• УИХ-ын сонгуульд 639 нэр дэвшигч өрсөлдөнө

    2020-06-02

    2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өнөөдөр албан ёсоор эхэллээ.

    Энэ удаагийн сонгууль 29 тойрог, 76 мандаттай буюу нийслэлийг ес, аймгийг 20 тойрог болгон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. 2020 оны УИХ-ын сонгуульд 14 нам, эвсэл  121 бие даагч гээд нийт 639 нэр дэвшигч өрсөлдөж байна.

    Харин бие даан 121 хүн өрсөлдөж байгаа нь хамгийн их бие даагчтай сонгууль болж буй аж.

    Мөн энэ онд эмэгтэй нэр дэвшигчид хамгийн олон өрсөлдөж буйгаараа онцлогтой.

    Нийт нэр дэвшигчдийн 378 нь орон нутагт, 261 нь нийслэлийн тойргуудад өрсөлдөж байгаа юм. Мөн одоогийн УИХ-ын гишүүдээс 52 нь сонгуульд нэр дэвшээд байна.

    Улс төрийн хоёр том нам болох МАН болон АН 29 тойрогт 76 нэр дэвшигчээ дэвшүүлээд байна.

    Мөн “Та бидний эвсэл”, “Шинэ эвсэл”-ээс мөн 76 хүнийг нэр дэвшүүлжээ.

    Түүнчлэн, “Зөв хүн электорат эвсэл”-ээс 59, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-аас 13 тойрогт 16 нэр дэвшигч, “Эх орончдын нэгдсэн нам”-аас нэг, “Дэлхийн монголчууд нам”-аас нэг, “Хөгжлийн хөтөлбөр нам”-аас долоо, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл 70, “Зон олны нам”-аас 30, “Ард түмний олонхийн засаглал нам 25, “Гэр хороолол хөгжлийн нам”-аас таван  нэр дэвшигч гэх зэргээр нэр дэвшжээ.

    Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрогт мөн Баянгол дүүргийн 26 дугаар тойрог, Сүхбаатар дүүрэгт  хамгийн олон буюу тус бүр 35 нэр дэвшигч өрсөлдөж байна.

    Сүхбаатар аймгийн 12 дугаар тойрогт хамгийн бага буюу 11 нэр дэвшигч хоёр мантадын төлөө өрсөлдөж байгаа юм.

    Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсан өдрөөс буюу зургадугаар сарын 2-ноос сонгуулийн сурталчилгааг эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 24-ний өдөр улс орон даяар явагдана.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ