• МҮХАҮТ: 2019 онд “Топ-100” ААН татварын орлогын 65 хувийг бүрдүүлсэн

    Өнгөрсөн 2019 онд “Топ-100” аж ахуйн нэгж татварын орлогын 65 хувийг бүрдүүлсэн нь өмнөх оноос 15 нэгж хувиар өссөн хэмээн МҮХАҮТ мэдээллээ.
    2019 онд эдгээр аж ахуйн нэгж 6.3 их наяд төгрөгийн татвар төлсөн нь өмнөх оноосоо 54 хувиар өсчээ. МҮХАҮТ-ийн танилцуулсан топ аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого өмнөх оноос 11 хувиар өсч, 34.3 их наяд төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 93 болжээ.
    “Топ 100” аж ахуйн нэгжийн 27 нь худалдааны салбар, 20 нь уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Мөн газрын тосны хангамжийн чиглэлээр ажилладаг 11, банк, санхүүгийн чиглэлийн найман компани багтсан нь салбараар авч үзвэл тэргүүлэх чиглэл болж байна.

    2019 оны “Топ-100”-д “Тоёота сэйлс монголиа” ХХК, “Баялаг энержи рэсурс” ХХК, “Сэнтрал экспрэсс Си Ви Эс” ХХК, “Таван толгой түлш” ХХК зэрэг долоон компани анх удаа багтаж байгаа нь онцлог ажээ.

    Харин эхний таван байрыг өнгөрсөн онд эзэлж байсан компаниуд дахин тэргүүлжээ.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Топ-100”-г тэргүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК, “Хаан банк”, “Энержи Ресурс” ХХК удаалжээ.

    40 гаруй жилийн түүхтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэс молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог. Хоногт Монгол Улс уул уурхайн салбараас 5.8 тэрбум төгрөгийн орлого олдог гэж үзэхэд 2.8 тэрбум төгрөгийг тус үйлдвэр дангаараа олдог гэсэн тооцоог МҮХАҮТ гаргажээ. Харин хоёрдугаарт орсон “Эрдэнэс Тавантолгой” ХК 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласан байна. Тус компани 14.3 сая тонн нүүрс экспортолж улсын төсөвт 660 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлжээ.

    “Топ-100” аж ахуйн нэгжийг татвар, ашиг, борлуулалтын орлого, хөрөнгийн хэмжээ, ажиллах хүчний үзүүлэлтээр шалгаруулдаг. Жагсаалтаас харахад энэ жил уул уурхай, газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд өмнөх оноос олон байр ахисан үзүүлэлттэй байгаа ажээ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ