• Анализ:Орон нутгийн 52 мандатаас МАН 35-40 орчимд нь ялах магадлалтай

    УИХ- ын ээлжит сонгуулийн сурталчилгаа эхэлж байна. Энэ удаагийн сонгуульд нийт 605 хүн нэр дэвшээд байна. МАН, АН, “Та бидний эвсэл”, “Шинэ эвсэл”, “Зөв хүн электорат эвсэл”, “Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл” Зон олны намууд тус бүр 29 тойргийн 30-76 мандатад нэр дэвшигчдээ сойгоод байна. Бусад намууд болон бие даагчид нэр дэвшиж байна. Эдгээр 29 тойрог буюу 76 мандатад хэн өнгөлөх талаархи прогнозыг та бүхэнтэйгээ хуваалцая.

    1-р тойрог-Архангай аймаг

    Энэ тойрогт 22 нэр дэвшигч 3 мандатын төлөө өрсөлдөнө. МАН гурван залуу УИХ-ын гишүүдээ, АН “Фортуна” хэмээх Н.Батбаярыг хоёр шинэ залуу нэр дэвшигчийн хамт илгээсэн. “Та бидний эвсэл”-ээс Н.Удвал, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ нар нэр дэвшээд буй. Мөн дөрвөн бие даагч байгаа. Эдний дундаас УИХ-ын сонгуульд ялалт байгуулах боломж МАН-ын Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн нарт байгаа. Гэхдээ концессын асуудлаар Ж.Мөнхбат, ЖДҮ-гийн асуудлаар Г.Тэмүүлэн нарт асуудал үүсэх магадлалтай. Тэгвэл АН-аас П.Мөнхтулга шинэ залуу бас Архангайд давгүй ажилласан гээд гүйчих боломж бий. Харин “Та бидний эвсэл” Н.Удвалд нэлээд найдлага тавьж байгаа ч сонгогдохгүй л болов уу. Тэгэхээр МАН+2, АН+1 гэсэн байдлаар сонгогдож болох юм.

    2-р тойрог- Баян-Өлгий аймаг

    Баян-Өлгийд 19 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас МАН-аас нэр дэвшсэн болон АН-аас нэр дэвшигчдийн дунд гол өрсөлдөөн өрнөх болно. МАН-аас нэр дэвшсэн Х.Баделхан УИХ-д дахин сонгогдох магадлал өндөр. Харин Ж.Саулегийн хэлснээр Х.Баделхан өөрийн хамаатан саднаа дагуулж нэр дэвшсэн бол Т.Аубакир, А.Гылымхан нар сонгогдоход хэцүүхэн болно. Харин АН-ын Д.Мурат гишүүн, Б.Бэйсэн, О.Гажайв гуравт боломж гарч ирнэ. Гэхдээ Д.Муратыг эмэгтэй хүнд ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээх хэл ам дагасаар яваа. Тус тойргоос бас л МАН+2, АН+1 сонгогдох боломж байна.

    3-р тойрог-Баянхонгор аймаг

    Баянхонгорт бас 22 нэр дэвшигч өрсөлдөх нь. Энд бас л МАН, АН-ын хооронд гол өрсөлдөөн явагдана. МАН-аас нэр дэвшиж буй УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Элдэв-Очир, ГХ-ны дэд сайд Б.Батцэцэг, АН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд П.Нүрзэд, А.Адьяасүрэн нарын хооронд гэсэн үг. Мөн АН-аас түдгэлзэн бие даан нэр дэвшсэн Д.Мөнх-Эрдэнэ тэдний саналаас хуваалцах боломжтой. Тус аймагт “Женко” болон “MCS” бүлэглэлийн шол тулаан болох нь тодорхой юм. Тэр дундаас МАН-аас хоёр эсвэл гурвуул ялна. АН-аас нэг тодорч магадгүй л сонгууль болох байх.

    4-р тойрог-Булган аймаг

    Булган аймагт хоёр мандатын төлөө 16 нэр дэвшигч өрсөлдөж байна. Энд мөн л МАН, АН-ын хооронд гол өрсөлдөөн болох нь тодорхой болоод байгаа.МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нартай АН-аас нэр дэвшигч Д.Өсөхбаяр, С.Гал-Эрдэнэ нар тийм ч хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадахгүй байх. Мөн “Зөв хүн, электорат” эвслээс нэр дэвшигч хуульч Б.Гүнбилэгийг сошиалд хүчтэй өрсөлдөгч гэж үзэж байгаа ч тэгтлээ хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй гэлцэж байна. Булганд уламжлал ёсоор МАН-аас нэр дэвшигчид өнгөлөх байх.

    5-р тойрог-Говь-Алтай аймаг

    Говь-Алтай аймагт 14 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас мөн л МАН, АН-аас нэр дэвшигчдийн дунд гол өрсөлдөөн гарна. МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, сайд Б.Энх-Амгалан нар, АН-аас нэр дэвшигч О.Амгаланбаатар, О.Батханд нар өрсөлдөнө. Говь-Алтайг улаан тойрог гэдэг. Тэгэхээр энэ удаа ч бас ялалт МАН-д ирэх боломжтой. АН-аас нэр дэвшигч О.Амгаланбаатар нь МАН-аас нэр дэвшигчдээс илүү юу гэхээс дутахгүй хэл ам дагуулсан нөхөр. Харин О.Батхандын хувьд Булганд нэр дэвших гэж байгаад Говь-Алтайд шахалтаар очсон танигдаагүй нэр дэвшигч.

    6-р тойрог- Дундговь, Говьсүмбэр аймаг

    Дундговь, Говьсүмбэр аймагт 14 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд МАН-аас УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан С.Батболд, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг нар АН-аас Л.Одсэр, УИХ-ын гишүүн Б.Наранхүү нар өрсөлдөж буй. Мөн ШИНЭ намаас нэр дэвшиж буй О.Ганбат, бие даагч Н.Соёмбо нар бий. Энэ тойргоос С.Батболд УИХ-д сонгогдох нь тодорхой гэлцэж байгаа бол үлдсэн нэг мандатад Б.Наранхүү, Г.Мөнхцэцэг нар ширүүхэн өрсөлдөх байх. Тиймээс МАН, АН нэг нэг суудал авах байх гэж үзэж байна.

    7-р тойрог-Дорнод аймаг 

    Дорнод аймагт  17 нэр дэвшигч хоёр мандатын төлөө өрсөлдөж байна. Эндээс МАН-аас нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, генерал Ц.Сэргэлэн нарыг өнгөлөх байх гэсэн урьдчилсан прогноз гараад байна.Х.Болорчулууныг ЖДҮ-чин гэдэг ч тэрбээр Дорнодод аль хэдийн төлөөлөл нь болоод танигдчихсан нэгэн. АН-аас тус аймагт нэр дэвшиж буй П.Батчимэг, Ж.Энхболд нарыг дэмжинэ гэсэн итгэл бага байна.

    8-р тойрог-Дорноговь аймаг 

    Дорноговь аймагт мөн л хоёр мандатын төлөө 13 нэр дэвшигч өрсөлдөх нь. Эдэн дундаас МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан аймгийн засаг дарга Т.Энхтүвшин нарыг өнгөлнө гэдэгт олон хүн итгэж байна. Харин АН-аас нэр дэвшигч Д.Алтангэрэлийг тэдэнтэй нэлээд ширүүн өрсөлдөнө гэлцэж байна. Харин Ц.Жадамба гэдэг залууг сайн танигдаад сонгууль дуусгана гэлцэж байна. 

    9-р тойрог-Завхан аймаг 

    Завхан аймагт нийт 16 нэр дэвшигч хоёр мандатын төлөө өрсөлдөнө. АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн З.Нарантуяа, аймгийн засаг дарга Д.Батсайхан болон МАН-аас нэр дэвшигч улсын гарьд Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан нарын хооронд гол өрсөлдөөн гарна. Тэднээс АН, МАН нэг нэг суудал авна хэмээн таамаглагсад олон байна. 

    10-р тойрог-Өвөрхангай аймаг

    Өвөрхангай аймагт 19 нэр дэвшигч гурван мандатын төлөө өрсөлдөж байна. МАН-аас УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, НХХ-ийн сайд С.Чинзориг, аймгийн засаг дарга Г.Ганболд нар, АН-аас О.Алтангэрэл, Ч.Даваабаяр, Б.Ганхөлөг нар нэр дэвшиж буй. Тус аймагт МАН хоёр, АН нэг суудал авах магадлалтай.

    11-р тойрог-Өмнөговь аймаг 

    Өмнөговь аймагт 15 нэр дэвшигч хоёр мандатын төлөө өрсөлдөж байна. МАН-аас сэтгүүлч Х.Мандахбаяр, аймгийн засаг дарга Н.Наранбаатар нар, АН-аас УИХ-ын гишүүн асан “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ, аймгийн засаг дарга асан Б.Бадраа нар нэр дэвшсэн. Тэдний хооронд гол өрсөлдөөн болно. 

    12-р тойрог-Сүхбаатар аймаг 

    Сүхбаатар аймагт  хоёр мандатын төлөө 11 нэр дэвшигч өрсөлдөж байна. Тэдний дунд гурван яруу найрагч байгаа нь сонирхолтой. “Та бидний эвслээс нэр дэвшсэн Ч.Үл-Олдох, Н.Лутбаяр, “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшсэн А.Төмөр-Очир нар яруу найрагч, сэтгүүлчид юм. Харин сонгуулийн гол өрсөлдөөн МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн асан Т.Ганди, аймгийн засаг дарга асан З.Энхтөр, АН-аас нэр дэвшсэн аймгийн засаг дарга асан Ж.Батсуурь, Н.Ганибал нарын хооронд болж, МАН, АН нэг нэг суудал авна гэлцэж байна.

    13-р тойрог-Сэлэнгэ аймаг

    Сэлэнгэ аймагт гурван мандатад 24 нэр дэвшигч өрсөлдөж байна. МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Н.Өнөрболор, Ч.Ундрам, АН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, гишүүн асан С.Баярцогт, Д.Үүрийнтуяа нарын дунд болно. Эндээс МАН+1, АН+2 суудал авах боломжтой харагдаж байна.

    14-р тойрог-Төв аймаг

    Төв аймагт 22 нэр дэвшигч гурван мандатын төлөө өрсөлдөж байна. Тус аймагт МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Энхболд, аймгийн засаг дарга Ж.Батжаргал, Д.Гантөгс нартай АН-аас нэр дэвшсэн намынхаа дэд дарга Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүжин, Д.Эрдэнэсувд нар өрсөлдөнө. Мөн АН-аас нэр дэвшигчдийн саналыг хуваалцах бие даагч Д.Доржпүрэв нэр дэвшсэн. Түүний хувьд өмнө нь дандаа АН-аас нэр дэвшдэг байсан нэгэн. Энэ удаа Төв аймагт МАН+2, АН+1 суудал авч тус аймагт цэнхэртэх эхлэл тавигдах болов уу. 

    15-р тойрог-Увс аймаг

    Увс аймагт 25 нэр дэвшигч гурван мандатын төлөө хүч үзнэ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн сайд Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат гурав МАН-аас дахин нэр дэвшээд буй. Харин АН-аас УИХ-ын гишүүн С.Жавхлан, О.Цогтгэрэл, аймгийн засаг дарга асан Д.Цэндсүрэн нар нэр дэвшсэн. Тэдний хооронд өрсөлдөөн болж МАН гурван суудлаа хадгалж үлдэх магадлал тун өндөр.

    16-р тойрог-Ховд аймаг

    Ховд аймагт гурван мандатын төлөө 18 нэр дэвшигч өрсөлдөнө. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Батнасан, Ц.Цогзолмаа нар МАН-аас, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Пунцаг, Ш.Адьшаа нар нэр дэвшсэн. Тэдний дунд гол өрсөлдөөн болж МАН гурав эсвэл хоёр суудал, АН нэг суудал авна гэсэн прогноз гараад байна.

    17-р тойрог-Хөвсгөл аймаг

    Хөвсгөл аймагт 21 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Гурван мандатын төлөө МАН-аас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, сайд Ц.Даваасүрэн нар, АН-аас Б.Баярмаа, Ч.Батцогт, Д.Ганболд нарын хооронд өрсөлдөөн ширүүн өрнөх байх. МАН тус тойротг гурван суудлаа бүгдийг авна гэх хүн цөөнгүй байна.

    18-р тойрог-Хэнтий аймаг 

    Хэнтий аймагт 17 нэр дэвшигч өрсөлдөж байгаа ба МАН-аас намын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар нэр дэвшсэн. Тэдэнэтэй АН-аас хотын дарга асан Э.Бат-Үүл, аймгийн засаг дарга асан Ж.Оюунбаатар, Т.Пүрэвхатан нар өрсөлдөнө. МАН-ын нэр дэвшигчид бараг гурав нойлдчих байх.

    19-р тойрог-Дархан-Уул аймаг

    Дархан-Уул аймагт 26 нэр дэвшигч гурван мандатын төлөө өрсөлдөж байна. УИХ-ын гишүүн Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Г.Дамдинням нар МАН-аас, Н.Мөнхдаш, Б.Бямбасайхан, Д.Энхтуяа нар АН-аас нэр дэвшээд байна. Мөн бие даагч Т.Ганболд нарын хооронд гол өрсөлдөөн болно хэмээн яригдаж байгаа юм. Эндээс МАН+2, Т.Ганболдыг сонгогдоно гэсэн яриа хүчтэй байна.

    20-р тойрог-Орхон аймаг

    Орхон аймаг буюу Эрдэнэтэд орон нутгийн тойргуудаас хамгийн олон 27 нэр дэвшигч өрсөлдөхөөр болоод байна. МАН-аас Эрдэнэтэд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, аймгийн засаг дарга Д.Батлут, МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, АН-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүү, хуульч Д.Оросоо, Ц.Батхуяг нар нэр дэвшсэн. “Та бидний эвсэл”-ээс С.Ганбаатар, бие даагчаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар нэр дэвшээд буй. Эдний хооронд гол өрсөлдөөн өрнөж МАН+2, С.Ганбаатар эсвэл Н.Алтанхуяг сонгогдоно..

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ