Ц.Хашбаатар: Иргэд өргөдөл гомдлыг нь ямар мөрдөгч шалгаж байгаа болон прокурор, шүүхэд шилжсэн эсэхийг цахимаар хянана

УЕП-ын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албанаас мэдээлэл хийr иргэний портал буюу  E-JUSTICE.MN вэбсайтын талаар танилцууллаа. Энэ нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн мэдээллийг иргэдэд хүргэх зорилготой аж. УЕП-ын газрын Бүртгэл мэдээллийн технологийн албаны дарга Ц.Хашбаатар энэхүү мэдээллийг өгсөн юм.

Ц.Хашбаатар “2015 оны долдугаар сарын 8- ны өдөр 23 дугаартай “Шүүх, хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн цахим нэгдсэн сүлжээ байгуулах тухай” УИХ-ын Хуульзүйн байнгын хорооноос тогтоол гарсан. Энэ нь  шүүх, хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах тухай тогтоол юм. Үүнд хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор цахим мэдээллийн нэгдсэн сүлжээ бий болгох, эрүүгийн хэргийн цахим нэгдсэн сан бий болгох, ашиглах тухай зааж өгсөн.

Ингээд хууль шүүхийн байгууллагынхнаас бүрдсэн ажлын хэсэг болон “Цахим нэгтгэл” төслийн баг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран оролцсон төслийн баг нийлээд нэгдсэн сан бий болгох ажлыг гүйцэтгээд УЕПГ-т хүлээлгэн өглөө.

Нэгдсэн санд шүүх, прокурор, цагдаа, ШШГЕГ хоорондоо мэдээллээ солилцох юм. Тухайлбал иргэн цагдаад гомдол гаргаад тухайн гомдол нь ямар шатанд явна гэдгийг хянах боломжтой. Хуучин цаасаар явагддаг байсан баримтууд цахимд шилжиж байна гэсэн үг. Хуулийн байгуулагууд хоорондоо мэдээлэл солилцох боломжтой болсон учраас энэ мэдээллээ олон нийтэд хүртээмжтэй болгоё гэх үүднээс дээрх вэбсайтыг хийсэн. Энэ бол иргэдэд зориулсан сайт. Хуулийн байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагаа иргэдэд нээлттэй байхаар хийгдсэн.

Иргэд энэхүү системд хандахдаа төрийн үйлчилгээний танилт, нэвтрэлтийн “ДАН” нэгдсэн системээр дамжиж, өөрийн нэр дээр байгаа үүрэн телефоны утасны дугаараар нэг удаагийн нэвтрэх нууц үг хүлээн авч түүгээрээ холбогдох юм.

Иргэд гомдол гаргаад дандаа хуулийн байгууллагад очих шаардлага үүсдэг. Үүнийг нь хялбаршуулж гомдолыг нь ямар мөрдөн байцаагч шалгаж байгаа, прокурорт шилжсэн үү, шүүхэд шилжсэн үү гэх мэт мэдээллүүдийг харах боломжтой болж байна” гэлээ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ