Э.Гэрэлт-Од:Бид сонгуульдаа оролцохгүй бол мөнгөтэй хүмүүс бидний өмнөөс шийдвэр гаргана гэдгийг ойлгох хэрэгтэй

2020-05-25

2016 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны залуучуудын ердөө 50 хувь,25-30 насны залуучуудын 65 хувь нь саналаа өгчээ. Товчхондоо,насны ангилал дээшлэх тусам сонгуулийн оролцоо сайжирдаг.

  • 30-45 насны сонгогчдын 77.2 хувь
  • 45-50 насны сонгогчдын 83.8 хувь
  • 50-60 насны сонгогчдын 90.3 хувь
  • 60-аас дээш насны сонгогчдын 100 хувь саналаа тус тус өгчээ.

Залуучуудын саналаа өгөөгүй гол 5 шалтгааныг авч үзвэл:

-Итгэл хүлээсэн нам,улс төрч байхгүй

-Сонгуульд санал өгөхөд төвөгтэй байдаг

-Улс төрд итгэдэггүй

-Улс төр сонирхдоггүй

-Сонгох нам,улс төрч байхгүй гэсэн хариултуудыг өгчээ.

МУБИС-ын багш,судлаач доктор Э.Гэрэлт-Од:

Сонгогчид сонгуульд оролцох хүсэл эрмэлзэл бага байгаа нь сонгуулийг шударга бус гэж хардгийн дээр ирээдүйгээ ч бүрхэгээр харж байж болох талтай. Гэхдээ ирээдүйгээ өөрчлөхийн тулд эхлээд сонгуульдаа идэвхитэй оролцох хэрэгтэй.

Сонгуульдаа идэвхитэй оролцож чадвал ирээдүй чинь өөрчлөгдөнө.

Хэрвээ бид нар саналаа өгөхгүй бол мөнгөтэй хүний хүслээр сонгууль шийдэгдэнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

Нэг сонгогчийн саналыг авахын тулд:

  • 1992 онд 13 төгрөг
  • 1996 онд 196 төгрөг
  • 2000 онд 1792 төгрөг
  • 2004 онд 1482 төгрөг
  • 2008 онд 6784 төгрөг
  • 2012 онд 29380 төгрөг
  • 2016 онд 17890 төгрөгийг тус тус зарцуулжээ.
Хэрвээ нэг сонгогч л саналаа өгөхгүй бол 17890 төгрөг хий дэмий салхинд үрэгдэнэ гэсэн үг.

УИХ-д суудал авсан нам төсвөөс хэрхэн санхүүждэг вэ?

Сонгуулийн санхүүжилт нь өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжих,төрд шударга ёсыг тогтоох үйл явцын санхүүжилт болох учиртай. Сонгуулийн зардал нь хандив,намын өөрийн болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөөс бүрдэнэ.

Сонгуулийн үр дүнгээс шалтгаан төсвөөс намуудад төсвийн дэмжлэгийг дараахь хоёр байдлаар үзүүлдэг байна:

  • УИХ-д суудалтай намуудын сонгуулиар авсан санал тус бүрийн тоогоор 1,000 төгрөг
  • УИХ-ын нэг суудал жилд 10 сая төгрөгөөр үнэлэгдэж,улсын төсвөөс жил бүр санхүүжилт авдаг. 10 сая төгрөгийг жил бүр авах ба үүний 50 хувийг сонгогдсон тойрогт нь зарцуулахаар заасан байдаг.
Нэр дэвшигчдийн намдаа өгдөг дэнчингийн мөнгө 2008 онд 20 сая байсан бол 2016 онд 100 саяд хүрсэн судалгаа бий.

Энэ нь хууль зөрчиж байгаагаас гадна эдийн засгийн бололцоо муутай залуучууд,эмэгтэйчүүдийн эрх ашгийг зөрчиж байна гэсэн үг юм.

Нээлттэй нийгэм форумын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг:

Сонгуулиар дамжаад төрийн эрх мэдэлд очиж байгаа хүний сонгуулийн зардал цэвэр эх үүсвэртэй байх ёстой. Үүнийг хангахын тулд төрөөс санхүүжилт олгох хандлага дэлхий нийтэд бий болсон. Монголд ихэвчлэн хувийн эх сурвалжаас санхүүждэг ч эх үүсвэр нь тодорхой бус байсаар ирсэн. Маш их зардалтай сонгууль болдог нь ойлгомжтой. Харин энэ мөнгийг дэнчингийн болон хуулийн этгээдээс хандив гэхээсээ илүү мөнгө шаардаж авдаг нь олонтаа.

Сонгуулийн болон сонгуулийн бус үед ч намын санхүүжилтийг иргэдэд ойлгомжтойгоор ил тод нээлттэй мэдээлэх хэрэгтэй.

 

Эх сурвалж: Глоб Интернэшнл төв

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ