Ирэх сард тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх иргэд сонгуульд санал өгөх боломжгүй

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж, 2020 оны зургаадугаар сард тусгай үүргийн найман нислэг үйлдэн 2,000 орчим иргэнээ эх оронд нь авчрахаар төлөвлөж байгаагаа танилцууллаа. 

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийг сонгуульд оролцуулах эсэх асуудлаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Зургаадугаар сарын 24-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болно. Энэ үеэр гадаадаас иргэдээ авчрах ажлыг зогсооно гэдэг ташаа мэдээлэл яваад байгаа. Ийм зүйл болохгүй гэдгийг хэлье.

Сонгуулийн ерөнхий хороотой урьдчилан тохиролцоод тусгаарлалтын байранд байх хугацаанд санал өгөх боломжгүйг харгалзан үзээд Цар тахлын эсрэг нэг удаагийн хуульд заасан үндэслэлээр зохицуулна. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сард, сонгуулийн өмнө ирж тусгаарлагдаж байгаа иргэд сонгуулийн санал өгөх боломжгүй.

Сонгуулийн насны 1,000 иргэн татаж авах багцаа байгаа. Ингэхдээ өмнөх жишгээр УОК-ын Шуурхай штаб, Элчин сайдын яамдаас ирүүлсэн мэдээлэл болон УОК-ын таван үндсэн шаардлагад нийцүүлэн бусад хүндэтгэн үзэн шалтгааныг харгалзан иргэдээ татаж авна” гэсэн юм.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “Сонгуулийн үеэр нэр дэвшигчид хэрхэн ямар журам баримталж ажиллах талаар Засгийн газрын 188 дугаар тогтоолд тодорхой заасан байгаа. Уг журмын 5.2-т нам, эвсэл, нэр дэвшигчийн үүрэг гэсэн заалтууд бий. Үүнд:

Цар тахлын тухай хууль болон дэглэмийг чанд сахиж ажиллана. Заал, танхимд цуглаж байгаа иргэдийн 1.5 метрийн зайг чанд бариулна. Аливаа уулзалт, арга хэмжээний хугацааг хоёр цагаас хэтрүүлэхгүй байна. Заал танхимд бол 30 минут тутамд агаарын сэлгэлт хийнэ гэхчлэн нарийвчлан заасан.

Хөдөө сумдад тухайн орон нутгийн Онцгой комисс нь наадмын талбайг хариуцан, ухаалга сурталчилгаа хийх боломжоор хангах талаар чиглэл өгөгдсөн” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ