• Анх удаа албан ёсоор тэмдэглэсэн Бурхан багшийн их дүйчин өдрийн сурвалжлага

    2020-06-05

    Бурхан багшийн Их дүйчин өдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганаа нээлтээ хийсэн билээ.

    Бурхан багшийн Их дүйчин өдөр нь эхийн хэвлийгээс төрсөн, төгс гэгээрлийг олсон,нирваан дүрийг үзүүлсэн гол гурван үйл явдал нэг дор тохиосон өдөр юм.

    Д.Чойжамц:. Эл өдөр 10 хар нүглийг тэвчин, 10 цагаан буяныг түгээн дэлгэрүүлэх ёстой

    МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц “Хэдийгээр цар тахлын улмаас олон нитйийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулж болохгүй ч Бурхан багшийн сургаалийн үнэ цэнийг нь таниулахын тухайд Гандантэгчэнлин хийдээс бусад хийдтэй,ТББ-уудтай хамтран “Энэрлээр нэгдэж,эвээр бүтээе” гэсэн уриан дор цахим орчныг түшиглэн Бурхан багшийн их Дүйчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.  Эл өдөр 10 хар нүглийг тэвчин, 10 цагаан буяныг түгээн дэлгэрүүлэх ёстой.

    Бурхан багшийн Их дүйчин өдрийн жишиг нь бусад баяруудыг ч ёслол хүндэтгэлтэй тэмдэглэх ёс зүйн чиг баримжаа болох учиртай. Энэ өдөр хураасан эрхэм буян тань түм бумаар үржиж, их болсон хамаг амьтныг гэгээрлийн замд хөтлөх шалтгаан болох болтугай хэмээн ерөөе” хэмээн айлдвар айлдлаа.

    Д.Оюунхорол нарын 10 гишүүн Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баяр болгож, бүх нийтээр амрах санал гаргаж,  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж, хэлэлцүүлэн батлуулсан билээ. Өнөөдөр Гандантэгчэнлин хийдэд болсон Бурхан багшийн Их дүйчин өдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол оролцож, үг хэлэв.

    Д.Оюунхорол:Энэ өдөр бидний оюун санаагаа цэгцлэх өдөр юм

    УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Бурхан багшийн Их дүйчин өдөр хураасан буяны хэмжээ энгийн өдрөөс хэмжээлшгүй их гэж судар номоо айлдсан байдаг.

    Аливаа улс орон өөрийн зонхилох шашны тэмдэглэлт өдрийг чухалчлан үзэж, баяр амралтын өдөр болгодог уламжлал олон улсын практикт байдаг. Ийм ч учраас УИХ сүсэгтэн олны хүсэлтийг хүлээн авч, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулж, Бурхан багшийн Их дүйчин өдрийг амралтын өдөр болгон бүх нийтээр тэмдэглэх болсон.

    Монголчууд бидний өв соёл, ёс заншил нь Бурханы шашинд суурилсан байдаг. Түүний нэгэн бэлгэдэл бол бидний өвөг дээдэс эрт цагаасаа энэ өдрөөр аав, ээж, өвөг дээдсээ хүндлэх, уул, усандаа тахил өргөх, өнгөрсөнд хийсэн алдаагаа гэмшин наминчлах, сайн үйлд улам дадах, мацаг барих  зэрэг ах, дүүсээрээ хамтран буян үйлсэд шамдан, сайхан үйлийг хийдэг уламжлалтай.

    Сэтгэлийн аз жаргал, амар амгаланг бий болгоход шинжлэх ухаантай эн зэрэгцэхүйцээр бурханы шашны онол,нотолгоо нэн чухал хувь нэмэр болсон. Дэлхий дахинд Бурхны шашны сургаал номлол  цаашид ч улам үнэ цэнэтэй болно гэж судлаачид үзэж байна.

    Эл өдөр монголчууд  хувь хүн, гэр бүл, нийгэмд дутагдаж байгаа зөв хандлага, ёс зүй, өглөг, тэвчээр, асрал, анхаарал халамжийг бусаддаа харамгүй түгээж чадвал эвтэй найртай, энх тунх, аз жаргалтай амьдрах туйлын зорилгод тусалж,  улмаар  бид Монгол дархлаагаа авч үлдэх болно.

    Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай” гэв.

    Энэ өдөр эдгээр найман зүйлийг тэвчих хэрэгтэй:

    • Амьтны амь таслахгүй
    • Худлаа хэлэхгүй
    • Хулгай хийхгүй
    • Архи уухгүй
    • Буруу хурьцал хийхгүй байх
    • Дуу,бүжиг хийхгүй байх
    • Үдээс хойш хоол идэхгүй байх
    • Өндөр суудал дээр суухгүй байх

    Шууд үзэх:

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ