• Б.Мөнх-Учрал:Энэ хүнд нөхцөлд, давхар эрсдэл дагуулан Монгол Улсын иргэдээ эх орондоо авчирсанд гүн талархал илэрхийлье

    2020-05-29

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр энэ сарын 19-ний өдөр БНЭУ-руу захиалгат нислэг үйлдсэн. Тус нислэгээр Энэтхэг улсад эмчилгээ, хагалгаа, сургалт зэрэг шалтгаанаар түр хугацаанд зорчиж байгаад хоёр сарын хугацаанд хатуу хөл хорионд ороод байсан 158 иргэнийг татан авсан.

    Энэтхэг улсаас ирсэн иргэд талархал илэрхийллээ

    Өнөөдөр БНЭУ-аас захиалгат нислэгээр ирж, тусгаарлах байранд ажиглалтад байгаа 158 иргэний зүгээс талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож Улсын онцгой комисст 120 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас хандивласныг ар гэрийн төлөөлөл нь Шадар сайд Ө.Энхтүвшинд хүлээлгэн өглөө.
    Уулзалтын үеэр ар гэрийн төлөөлөл:

    ”50 хэмийн халуунд, өвчтэй, хагалгаанд орсон, сургууль байраасаа гарч хүнд нөхцөлд байсан иргэдээ татан авсан нь үнэхээрийн цаг үеэ олсон чухал шийдвэр байсан.

    Монголчууд тэр бүр хэлэхгүй байгаа ч Монгол Улсын засгийн газар, Улсын Онцгой комисст иргэнийхээ төлөө хийж байгаа үйлсэд маш их баярлаж байгаа.

    Энэ хүнд эрсдэлтэй нөхцөлд, давхар эрсдэл дагуулан Монгол Улсын иргэдээ эх орондоо авчирсанд гүн талархал илэрхийлье” гэв.

    БНЭУ-аас хоёр улс дамжин хагалгаанд орсон 62 настай ахмад иржээ

    Ар гэрийн төлөөлөл болон ирсэн Б.Мөнх-Учрал Шадар сайдад дахин дахин талархал илэрхийлж байв.

    Түүний ээж 62 настай, ховор тохиолдлын хорт хавдрын улмаас Монгол, БНСУ-д хагалгаанд орж байсан. Дахин Энэтхэг улсад хагалгаанд орж эх орондоо ирэх боломжгүйд хүрээд байжээ. Хэдийгээр хагалгааны үр дүн гарах болоогүй ч эх орондоо ирсэндээ туйлын их баяртай буйгаа уламжилсан юм.

    Дараагийн ээлжинд Энэтхэгээс бага насны лам хүүхдүүдийг татан авна

    Улсын Онцгой комиссын дарга БНЭУ-руу үйлдэх хоёр дахь удаагийн нислэгийг Гоман, Сэра дацан хийдэд шавилан суралцаж байгаа бага насны лам хүүхдүүдийг оршин суугаа газартай нь хамгийн ойр газраас шууд нислэгээр татан авах ажиллагааг ойрын хугацаанд зохион байгуулахаар холбогдох байгууллагуудын зүгээс зохих бэлтгэлийг ханган ажиллаж байна.
    Лам-оюутнуудын суралцдаг муж нь Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотоос 2500 орчим километрийн зайтай оршдог тул хүүхдүүдийг удаан хугацаагаар холын замд олноор тээвэрлэхгүй байх, халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс ойролцоох газраас нь шууд нислэгээр татан авахаар ийнхүү төлөвлөөд байгаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ