

    Үүнд ХӨСҮТ-ийн эмч, сувилагч, асрагч, вирус судлаач, лабораторийн ажилтан, тасгийн үйлчлэгч, сорьц тээвэрлэдэг жолооч зэрэг 10 төрийн албан хаагч багтжээ.

    Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Хэдэн метр квадрат байр сонгох нь та бүхний өрхийн орлогоос хамаарах юм. Үүний дараа ХӨСҮТ-ийн бусад албан хаагч болон бусад цэргийн эмнэлэг, онцгой, хил хамгаалах цагдаа, мэргэжлийн хяналт гээд ийм үе шат, зарчимтайгаар явна. Монголын төр зүтгэсэн хүнээ, сайн ажилласан хүнээ онцгойлон харж үзэх ёстой. Та бүхэнд дахин баяр хүргэе, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.
    ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү “Манай хамт олон 800-аад хүнтэй том хамт олон. Үүн дотор өөрийн гэсэн гэр, орон сууцгүй, ах дүүгийнхээ хаяа бараадаж эсвэл түрээсээр амьдарч байгаа олон хүн бий. Маш хурдан хугацаанд ярьсан бүхэн ажил хэрэг болж байгаад үнэхээр талархаж байна. Та бүхнийг хамт олон чинь сонгосон юм шүү. Хажууд чинь байгаа хүн та нарын амьдралыг асар сайн мэддэг учраас нэрсийг чинь гаргаж өгсөн. Нүдээ олсон, хүнээ олсон гэж бодож байна. Мөн өнөөдөр 10 хүн эдгэрч гарлаа. 10 хүн батламж гардан авлаа” гэсэн юм.
    Орон сууцанд орох эрхийг нь баталгаажуулсан батламж гардан авсан иргэд сонголтоо хийн энэ сард байрандаа орох юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ