• Ж.Амгалан:Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдээс 28 нь гадуур сэлгүүцэж,бааранд орсон байна

    2020-05-29

    Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс  зөрчил гаргаж байгаа талаар мэдээлэв.

    Тэрээр, 4800 гаруй албан хаагч цар тахлын үед нийгмийн хэв журмыг сахиулах, олон нийтийн аюулгүй ханган ажиллаж  байна.

    Тиймээс иргэд,  гадаад улсаас ирж буй иргэд ажиглах байранд 21 хоног тусгаарлагдсаны дараа  14 хоног гэрийн буюу өрхийн тусгаарлалтад байх учиртай. Гэтэл дэглэмээ мөрдөхгүй байх тохиолдол гарч байна.  Тухайлбал, сүүлийн хоёр хоногт 28 иргэн урт болон богино хугацаагаар гэрийн тусгаарлалтаас гарч явж, хүмүүстэй уулзаж, бааранд орсон тохиолдол гарсан.

    Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс тодорхой хэмжээний эрсдэлд байгаагаа өөрсдөө ухаарах хэрэгтэй.

    Тусгаарлах байранд байхдаа хаягаа өгсөн ч тусгаарлалтаас гараад хаягаа сольж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 804, орон нутагт 95 иргэн өрхийн тусгаарлалтад байна.

    Давхардсан тоогоор өрхийн тусгаарлалтад байх хугацаандаа 524 иргэн ямар нэг байдлаар хаягаа шилжүүлж, хөдөлгөсөн байна.  Тиймээс гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хаягийн шилжүүлэлт хийхгүй байх зохицуулалт хийхээр ярилцаж байна.

    Мөн цар тахлын аюулаас амны хаалт хамгаалж байгааг дэлхий даяараа хүлээн зөвшөөрсөн. Амны хаалтаа таны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой чухал гэдгийг дахин санана уу.

    Амны хаалтаа дахин зүүцгээж байхгүй бол нэг том эрсдэл болох магадлалтай байна” гэв

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ