• С.Эрдэнэ: Хариуцлагатай, алсыг харсан, эв нэгдэлтэй байж чадна гэдэгтээ итгэж байна

    УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор нээгдлээ. Намуудын нэр дэвшигчид үнэмлэхээ гардан, сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор нээсээр байна. АН-ын сонгуулийн сурталчилгааны нээлт болж, нэр дэвшигчиддээ үнэмлэхийг  нь гардуулав. Тэд ард түмний өмнө амлалт өгч, андгай тангарагт гарын үсэг зурлаа. 

    Сонгуулийн сурталчилгааг албан ёсоор нээж АН-ын дарга С.Эрдэнэ үг хэлэв. С.Эрдэнэ “Эрхэм хүндэт журмын нөхөд, монгол ахан дүүс ээ. Өнөөдөр та бүхэн 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хариуцлагатай үүргээ баталгаажууллаа.  Үзэл бодол, үйл хэрэгтээ үнэнч, үзэл баримтлалаараа бахархдаг АН-ын мянга мянган дэмжигчдийн итгэлийг авч, элчээр томилогдож байгаа та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье. Бид, Монголын иргэд, сонгогчид та бүхэнд итгэж байгаа. Ардчиллын мянга мянган мөнхийн торгон цэргүүд, гишүүд та бүхэнд итгэж байгаа гэдгийг би энд зориуд цохож хэлмээр байна.

    Эдийн засгаа өсгөж, баялгийн сангаа хүртээмжтэй хуваарилсан, хуулиар засагласан, амгалан аюулгүй Монголд өрх бүрт нь өсөлт бий болж, хүн бүрт боломж олгосон эрх чөлөөт нийгмийг цогцлоож чадна гэдэгтээ итгэж байна аа.  Хариуцлагатай, алсыг харсан, эв нэгдэлтэй байж чадна гэдэгтээ итгэж байгаа.  Ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт иргэд ээ, та бид түүхэн хариуцлагатай цаг үеийн босгон дээр хамтдаа зогсож байна. Монгол Улс өөдлөн дэвжих, урагшлан хөгжих учиртай. Бид та бүхэндээ ч гэсэн итгэж байгаа. Ард түмнээ ядууруулж, өр нэмж, “хар жагсаалт”-д оруулж, иргэдийнхээ боломжийг хулгайлж, гэмт хэрэгт холбогдож, ёс зүйгээ уландаа гишгэж байгаа өнөөгийн эрх баригчидтай  хариуцлага тооцож чадна гэдэгт бид мөн итгэж байна аа.

    Эрх чөлөө, тэгш боломжийн баталгаа болсон ардчиллаа хамгаалж, бат зогсоно гэдэгт та бүхэндээ мөн итгэж байна. Ялалт амжилтын төлөө хамтдаа урагшлахыг уриалж байна аа. Бид чадна, биднийг монголчууд дэмжинэ гэдэгт гүнээ итгэж байна” гэв.

    Дараа нь УИХ-ын 29 тойргийн 76 мандатын төлөө нэр дэвшиж буй дэвшигчиддээ үнэмлэхийг нь гардуулж, амжилт хүссэн юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ