• Ж.Сүхбаатар:Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах алхмаа УИХ-ын тухай хуульдаа хийчихсэн

    2020-05-26

    Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнгөрсөн  оны арваннэгдүгээр сард баталж, Ерөнхийлөгч Х.Баттулга ёсчилсон. Ингэхдээ Үндсэн хуулийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөхөөр тогтоосон юм. Үүний дагуу Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг бүх нийтээр дагаж мөрдөж эхлэх юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж эхлэхтэй холбоотойгоор УИХ-ын даргын  ахлах  зөвлөх, хуульч Ж.Сүхбаатартай ярилцлаа.

    -Энэ удаагийн УИХ үр бүтээлтэй, хариуцлагатай ажилласны үр дүнд олон парламент дамжин ярьсан ч хэрэгжүүлж чадаагүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж чадсан. Мөрдөж эхлэх хуулийн хугацаа өнөөдрөөс эхэлж байна. “Эцэг” хуульд оруулсан  гол өөрчлөлтийг  та хэрхэн тодорхойлох вэ?

    -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гурван парламент дамжин ярьсны эцэст энэ парламентаар хэлэлцэн баталсан. Энэ удаагийн УИХ бүтээлч, шинэчлэгч парламент байлаа. Учир нь, Үндсэн хуулиа 1992 онд шинэчлэн баталснаас хойш 20 жилийн хугацаанд УИХ нэг удаа долоон өөрчлөлтийг оруулсан байдаг. Тус өөрчлөлтийг дутуу, дордуулж хийсэн гэж олон жил ярьсан. Тухайн үед Үндсэн  хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг ашиглаж байгаагүй. Харин 2008-2012 онд эрх барьж байсан МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг бодлогодоо тусгаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг  баталсан.

    Тус хуулийг хэрэглэх боломж нь энэ удаагийн парламентад тохиолоо. Энэ парламентын хугацаанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг сүүлийн гурван жил хийж, таван сарын турш тасралтгүй хэлэлцэж, 1.5 сая багц санал буюу 300 гаруй мянган иргэний саналыг тусгасан. Ингээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр таван зорилтыг хангаж чадсан.

    • Нэгдүгээрт, анх Үндсэн хуулийг баталсан  цагаас л парламентын засаглалтай байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу гэдэгт багагүй маргаан өрнөж эхэлсэн.

    Тэгвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тус маргаанд цэг тавьж, парламентын ардчиллаа бататгаж, Ерөнхий сайд Засгийн газраа байгуулахаар заасан. Мөн УИХ хариуцлагаа хүлээдэг байх, эрх мэдлийн баланс, тэнцвэржилтийн асуудалд томоохон шийдлүүдийг гаргасан.

    Үүнд улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын асуудлыг тодорхой зааж өгсөн. Ингэснээр Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар оруулж байна. Мөн засаг захиргааны эрх зүйн байдалд шинэчлэл хийсэн. Эцэст нь хэлэхэд Үндсэн хуульд өмнө нь оруулсан долоон өөрчлөлтийг тойрсон 20 жилийн маргаанд цэг тавьж, зассан гэж хэлж болно.

    -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-наас албан ёсоор мөрдөж эхлэхээр тогтсон. Зарим хүний хувьд Үндсэн хуульд нийцүүлэх болон дагаж мөрдөх хуулиа батлаагүй байж Үнсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломжгүйг хэлж байна. Энэ  тухайд та ямар тайлбар хийх вэ?

    -УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны арваннэгдүгээр сарын 15-нд батлахдаа хүчин төгөлдөр мөрдөж эхлэх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25 гэж тогтоосон. Монгол Улс анхны Үндсэн хуулиа 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталж, хоёрдугаар сарын 12-ноос мөрдөж  байлаа. Энэ өдрөөс эхлэн тухайн үеийн Улсын Бага хурал бүрэн эрхээ хэрэгжүүлж, Сонгуулийн тухай хуулийг баталж, СЕХ, Үндсэн хуулийн Цэцийг байгуулж, Цэцийн тухай хуулиа баталсан байдаг.

    Ингээд Үндсэн хуульд нийцүүлэх болон дагаж мөрдөх хуулиудыг шинэчлэх ажлыг дэс дараатай хийж эхэлсэн.

    Тухайлбал, Үндсэн хуулийг баталснаас хойш дөрвөн жилийн хугацаанд буюу 1996 онд дагаж, мөрдөх хуулиудыг баталсан.

    Ингээд үзэхээр Үндсэн хуулийг мөрдөж эхэлсэн өдрөөс бүх заалтыг нь бүрэн хэрэгжүүлээгүй гэсэн үг. Үндсэн хууль хүчин төгөлдөр болно гэдэг хуулийг мөрдөж эхэлж байгаа гараа. Тиймээс дагаж, мөрдөх хуулиудыг дэс дараалалтай баталж эхэлнэ.

    -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөж эхлэнгүүт Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ёстой гэж зарим хуульч үзэж байгаа. Үндсэн хуулийг хэрэгжүүлж эхлэхээр Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах нөхцөл бүрдэх үү?

    -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлж эхлэхээр дөрвөн гишүүн л сайд байж болно, бусад нь огцрох ёстой гэдэг зүйлийг зарим хүн, ялангуяа сөрөг хүчний гишүүнчлэлтэй хуульчид ярьж байгаа. Тиймээс Үндсэн хуулийг баталж байсан үеийн протоколоо эргэж харах хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталж байхдаа хэн ч тавдугаар сарын 25-наас Засгийн газарт өөрчлөлт оруулах асуудлыг яриагүй. Долоодугаар сарын 1-нээс гэсэн он сарыг ярьсан ч дэмжээгүй.

    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүчин төгөлдөр мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-наас, Үндсэн хуульд заасан намын гишүүнчлэлтэй холбоотой нэг хувийн заалтыг нь 2028 оноос мөрдөхөөр байгаа.

    Мөн Үндсэн хуульд нийцүүлэн гаргах хуулиудыг батлан гаргахаас өмнө одоогийн үйлчилж буй хуулиудыг хүчин төгөлдөр мөрдөх юм. Энгийнээр тайлбарлавал, энэ сарын 25-наас Үндсэн хуулийн үзэл санаа, дагаж, мөрдөх бүх хуулийг хэрэгжүүлэхгүй гэсэн үг.

    -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд  парламент ба гишүүдийн хариуцлага, улс төрийн намтай холбоотой хэд хэдэн заалтыг тусгасан. Эдгээрийг хэрхэн мөрдөх тухайд нэмэлт мэдээлэл өгнө үү?

    -Үндсэн хуульд маш олон заалт бий. Улс төрийн намын зохион байгуулалт, үйл ажиллагаа ардчилсан зарчимд нийцсэн байна.  Санхүүжилт, төсвийн ил тод байдлыг хангах, төрөөс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлно гээд заачихсан. Гэтэл энэ заалтыг 25-наас шууд хэрэгжүүлж болохгүй шүү дээ. Эхлээд Улс төрийн намын тухай хуулиа гаргах ёстой.

    Сая УИХ, Засгийн газрын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай, Төрийн аудитын тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль болон “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг зэрэг  олон хуулийг баталсан.

    Заримыг нь амжсангүй. Гэхдээ УИХ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах алхмаа УИХ-ын тухай хуульдаа хийчихлээ. Тухайлбал, энэ удаагийн парламентын онцлог нь, бид УИХ-ын алдаа дутагдлыг хангалттай шүүмжилсэн. Дээр нь өмнө байгаагүйгээ парламентын гишүүд ёс зүйн хариуцлагыг хүлээсэн, мөн хүлээлгэсэн. УИХ-ын гишүүний хууль санаачлах,  Их хурлын томилгооны эрхийг ч хумьсан. Нөгөө талдаа хянан шалгах эрхийг нэмж байгаа. Хууль батлахдаа 39 гишүүний саналаар батлах босго тавьсан. Ингэснээрээ өмнөх хуулиудыг хурдан өөрчилдөг, яарч шуурхай баталдаг байдлыг үгүй болгож  байна. Дээр нь хуралдааны ирцийг УИХ-ын тухай хуульд хурууны хээ, технологийг ашиглах, цахим хуралдааны дэгийн асуудлыг зохицуулж өгсөн.

    Мөн нэг том өөрчлөлт оруулсан нь УИХ-ын гишүүд татвар, төсөвтэй холбоотой болон Эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн тухай хуулиуд, Засгийн газар санаачлахаар заасан асуудлаар хууль санаачлахгүй гээд заачихсан.

    -“Давхар дээл”-ийн асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөд хэрхэн оруулж өгсөн бэ?

    -УИХ-ын маш олон гишүүн “давхар дээл”-тэй байсан. Төрийн бус байгууллага, олон мэргэжлийн холбоо, нутгийн зөвлөлийн дарга гишүүн байдаг байсан. УИХ-ын тухай хуульд төрийн бус байгууллагын удирдах албан тушаал давхар хашихыг болиулсан. УИХ-ын гишүүн бол иргэдээ төлөөлнө, хуулиа батална, харин үүний хажуугаар хянан, шалгах эрх мэдлийг өгч байгаа.

    Хянан шалгах түр хороо байгуулна. Ер нь ардчилсан сайн засгийн хамгийн гол зүйл нь эрх мэдэлтэй этгээд өөрийнхөө эрх мэдлийг аль болох хязгаарлаж, хянах тэр нөхцөлийг тавьсан засаг төр, парламентыг сайн засаг гээд байгаа юм. Тэгэхээр энэ УИХ хамгийн сүүлийн нэг жилийн бүрэн эрхийн хугацаанд чухал асуудлуудаа шийдвэрлэж чадлаа.

    Үүнд онцолж хэлэхэд, 1992 оноос хойш Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй нам засгийн эрхэнд гарсан боломж ердөө хоёр удаа тохиосон. МАН 2000 онд УИХ-д 70 суудалтай, 2016-2020 онд 65 суудалтай байлаа. Үндсэн хуулийн олонх болсон нам ард түмнээс ямар үүрэг хүлээдэг вэ гэхээр Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах түүхэн боломжийг эдэлдэг.

    Энэ эрхээ УИХ дахь МАН Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах түүхэн боломжоо эдэлж чадлаа.   Үндсэн хуулийг тавдугаар сарын 25-нд хэрэгжүүлнэ гэдэг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэх маш том гараа эхэлж байна. Тухайлбал, Үндсэн хууль байгаагүй нэг том асуудалд хөдөлж эхэлнэ.

    Улс төрийн намын иж бүрэн цогцолбор шинэтгэлийг хийж байна. Энэ ажлыг “Тавдугаар  сарын 25 болчихлоо гээд шууд хэрэгжүүлэх ёстой” гэж хэлж болохгүй. Харин Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмууд тус өдрөөс хэрэгжихэд үүний дагуу хэвлэл мэдээлэл, иргэд шахаж шаардах, асуудлаа дэвшүүлж тавих боломж нь нээгдэнэ. Дүгнээд хэлэхэд, тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжиж  эхэлнэ. Гэхдээ бусад асуудлыг дагалдах хуулиуд батлагдсаны дараа хэрэгжүүлнэ. Хугацааны талаар маргах биш үзэл санаа, заалтыг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь дараачийн УИХ, Засгийн газрын нэн тэргүүний асуудал. Засгийн газартай холбоотой асуудлыг л барьж яриад байгаа хүмүүс жаахан бодолтой хандмаар байгаа юм. Долоодугаар сарын 1 гээд заачихсан байсан ч яг тэр өдрөө Үндсэн хуулийг хэрэгжүүлэх боломжгүй шүү дээ. Үүнийг л бодох хэрэгтэй.

    Эх сурвалж:Монголын үнэн М.Энхцэцэг

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ