• Үзэгчгүй, цахим наадна гэдэг нь ташаа ойлголт, наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулна

    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаатай холбогдуулан бүх нийтийг хамарсан томоохон арга хэмжээг зохион байгуулах эсэх нь эргэлзээтэй байсан билээ. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос түүх соёл, уламжлалын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж,  уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй гэж үзжээ.

    Тиймээс иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн, Үндэсний их баяр наадмаа цомхон зохион байгуулахаар болсон билээ. Аливаа, тэмцээн, уралдаан арга хэмжээнд оролцож байгаа тамирчид, зохион байгуулалтын ажилчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст “Covid-19” халдварын шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавьж байна.

    Үндэсний их баяр наадмыг технологийн дэвшил, шийдлийг ашиглан нийт ард түмэндээ хүргэнэ. Төв цэнгэлдэх хүрээлэн болон хүй долоо худагт худалдаа, үйлчилгээ гарахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүй бөгөөд наадамчин олон маань онлайн хэлбэрээр болон радио, телевизийн сувгаар баяр наадмаа үзэх юм. Үүнийг үзэгчгүй, цахим наадам гэх нь ташаа ойлголт юм. Тодруулбал, төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчийн суудлын багтаамж 12-15 мянга бөгөөд энэ нь нийслэлчүүдийн нэг хувь хүрэхгүй хүн ам.

    Жилийн жилд наадам үзэхдээ энэхүү нэг хувь маань маш их дараалал, чирэгдэл болж тасалбар олж авч наадамладаг. Үлдсэн 99 хувь нь телевиз, радио, онлайнаар морь, бөх, сур шагайгаа үзэн наадамласаар ирсэн туршлагатай.

    Иймд энэ жилийн наадмыг тусгай дэглэмийн дагуу зохион байгуулахад наадамчин олон, иргэдэд төдийлөн хүндрэл чирэгдэл учрахгүй хэмээн тооцоолж, ард иргэдээ цаг үеийн нөхцөл байдал, эрсдлийг ойлгон, гаргаж буй уг шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэдэгт  итгэлтэй байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ