• АНУ-ын Ерөнхийлөгч Трамп, “Твиттер” компаний тэмцэл хурцадлаа

    Өнөөдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын твиттер хуудсандаа бичсэн мэдэгдлийг Твиттер платформ “хүчирхийллийг алдаршуулсан” агуулгатай гэж дүгнээд харагдахгүй болголоо.

    Ингэхдээ Трампын мэдэгдлийг устгаагүй бөгөөд оронд нь Твиттер компаниас гаргасан анхааруулгаар сольж, хүссэн хүн товчин дээр дараад унших боломжтойгоор нууцалжээ.

    Өнөөдөр нууцалсан мэдэгдэлд Трамп эмх замбараагүй байдал үүсээд байгаа Миннеаполис хот руу үндэсний гвардийн цэргийг илгээх тухай бичжээ.

    Твиттер компани нийтлэлийн бодлогыг нь зөрчсөн агуулгыг 2019 оны дундаас эхлэн ингэж харагдуулахгүй болгодог болсон билээ. Тэд АНУ-ын ерөнхийлөгчийн эсрэг анх удаа уг арга хэмжээг хэрэглэсэн нь энэ.

    Ердөө хэдхэн цагийн өмнө Дональд Трамп сошиал медиа компаниудын агуулгад тавих хяналтыг чангатгах захирамж гаргасан юм. Гэхдээ АНУ-ын “Харилцаа холбооны тухай хууль”-д зааснаар, нийгмийн мэдээллийн хэрэгсэл хэрэглэгчдийн нийтэлсэн агуулгын улмаас шүүхэд очихгүй гэсэн тогтоолтой ажээ.

    Өнгөрсөн мягмар гараг буюу энэ сарын 26-нд Твиттер платформ Дональд Трампын бичсэн бас нэг мэдэгдэлд “худал мэдээлэл” гэсэн хаяг зүүж, үнэн зөв мэдээллийг өөр найдвартай эх сурвалжаас нягталж шалгахыг уншигчдад зөвлөж байсан.

    Д.Трамп “Калифорни муж улс энэ оны 11-р сарын сонгуульд сонгуулийн саналыг шуудангаар илгээх арга хэмжээ авах гэж буйг шүүмжилж, сонгуулийн саналыг шуудангаар илгээх нь сонгуулийн луйвар үүсгэнэ” гэсэн байна. Харин Твиттер Д.Трампын бичсэн твиттерийн нийтлэлийн доор талд “бодит үнэнийг хянан тодорхойлох шаардлагатай байна” хэмээсэн тодорхойлолт бичсэн бөгөөд сайтын хаягийг дагуулжээ.

    Үүнд бухимдсан Трамп тус компанийг хаалгана гэж сүрдүүлжээ.

    Ийнхүү сошиал медиа компани болон Трампын хооронд үүссэн зөрчил улам гүнзгийрч байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ