• Сүүлийн таван жилийн хугацаанд 600 орчим хүн мотоциклийн ослоор амь насаа алджээ

    2020-06-09

    Өнгөрсөн онд мотоциклийн ослоор 110 хүн амь насаа алдсан бол энэ оны эхний таван сарын байдлаар 41 хүний амь нас хохирсон байна.  Үүнээс орон нутагт 39, нийслэлд хоёр хүний амь нас хохирсон зам тээврийн осол бүртгэгджээ.

    Сүүлийн таван жилийн хугацаанд мотоцикльтой холбоотой  1171 осол гарч, ослын улмаас  600 орчим хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна. Гэхдээ энэ бол зөвхөн Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн  тоо үзүүлэлт.  Мотоциклын ослын улмаас хүнд, хөнгөн бэртэж хөдөлмөрийн чадвараа алдсан ч хуулийн байгууллагад бүртгүүлээгүй тохиолдол олон байдаг ажээ.

    Судалгаагаар мотоцикл жолоодож байгаа иргэд нь жолоодох эрхийн хүчин төгөлдөр үнэмлэхгүй, хамгаалах малгай өмсөхгүй, жолоочийн албан журмын даатгалд даатгуулахгүй, мөн улсын бүртгэлд бүртгүүлж улсын бүртгэлийн дугаар аваагүй, техникийн хувьд бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй мотоциклтой замын хөдөлгөөнд оролцож амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна гэж ТЦА-аас мэдээллээ.

    Мотоциклын жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ ихэвчлэн хамгаалалтын малгай хэрэглэдэггүй, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хурд хэтрүүлсний улмаас осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

    Иймд замын хөдөлгөөнд оролцогч иргэд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоорой хэмээн Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ