• Өнөөдөр Их Чингис хааны мэндэлсэн зуны тэргүүн сарын 16-ны “Улаан тэргэл” өдөр болой

    Өнөөдөр аргын тооллын 06 сарын 06-ны өдөр. Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 16. Энэ өдөр Их Монгол улсын Их Эзэн Чингис хааныг мэндэлсэн хэмээн “Монголын нууц товчоо”-нд бичиглэжээ.

    Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилгаар хэдэн жилийн өмнө Их Эзэн Чингис хааныг өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд төрсөн хэмээн “тогтоосон”. Гэвч Ц.Элбэгдоржийн зарлигласан Их хааны “төрсөн өдөр”-т итгэдэг хүн итгэдгүйгээсээ цөөн.

    Харин Их Эзэн Чингис хаан маань зуны тэргүүн сарын шинийн 16-ны улаан тэргэл өдөр мэндэлсэн гэдэгт итгэх хүн жин дарах бизээ.

    Их эзэн Чингис хааны төрсөн оны талаар ерөнхийдөө хоёр санал байдаг. Персийн түүхч Рашид ад Дин “Судрын чуулган”-даа тэмдэглэснийг үндэслэн Оросын түүхч, академич Б.Я.Владимирцов “Чингис хаан”, В.В.Бартольд “Монголын түрэмгийллийн доорх Туркестан” зэрэг зохиолдоо Чингис хааныг хөхөгчин гахай жил буюу 1155 онд мэндэлсэн гэж үзсэн.

    Харин дорно дахины болон манай сурвалж бичгүүд болох “Дай Юань улсын түүх”, Саган сэцэний “Эрдэнийн товч”, “Алтан товч”-оос эхлээд бүх л түүхийн ном судруудад Чингис хааныг усан морин жил буюу 1162 онд төрсөн гэдэг. Гэхдээ мөн зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр төрсөн гэх нь бий.

    Манай болон дэлхийн монголч эрдэмтдийн дийлэнх нь Чингис хааныг 1162 онд төрсөн гэдэг дээр санал нэгддэг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.  Тиймээс бид ч 1162 оны энэ өдөр Их Эзэн Чингис төрсөн гэдэгт итгэж буй юм.

    Энэ тухай түүхч, доктор Ю.Болдбаатар  өөрийн нүүр номондоо ийнхүү бичжээ.

    “Өнөөдөр Чингис хааны мэндлэсэн гэх зуны тэргүүн сарын 16-ны “Улаан тэргэл” өдөр билээ. XIII зууны Монголчуудын жилийн хамгийн эрхэмд үздэг өдөр бол эл 16-ны Улаан тэргэл өдөр бөгөөд МНТ-нд 3-нтаа гардаг гагц тодорхой өдөр буюу 81-р зүйлд Таргудай Хирилтуг Тэмүжинг дөнгөлөн айл айлаар хонуулж явахуйд эл өдөр тохиож Тайчууд хуримлалдаж, Тэмүүжинд боломж гардаг, 118-р зүйлд Тэмүжин Хасар хоёр нүүдэл хийдэг, 193-р зүйлд тугаа тахиад, байлдахаар мордсон зэрэг чухал үйл явдлууд болсон ажээ. Мөн хожмын сурвалжуудад Зуны тэргүүн сарын 16-ны Улаан тэргэл өдрийн дөл цагт Чингис хааныг шагайн чинээ нөж атган мэндлэсэн хэмээн бичсэн нь бий” хэмээжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ