• Наро Банчэн гэгээнтэн:Эд баялаг хэчнээн их байгаад сэтгэл амгалангүй бол аз жаргал ирэхгүй

    2020-06-05

    Наро Банчэн хувилгааны VII дүр Данзанлхүндүв гэгээнтэн Бурхан багшийн Их дүйчин өдрийг хэрхэн өнгөрүүлэх нь зохистой талаар мөн аз жаргалыг хэрхэн,хаанаас олох талаар МҮОНТВ-ээр  сургаал айлдлаа.

    Тэрбээр Бурхан багшийн Их дүйчин өдрийг хэрхэн өнгөрүүлэх зохистой талаар “Би аз жаргалыг хүсч байгаа шиг бусад хүн ч аз жаргал хүсч байгаа гэсэн бодлоор аль болох хүнд муу санахгүй, муу үйл хийхгүй, бусдыг энэрч хайрласан сэтгэлээр энэ өдрийг  өнгөрөөх хэрэгтэй.

    Залуучууд багш, эцэг эх, ахмадыг хүндэтгэх, харин эцэг эхийн зүгээс хүүхдүүдийг ёс суртахуунтай, сайхан сэтгэлтэй байхад сургах хэрэгтэй” гэлээ.

    Аз жаргалыг хэрхэн бий болгох вэ?

    Бурханы шашинтай, шашингүй, эсвэл өөр шашинтай хүмүүс байна. Бид нэг зүйлээрээ адилхан. Бүгд зовлонг хүсэхгүй, аз жаргал сайн сайхан зүйлийг хүсдэг. Аз жаргал,зовлон хоёр уг шалтгаантай.

    Бие, хэл, сэтгэл гурваар бусдад тустай сайн үйл хийж байвал түүний дүнд жаргал ирнэ. Энэ бол шашны номлол гэхээсээ илүү бодит байдал юм.

    Улс орон хэдий хөгжил дэвшилтэй, өөрөө эд баялагтай, тав тухтай, таван мэдрэхүйн амгалан байгаад ч өөрийн сэтгэл л амгалан биш бол жаргал ирэхгүй.

    Эсрэгээрээ сэтгэл амгалан байхад бие махбодийн хувьд хямралтай байсан ч жаргалтай байгаа эсэхээ ажиглаж шинжих хэрэгтэй.

    Тамирчин хүний хувьд ялалтын дараа бие махбодийн хувьд маш ядарсан, хэцүү байгаа ч ялсан учраас сэтгэлийн амар амгалан болж, жаргалтай байдаг. Тийм учраас бид сэтгэлийн амар амгаланг орхигдуулж болохгүй.

    Сэтгэлээ амар амгалан байлгахын тулд..

    Бурханы шашинд бид бүхний сэтгэлд уур, шунал, атаархал зэрэг буруу сэтгэл төрөхөөс сэтгэл маш их хямарч, сэтгэлийн амгалан байдал үгүй болдог гэж учир шалтгааны хувьд тайлбарласан байдаг.

    Энэ буруу сэтгэл нь “би л болж байвал бусад яахав” гэсэн аминч үзэл болон мэдэхгүйгээс болж байна. Бодит байдлыг бид буруу таньдаг. Бодит байдал 10 хувь байхад, 90 хувь нь сэтгэл зүйгээс хамаардаг. Нэг зүйлийг туйлын сайхнаар төсөөлж байхад бодит байдал түүнээс өөр болоход уур буримдал төрдөг. Юмсын эцсийн мөн чанарыг таньж мэдэж, суралцаж байж сэтгэлийн амар амгаланг олно.

    Аз жаргалыг өөрөө өөртөө бий болгохын тухайд..

    Юмсыг ухаалгаар харж, буруу сэтгэлийг хорьж, сайхан сэтгэлийг дадал болгохын сацуу өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрснээр жаргалтай байх бололцоотой.

    Аз жаргал хүн болгоны хувьд харилцан адилгүй.

    Жишээ нь,хараагүй хүн юмсыг харвал эсвэл хөлгүй хүн алхвал хэмжээлшгүй их аз жаргалыг мэдэрнэ. Тэгэхээр бид аз жаргалыг заавал гаднаас, холоос, ирээдүйгээс хайж байна. Заавал зорьсондоо хүрч байж жаргалтай болох юм шиг сэтгэл зүйтэй байна. Гэтэл тэр зорьсондоо хүртэл зовоод байж байх юм уу,эсвэл тэр хүртэл амьд байх үгүйг хэн ч мэдэхгүй.

    Бидэнд байгаа хором мөч бүр үнэтэй учраас бие, хэл, сэтгэл гурваараа аль болох тустай, сайхан сэтгэлтэй байх нь чухал. Өөрт байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэдэрвэл хараагүй хүн харж байгаа юм шиг тийм хэмжээний аз жаргалыг ч мэдрэх боломжтой.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ