• У.Хүрэлсүх:Монгол залуусын дэлхийд эхний 10-т эрэмбэлэгддэг IQ-н чадамжийг хөгжүүлж,ашиглах нь туйлын чухал

    2020-05-26

    Ерөнхий сайд технологийн гарааны бизнес эрхлэгчидтэй уулзаж байна.

    Хэдхэн жилийн өмнө газрын тосны баялагтай улс орнууд л дэлхийд тэргүүлдэг байсан бол сүүлийн жилүүдэд дата мэдээлэлтэй,түүнийгээ хэрэглэж чаддаг улс орнууд хүчирхэгт тооцогдох болжээ.

    Засгийн газраас хэрэгжүүлж буй Залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт нийт 2,500 залуучууд хамрагдаж,дээрх чиглэлийн гарааны бизнесээ эхлүүлэхэд 5.2 тэрбум төгрөгийн дэмжлэг аваад байна.

    Технологийн чиглэлийн шинэ санаачилга гаргаж буй 1,500 орчим залуус, 500 орчим комнаниуд нэгдэн Dreamers нэгдлийг бий болгожээ.

    Монголын Програм хангамжийн үйлдвэрлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч А.Баттамир “Аж үйлдвэрийн гуравдугаар хувьсгал 1973 оноос эхэлж байх үед Монголчууд дэлхийтэй хөл зэрэгцэн алхаж байлаа.

    Үүний жишээ нь,1986 онд Монгол залуусын бүтээсэн “Пионеер” гэдэг нэртэй компьютерийг зохион бүтээснээс гадна дөрвөн ч шинжлэх ухааны байгууллагууд компьютер бүтээж байжээ.

    Бид энэ үед дэлхийн технологийн хөгжилтэй эн зэрэгцэн явж байжээ. Харин одоо Монгол улс компьютер програм хангамжийг 100 хувь импортоор авч байна.

    Тэгвэл роботын,хиймэл оюун ухааны,их өгөгдөл,блокчейний тренд бүхий Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд бид дэлхийтэй ахин нэг гараан дээр байна. Програм хангамжийн үйлдвэрлэгчдийн холбоо,Dreamers нэгдлийн гишүүн компаниудын хувьд блокчейн технологид суурилсан хөрөнгийн бирж,ХАА-н биржийн платформуудыг бүтээсэн байна. Энэхүү хөгжил нь бусад хүнс,боловсролын салбарт нэвтрүүлэх хэрэгтэй.

    Төр засгаас бидэнд бодлогын дэмжлэг үзүүлж,тодорхой шийдвэрүүдээ гарган,гарааны бизнес эрхлэгч залуучуудынхаа мөрөөдлийг дэмжихийг хүсч байна” хэмээн ярилаа.

    Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улс ухаалаг, цахим, онлайн Монгол болох ёстой.

    Технологийн боломжийг ашиглаж сурах хэрэгтэй. Энэ бол асар том баялаг болох ёстой.  Энэ чиглэлэд Монгол Улс явж байна.

    Шинэ үеийн ертөнц бий болж байна, тэдний төлөөлөл та бүхэнтэй уулзахад сайхан байна. Цахим шилжилтэд технологийн компаниуд маш чухал.

    Манай залуус IQ-гаараа дэлхийд эхний 10-т багтаж байна . Тиймээс үүнийг ашиглаж, хөгжүүлэх нь туйлын чухал байна.

    Ийм юм өгөөч гэхгүй,харин ч халамжийн юманд дургүй болсон,өөрсдөө хийж бүтээе гэдэг болсон нь маш сайн. Биднийг зөвхөн төр засгаас нь эрх зүйн хүрээнд дэмжээд өгөөч гэж байгаа нь маш сайн байна. Энэ бол хөгжлийн философи.

    Улс орондоо юм хийж бүтээе,ажлын байр бий болгоё,төр засгаасаа гуйлгүй амьдрая гэж байгаа залуучуудад  бүх талаар нь дэмжлэг үзүүлнэ. Хөрөнгө мөнгөний бололцоо дэлхийн бусад орон шиг биш ч боломжийн хэрээр дэмжин ажиллана.

    Би эх орноо хэнээс ч юм гуйдаггүй,эрчим хүч,хоол хүнс,мэдээллийн технологиор хараат бус айл болоосой гэж хүсдэг” хэмээн ярьж,уулзалтад хамт оролцсон Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар болон УИХ-ын гишүүн Н.Учрал нарт Засгийн газартайгаа холбодог гүүр болон ажиллахыг чиглэл болголоо.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ