• Нийт 10 нам, дөрвөн эвслээс эмэгтэйчүүд дэвшиж байна

    2020-06-06

    Энэ жил нийт 606  нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуульд өрсөлдөж байна. Үүний  455 нь буюу 75,08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24,92 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна.

    Энэ тоог 2016 оны Улсын Их Хурлын сонгуультай харьцуулахад нийт эмэгтэй нэр дэвшигчдийн тоо 1 хувиар буурсан байна.

    Тодруубал, 2016 онд 498 нэр дэвшигчид байсан бөгөөд тэдний 74 хувь нь эрэгтэй, 26 хувь нь эмэгтэй байсан аж.

    Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд нам, эвслээс нэр дэвшигчдийн дунд аль нэг нэг хүйсийн төлөөлөл 20-иос доошгүй хувь байхаар тусгасан.  Энэ жилийн сонгуульд нийт 606 нэр дэвшигч Улсын Их Хурлын сонгуульд өрсөлдөж байна. 13 нам, 4 эвслээс 485 нэр дэвшигч,  121  бие даан нэр   дэвшигч бий.

    Эдгээр нам, эвслүүдэд Жендэрийн Үндэсний Хорооноос энэ оны тавдугаар сард нэр дэвшигчдийн аль нэг хүйсийн төлөөлөл  20-иос доошгүй хувь байх, эрэгтэй, эмэгтэй хүйсийг тэгш оролцуулах асуудалд анхаарал хандуулах, сонгуулийн тогтолцоо, санхүүжилтийг жендэрийн хувьд тэгш шударга болгох,  намын бодлогоор шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих тухай  “Уриалга”-ыг хүргүүлсэн юм.

    Нийт нэр дэвшигчдийн  151 нь буюу 24,92 хувь нь эмэгтэйчүүд байна. Тодруулбал, нийт 10  нам, 4 эвслээс эмэгтэйчүүд байна. Мөн бие даан нэр дэвшиж байгаа эмэгтэй 17 байна.

    Ихэнх нам, эвслийн нэр дэвшигчдийн 21-29 хувь нь эмэгтэйчүүд байна.

    Хамгийн олон эмэгтэй нэр дэвшигчтэй нам нь Зон олны нам

    Хамгийн олон эмэгтэй нэр дэвшигчтэй нам нь Зон олны нам юм. Нийт 30 нэр дэвшигчийн 23 буюу 77 хувь нь эмэгтэй байна. Хөгжлийн хөтөлбөр намын нийт 7 нэр дэвшигчийн 4 нь буюу 57 хувь нь эмэгтэй байна.  Мөн Гэр хороолол хөгжлийн нам нь 4 нэр дэвшигчтэй бөгөөд үүний 2 буюу 50 хувь нь эмэгтэй байна.

    Дэлхийн Монголчууд нам болон Монголын ногоон намын нийт нэр дэвшигчийн 33  хувь нь эмэгтэйчүүд байна.

    Огт эмэгтэй нэр дэвшигчгүй 3 нам бий. Эдгээр намууд нь зөвхөн нэг нэр дэвшигчтэй юм.

    Нэрлэвэл, Ард түмийн нам, Эх орончдын нэгдсэн нам, Ард түмнээ хайрлая нам.

    Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, тэдний чадавхыг бэхжүүлэхэд улс төрийн намууд аль нэг хүйсийн төлөөллөө 20-иос доошгүй хувьтайгаар нэр дэвшүүлэх нь чухал үзүүлэлт болж байна.

    Тиймээс улс төрийн намуудын эмэгтэйчүүдээ дэмжих бодлого, түүний хэрэгжилт чухал билээ.  Мөн сонгуулийн тогтолцоогоор дамжуулан эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих шаардлагатай юм. Энэ нь Монгол Улс нь олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа хэрэгжүүлэхэд дэмжлэг болноы

    2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад манай улс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн төлөв байдлыг Үндэсний сайн дурын илтгэлээр дамжуулан олон улсад анх удаа танилцуулсан. Уг сайн дурын илтгэлд “Шийдвэр гаргах дээд эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөн байсаар байна” хэмээн дүгнэжээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ