• Л.Наранбаатар: Сонгуулийн Ерөнхий хороо МАНАН-гийн, эрх мэдэлтнүүдийн гар, хөл болж байна

    Эдийн засагч Л.Наранбаатарыг СЕХ-ноос нэр дэвших эрхийг нь хассан хэмээн мэдээлсэн. Тээрбээр энэ тухай асуудлыг тайлбарлалаа. 

    Л.Наранбаатар “СЕХ намайг хоёр газраас нэр дэвшсэн байна гэдэг үндэслэлээр хаслаа. Энгийнээр тайлбарлахад, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг, АН-ын дарга С.Эрдэнийг “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшүүлж байна гээд жагсаалтад оруулаад явуулчихвал хоёр газраас дэвшсэн гээд хасах нь байна. Гэтэл Сонгуулийн тухай хуульд нэр дэвшээд, батлахаа авсан хүнийг нэр дэвшигч гэнэ гээд заачихсан. Хоёрдугаарт, “Зөв хүн электорат” эвслээс надад санал тавьж байсан.  Эвслийн нэг бүрэлдэхүүн болох Монголын социал демократ намтай ярилцаж байсан нь үнэн.  Санал солилцож байсан, эцэслэсэн зүйл байхгүй. 

    “Зөв хүн электорат” эвслээс Дархан-Уул аймагт нэр дэвшээч гэдэг санал тавьсан. Би хүлээж авах боломжгүй гэсэн. Саналаас татгалзаж байна гэдэг албан бичгээ бичээд, фэйсбүүктээ постолсон. Хэрвээ би тэр эвслээс дэвшсэн бол “Намайг сонгуулийн 19 дүгээр тойрогт нэр дэвшүүлж өгөөч” гэсэн өргөдлөө бичиж, анкет бөглөх ёстой. Нөгөө бүрдүүлдэг 7, 8 бичиг баримтыг нь бүрдүүлж өгөх үүрэгтэй. Гэтэл ийм бичиг баримтын бүрдвэр байхгүй байхад “Зөв хүн электорат”-аас листэндээ  Л.Наранбаатар  19 дүгээр тойрог гээд бичээд явуулчихаж байгаа юм. Энэ өөрөө хууль зөрчсөн үйл ажиллагаа.

    Би албан ёсоор “Сахигтун Үндсэн хуулийн эвсэл”-ээс 22 дугаар тойрогт нэр дэвшсэн. Яагаад тэнд дэвшсэн гэхээр, би Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд амьдардаг. Баянзүрх бол миний дүүрэг. “Зөв хүн электорат” эвслээс СЕХ-нд Л.Наранбаатар манай эвслээс нэр дэвшихээс татгалзсан гэдэг бичгээ хийгээд өгчихсөн. Би тавьсан саналаас нь татгалзсан гэдэг өргөдлөө ч өгсөн. Гэтэл намайг нэр дэвшүүлсэнгүй.

    СЕХ МАНАН-гийн, эрх мэдэлтнүүдийн гар, хөл болж ажиллаж байна. Намайг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн төлөө сүүлийн 5, 6 жил хууль хүчний байгууллагаар хэчнээн махалж, зовоов. Хэчнээн хэрэг үүсгэж шалгав. Өнөөдөр ардчилсан Монгол Улсад Үндсэн хуульд заасан эрхээ залуучууд эдэлж чадахгүй байна. Монголыг хорлоод байгаа энэ хэдэн хөгшин пенгвинүүдтэй залуу сэхээтнүүд гарч ирээд, шударгаар өрсөлдөх гэхээр эрх мэдлээ ашиглаж, сонгох, сонгогдох эрхэд бүдүүлгээр халдаж байна. Энэ бол төрийг хууль бусаар авах гэсэн оролдлогын нэг.

    Тиймээс би СЕХ-г захиргааны хэргийн шүүхэд өгч байна. Би эцсийн шийдвэрийг ямар нэг байдлаар гаргууллаа гэхэд сонгуульд өрсөлдөх хоног, хугацаа дуусчих байх.  Гэхдээ би үнэний төлөө явна. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд маш олон дэмжигч намайг дэмжиж байсан.  Гэтэл СЕХ ард иргэдийн сонгох, сонгогдох эрхэд хууль бусаар халдлаа. Үүнийх нь төлөө би СЕХ-г Захиргааны хэргийн шүүхэд өгч байгаагаа мэдэгдэж байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ