• Б.Хурц нар өмгөөлөгчдөө сольж байгаатай холбоотойгоор шүүх хурал хойшиллоо

    Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогч, С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэргийг шалгах ажлын хэсгийн ахлагч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг хэлэлцлээ.

    Шүүх хурал өглөөний 09.00 цагт эхэлж, шүүгчээр Ц.Отгонжаргал, Ш.Гандансүрэн, Ю.Энхмаа нар ажилласан. Уг хуралд хохирогчоор ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцсон бол нөгөө талаас Б.Хурц, О.Бархасбадь, Ж.Мөнхгал нар өмгөөлөгчдийн хамтаар оролцлоо. Хохирогчоор Б.Булган хуралд оролцох байсан ч түүний өмгөөлөгч Ц.Гүенбат төлөөлөн иржээ.

    Тус шүүхийн байрны гадна Б.Хурц нарын хэргийг үнэн зөвөөр шүүж, яллахыг шаардаж хохирогч Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа, Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн болон иргэний нийгмийн байгууллагынхан цугласан байв.

    Б.Хурц нарт, Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн нэг дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

    Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг УИХ-ын гишүүн, дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, хохирогч Б.Булган нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн хэрэгт холбогдуулан дээрх хүмүүст гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн, эрүүдэн шүүсэн хэмээн буруутгаж байгаа билээ. Шүүх хурал цаг гаруйн хугацаанд үргэлжилж, талуудын гаргасан хүсэлтийн дагуу хурлыг ирэх зургаадугаар сарын 8-ны өдрийн 09.00 цаг хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ.

    Шүүгдэгч Г.Эрдэнэбатын зүгээс түүний өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар нь 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа учраас шинээр өмгөөлөгч авах хүсэлт гаргасан байна. Мөн О.Бархасбадийн өмгөөлөгч Г.Буянжаргал Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд 2020 оны тавдугаар сарын 14-ний өдөр эхэлсэн Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус шүүх хуралдаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа учир хуралд ирээгүй. Шүүгдэгч С.Баярын өмгөөлөгч Г.Батбаярын өмгөөлөх эрхийг хүчингүй болгосон, уг асуудалд гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул дараагийн шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцуулахгүйгээр шийдвэрлэж, шинэ өмгөөлөгч авахаар болсон гэдэг шалтгаануудыг үндэслэж ийнхүү хурлыг хойшлууллаа.

    Хурлын дараа ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хорих анги руу хүргэхээр авч явсан бол хохирогч Б.Булганы өмгөөлөгч Ц.Гүенбаатар “Өмнө нь шүүх хуралдааныг хаалттай явуулах тухай прокурор санал гаргасны дагуу хурал хаалттай явагдана. Өнөөдрийн хурал шүүгдэгч нарын хүсэлтээр хойшилсон. Би хохирогчийг төлөөлж оролцохдоо, хурлыг аль болох хойшлуулахгүй байх тухай саналаа хэллээ” гэсэн юм.

    Харин хохирогч Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа “Би хамгийн сүүлд хүүтэйгээ гурван сарын өмнө уулзсан. Хэлмэгдүүлэлт таван жил үргэлжилж байна. Би өнөөдрийн энэ хуралд их найдвар тавьж, эцсийн шийд гаргах байх гэж бодож байлаа. Яагаад гэвэл миний хүү хэрэг хийгээгүй атлаа таван жил шаналан зовж, ял эдэлж байгаа. С.Зоригийн хэргийг монголын ард түмэн бүгд харж байгаа. Үнэн зөвөөр шийдээсэй гэж л бодож байгаа” гэв.

    Харин шүүгдэгч нарын зүгээс хэвлэлийнхэнд ямар нэг тайлбар, байр суурь илэрхийлээгүй бөгөөд хурал дууссанаас цаг гаруйн дараа шүүхийн байрыг орхисон юм.

    Энэ хэргийг шүүх хурал жилийн өмнө буюу 2019 оны наймдугаар сард мөн тус шүүхэд дөрвөн хоног үргэлжилж байсан билээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ