• Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 161 боллоо

    Эрүүл мэндийн яамнаас ээлжит цаг үеийн мэдээлэл хийж байна. Энэ үеэр манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг мэдээллээ.

    Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1635 иргэн ажиглалтад байна. Шинээр 383 хүн тусгаарлагдсан бол гурван хүн ажиглалтаас гарсан байна. Мөн орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4343 иргэнд тандалт судалгаа хийжээ. Зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

    ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Иргэдийн зүгээс зах, худалдааны төвийн худалдагчид амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол мэдээлэл ирж байна. Энэ бүлгийн хүмүүс бусад хүмүүст халдвар тараах, халдвар авах эрсдэлтэй. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас зах, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийнэ” гэв.

    ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Тавдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 517 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 504 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг оюутны давтан шинжилгээнээс, мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн 340 хүний 12-оос коронавирус илэрлээ. Тэдний 10 нь оюутан байна. Ихэвчлэн 17-20 насны, нэгдүгээр дамжааны оюутнууд халдвар авч байна. Өнөө өглөө 07:40 цагт Алтанбулагийн боомтоор ирсэн 230 зорчигчийг галт тэргээр Улаанбаатарт авчирлаа. Үүнээс 21 хүнийг сэжигтэй гэж үзэн, ХӨСҮТ-д тусгаарлаад байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ