• ФОТО:Чингис хааны музейн барилга барих явц

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх Чингис хааны музейн барилгын ажлын явцтай танилцлаа. Одоогоор барилгын ажил 15-20 хувьтай байгаа аж. Барилга угсралтын ажлыг 100 хувь монгол ажилчид хийж, гүйцэтгэж буй ажээ. Өдөр, шөнийн хоёр ээлжээр нийтдээ 170 гаруй хүн ажиллаж байгаа аж. Энэ оны арванхоёрдугаар сард барилгыг дуусгаж, Улсын комисст хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байгаа талаараа “Билгүүн Монгол”  компанийн төлөөлөл ярьж байна. 

    Чингис хааны музей 9 давхар байна. 3-8 давхар хүртэлх хэсэгт Монголын эзэнт гүрэнтэй холбоотой түүхийн үзмэрүүд байрлах аж.  8 дугаар давхарт монголчуудын дэлхий дахинд үзүүлсэн нөлөөллийг харуулсан үзмэрүүд байх бол 9 дүгээр давхарт Чингис хааны хүндэтгэлийн өргөө байрлах ажээ.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр сарын хугацаанд барилгын ажил маш сайн явсан байна гэдгийг хэлж, барилгачдыг урамшуулж, амжилт хүслээ. Тэрбээр “Их хааныхаа музейг барих хариуцлагатай, нэр хүндтэй ажлыг хийж байгаад баяр хүргэе. Энэ Монгол Улсын шүтээн музей болно. 37 хааны намтар, түүхийг байрлуулна. Гадаад, дотоодын жуулчид үзнэ. Чингис хаан зөвхөн Монголынх биш дэлхийн хаан байсан. Дэлхий манай улсыг Чингис хаанаар мэднэ. Тэгвэл бид Чингис хааны музейтэй болох гэж байна. Энэ том бүтээн байгуулалтыг хийж байгаа дүү нартаа амжилт хүсье”  гэв.

    Цаашид музейн нэг давхрын бетон цутгалтыг 7-8 хоногт хийж явна гэдгийг барилгын гүйцэтгэгчид хэлж байв. Музейн өмнө машины зогсоолтой байх бөгөөд гадна пасадыг чулуугаар хийнэ. 10 мянган тонн чулуу хэрэгтэй гэдгийг ч хэлж байлаа. Удахгүй 20 гаруй төрлийн чулуу татаж авчирч, Барилга, хот байгуулалтын яаманд аваачиж үзүүлж, сонголтоо хийнэ гэдгийг ч гүйцэтгэгч компанийн инженерүүд хэлж байлаа.

    БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг наадам гэхэд зургаан давхар хүртэл баригдана. Наймдугаар сард карказ нь бүрэн босож, дараа нь дүүргэлтийн ажлыг хийж эхэлнэ” гэсэн юм.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын түүхэнд байгаагүй том музей босно. Монголын 37 хааны түүх энд байрлана. Гадаадынхан Монголыг харж, байгальтай нь танилцах гэж ирдэг. Түүнээс гадна, Чингис хаан гэж ямар хүн байсан бэ гэдгийг үзэх гэж ирдэг. Тэгвэл Чингис хааны музейг барьсанаар жуулчид үзэх газартай болно. Одоо Байгалийн түүхийн музейн барилга эхэлсэн. Цаашлаад Үндэсний урлагийн их театртай болно гэж байгаа. Хэдийгээр төсөв мөнгө сайнгүй байгаа ч гэсэн бид энэ мэт бүтээн байгуулалтад хөрнгө мөнгө зарцуулах ёстой” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ