• Б.Нямтайшир: Миний хүүд улс төрийн зорилготой зохиомол хэрэг үүсгэсэн

    2020-06-02

    Сонгуулийн Ерөнхий хорооноос Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярын нэр дэвшигчийн үнэмлэхийг түүний аав МАК ХХК-ны үүсгэн байгуулагч Б.Нямтайширт олгожээ.

    Энэ үеэр Б.Нямтайшир “Миний хүү Номтойбаяр УИХ-ын 29 дүгээр тойрогт нэр дэвшсэн. Харамсалтай нь өөрийн биеэр үнэмлэхээ гардан авах боломж олдсонгүй. 587 дугаар дугаартай нэр дэвшигчийн үнэмлэхийг нь би сая гардан авлаа. Би эцэг хүний хувьд хэдэн үг хэлье гэж бодож байна. Нэн тэргүүнд Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжийн хүрээнд шударга ажилласан СЕХ-ны дарга, гишүүдэд талархал илэрхийлье. Анх удаа хүний эрхийг зөрчөөд нэр дэвшигчийн тогтоолоо гардан авсны дараа цагдан хорих шийдвэрийг шүүх гаргасан. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 35.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл болсон.

    Харамсалтай нь ардчилсан нийгэмд анх удаа төрийн эрх барих дээд байгууллагад нэр дэвшигч шоронгоос өрсөлдөх болж байна. Энэ нь зөвхөн түүний эрх чөлөөг боймлоод зогсохгүй Хан-Уул дүүргийн 120 гаруй мянга иргэний сонгох эрхэд халдаж байгаа үйлдэл болж байна. Эрх мэдэлтний үгийг хууль мэт ойлгож, түүнийг хэрэгжүүлдэг гажуудал монголын нийгэмд тогтсон байна. Ардчилсан улс оронд ийм зүйл байдаггүй, байх ч ёсгүй. Шүүх засаглал нь бие даасан хараат бус, ёс зүйтэй байх ёстой. Монгол Улсад үгээр нь яваагүй намын гишүүнээ, үнэн төрхийг нь шударгаар илчилсэн иргэнээ, төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн хүнээ барьдаг хорьдог, ял өгдөг жишиг нэгэнт тогтжээ. Хэлмэгдүүлэлт ямар их гай зовлон авчирдгийг монголын ард түмэн мэднэ. Энэ хэлмэгдүүлэлт 20-р зуунтай дуусгавар болсон гэж бодож байсан. Гэтэл шинэ цагийн хэлмэгдүүлэлт эхэлж байгаа юм байна. Нэр дэвшигчийн үнэмлэхийг гардан авсан учраас Рэнцэнхорол шүүгч шийдвэрээ эргэн харна гэж бодож байна.

    Улс төрийн зорилгоор хүүг минь баривчилсан. Түүнийг суллахгүй бол би эцэг хүний хувиар хүүгийнхээ сонгуулийн сурталчилгааны ажилд би идэвхитэй оролцоно. Эцэг хүний хувьд би хүүгээ буруугүй гэж бодож байна. Хэдийгээр хүү минь шоронд байгаа ч түүнийг дэмжиж байгаа хүмүүст талархаж байна. Нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг олгох тогтоол авсан хүнийг цагдан хорьсон явдал нь түүхэнд байгаагүй. Миний хүүд холбогдуулан шалгаж байгаа хэрэг нь улс төрийн зорилготой зохиомол хэрэг. Би өөрөө нягталж сайн үзсэн” гэв.

    Н.Номтойбаярын нэр дэвшигчийн үнэмлэхийг авсан даруйд түүний өмгөөлөгч Чингэлтэй дүүргийн шүүхэд түүнийг даалтад гаргах асуудлаар өргөдөл хүлээлгэн өгчээ.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ