• Ахмад үеэ гар буугаар буудвал, ирээдүй чамайг үхэр буугаар буудна

    Олон сонгогдсон гишүүдээ “Зайл,нас чинь боллоо” гэж адлах нь ахмад үеэ гар буугаар буудаж байгаатай адил гэсэн хэлц үгийг эрхгүй санагдуулна. “Ахмад үеэ гар буугаар буудвал, ирээдүй чамайг үхэр буугаар буудна” гэсэн үгтэй.

    Энэ үгийг сануулан улиран одож буй УИХ-д суусан болон одоо нэр дэвшиж буй зарим хүмүүсийн хашсан алба, хийсэн бүтээснийг товч сануулах нь зүйтэй гэж үзлээ.

    • Ч.Улаан 6 удаа УИХ-д сууж, 3 удаа Сангийн сайд, Шадар сайд, ХХААХҮ-ийн сайд хийсэн.
    • Д.Тэрбишдагва 4 удаа УИХ-д сонгогдон ХХАА-н сайд, Шадар сайдын алба хашсан.
    • Ө.Энхтүвшин 5 удаа УИХ-д сонгогдон ЗГХЭГ-ын дарга, БСШУ-ны сайд, Шадар сайдаар ажилласан.
    • Ц.Нямдорж 1992 оноос хойш 7 удаа УИХ-д тасралтгүй сонгогдон, ХЗДХ-ийн сайдаар 3, УИХ-ын дэд даргаар хоёр, УИХ-ын даргаар ажиллаж байсан.
    • Д.Лүндээжанцан АИХ, УБХ-ыг оруулаад 8 удаа УИХ-д гишүүнээр сонгогдсон. УИХ-ын дарга, дэд даргаар нэг удаа, 5 удаа байнгын хорооны даргын алба хашиж байна.
    • Н.Энхболд 6 удаа УИХ-д сонгогдож, Гадаад хэргийн, ЗГХЭГ-ын, БХ-ын сайдаар тус бүр ажиллаж, УИХ-ын дэд дарга, байнгын хорооны дарга байсан хэмээн адалж ирлээ. Энэ 2020 оны УИХ-ын сонгуульд эхний гурав нь нэр дэвшсэнгүй. Сүүлийн гурав нь нэр дэвшээд байна.
    • Сү.Батболд бас 2004, 2008, 2012, 2016 онд дөрөв сонгогдон УИХ-д сууж байна. ҮХ-ны, Гадаад харилцааны сайд, Ерөнхий сайд байв.
    Тэгвэл улстөрийн төдийгүй биологийн насны хувьд эдэнтэй адил нөхдүүд АН-аас зөндөө л нэр дэвшиж байна.
    • АН-аас нэр дэвшиж байгаа С.Баярцогт 1990 онд АИХ, УБХ-ын гишүүн, 1996, 2004, 2008, 2012 онд нийт таван удаа сонгогдон парламентад суусан. 1998 онд БО-ны сайд, 2004-2006 онд ЗГХЭГ-ын дарга, 2008 онд Сангийн сайд, 2012 оноос УИХ-ын дэд даргын алба хашиж байсан.
    • Э.Бат-Үүл байна, бас л 1990 оны депутат, 1996, 2004, 2008 оны УИХ-ын гишүүн, 2012-2016 онд Нийслэл хотын Засаг даргын албыг хашив.
    • Р.Амаржаргал 1996, 2004, 2008, 2012 онд дөрвөн удаа УИХ-д сонгогдсон. Гадаад харилцааны сайд, Ерөнхий сайдын албыг хашиж байлаа.
    • ШИНЭ эвслээс нэр дэвшиж байгаа Лу.Болд 1990 онд АИХ, УБХ-ын гишүүн, 1996, 2008, 2012, 2016 онд таван удаа сонгогдсон. Батоан хамгаалахын сайд, Гадаад харилцаан сайдын алба хашиж байсан.
    • Н.Алтанхуяг 1996, 2004, 2008, 2012 онд дөрөв сонгогдож, ХААҮ-ийн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд, Ерөнхий сайдаар ажилласан. Одоо 62 настай.
    • Да.Ганболд 63 настай бүр 1990 онд АИХ, УБХ-д сонгогдож, улмаар Д.Бямбасүрэнгийн Засгийн газарт Тэргүүн шадар сайд болж байлаа. 1992, 1996 онуудад УИХ-ын гишүүнээр сонгогдож, түүнийг Ерөнхий сайд болгохоор ардчиллынхан 7 удаа зүтгүүлж байсан билээ. Да.Ганболд 2004 оноос хойш ТЗХЭГ-ын даргаас эхлээд хотын орлогч, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэт”-ийн 49 хувийг төлөөлж ТУЗ-д орон бүр дарга нь болж байлаа.

    Амбицтай залуу үе хүч түрэн орж ирж, ахмад үеэ ад үзэх явдал хавтгайрсан ч ахмад үе тухайн улстөрийн намынхаа төдийгүй Монголын төр, засгийн үнэт капитал мөн билээ.

    Улс орны хөгжил, төрийн бодлого, улстөрд залгамж халаа заавал байх ёстой.Байсаар ч ирсэн.  УИХ-д олон суусан гэж адлуулсаар байгаа ч дахин нэр дэвшиж байгаа Д.Лүндээжанцангийн төрд хувь нэмрээ оруулсан хамгийн том жишээ гэхэд өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлт.  УИХ-ын өнгөрсөн 30 жилийн гол хуулиудыг батлахад үнэтэй хувь нэмрээ оруулсан Лүндээ гишүүнгүй бол өнгөрсөн жил Үндсэн хуулийн нэмэлт,өөрчлөлт хэрхэн батлагдах байсныг төсөөлшгүй.

    Энэ мэтээр УИХ-ын хийх ёстой хамгийн гол ажилд хувь нэмрээ оруулсан учраас, бас залгамж халаа нь учраас ахмад парламентч бол төрийн үнэт капитал мөн.

    УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гэхэд Монголд хүчээ аваад байсан рэкетүүдийг дарсан, “Эрдэнэт”-ийн 49 хувийг ард түмнээс хулгайлах гэсэн луйврыг таслан зогсоосон гэх мэтээр яривал урт жагсаалт гаргаж болно.

    Хэдий эдгээр нэр бүхий гишүүд, нэр дэвшигчдийг гоочлоод юмуу, тэнгэрт тултал магтаад байж болох ч сонгогчид тэдэнд дүнгээ тавиад л  сонгосоор ирсэн түүхтэй. Хэдий эд байтугай одоогийн 40, 50 настнуудыг хүртэл хоцрогдсоноор нь дууддаг ч сонгууль дээр өөр. Сонгогч олон хэнийгээ сонгохоо мэддэг учраас л тэд сонгогддог юм.

    “Ахмад үеэ гар буугаар буудвал, ирээдүй чамайг үхэр буугаар буудна” хэмээх суутны үгийг ахмадаа үгүйсгэгчдэд сануулан хэлэх нь зүйтэй байх. Хүн хэлэхээс, цаас чичихээс наашгүй билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ