• Эх нялхасын зөвлөх эмч С.Энхтуяагийн нярай хүүхэдтэй болон удахгүй төрөх ээжүүдэд өгөх 10 зөвлөгөө

    2020-05-20

    Энэ удаагийн “Зөвлөгөө” булангаараа ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч,Тэргүүлэх зэргийн эмч С.Энхтуяагийн нярайн асаргаа,сувилгаа чиглэлээр өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

    Эхээс мэндэлснээс хойшхи эхний 28 хоногийг нярай үе гэж нэрлэдэг. Нярайг гүйцэт,дутуу,илүү тээлттэй гэж ангилдаг. Дутуу төрсөн хүүхдэд уушигны хөгжил дутуу учраас амьсгалын бүтэлтэд ороход эрсдэлтэйгийн дээр хооллох боломж хомс,хооллосон тохиолдолд хоолоо шингээх явц дутуу явагдаж байдаг учраас маш их асаргаа шаарддаг байна. Нярай хүүхэд дөнгөж төрснөөс хойшхи долоон хоногийн хугацааг эрүүл эмгэгийн зааг үе гэж нэрийддэг.

    Энэ хугацаанд нярай хүүхдээ маш сайн анхаарч,өрхийн эмнэлэгтээ зайлшгүй үзүүлж,хянуулж байх шаардлагатай юм.

    Нярайн хүүхдийн биеэр улаан тууралт туурах,хамраар их хэмжээний цагаан батга гарах нь хэвийн үзэгдэл

    Биеийн тууралт:

    Эхний 2-3 дахь хоногоос арьс,цээж,хэвлийгээр орой дээрээ тод цагаан толботой,улаан тод өнгийн тууралт гараад эхлэнгүүт эцэг,эхчүүд эмчид хандах,дур мэдэн янз бүрийн тос түрхдэг.

    Энэ бол нярай хүүхдэд гардаг хэвийн тууралт учраас усанд оруулаад,элдвийн тос түрхэхгүй байх ёстой. 4-5 хоногт өөрөө арилна.

    Хамарны цагаан батга:

    Нярай хүүхдийн хамарны орчимд их хэмжээний цагаан батга гардаг. Зарим ээж нар чимхүүрээр толгойг нь татахаас авахуулаад шаруулах ч тохиолдол байна. Энэ бол мөн адил хэвийн зүйл.

    Нярайн хөхөнд сүү орох:

    Хүүхдийн хөхний булчирхай томорч,сүү ороход оролдох шаардлага байхгүй. Хөхний булчирхай эргээд хувийн байдалдаа ороход 2-3 хоног биш нилээдгүй хугацаа шаардлагатай. Хөхийг нь саах нь маш эмзэглэлтэй,хөндүүрийн дээр халдвар орох эрсдэлтэй учраас огт оролдохгүй байх нь зүйтэй.

    Нярайн шарлалт:

    Гүйцэт төрсөн нярай хүүхдийн 60 хувь нь шарладаг. Дотроо физиологийн болон эмгэг шарлалт гэсэн хоёр төрөл бий. Физиологийн шарлалт нь дөрвөн механизмаар явагдаад аяандаа арилдаг. Зүгээр физиологийн шарлалтыг эмзгээр хүлээн авч,эмнэлгүүдээр явж хүүхдээ явуулах,гэрээрээ янз бүрийн шарлалтын эсрэг эмчилгээ хийх нь нярай хүүхдэд илүү эрсдэл үүсгэж байдаг.Хэвийн физиологийн шарлалт хоёр дахь хоногоос эхлээд 14 дахь хоногоос бага,багаар буурдаг. Физиологийн шарлалт нь тухайн нярайн хүүхдэд ямар нэгэн зовиур байдаггүй. Харин шарлалтын хамгийн эгзэгтэй үе бол 4-5 дахь хоног. Энэ хугацаанд шарлалт буурахгүй,улам тодорч байвал эмчид хандах хэрэгтэй.

    Бэлэг эрхтэнээс цусархаг,салсархаг зүйл гарах:

    Эмэгтэй нярайн бэлэг эрхтэнээс цусархаг,салсархаг зүйл гарч байгаа тохиолдолд баастай холилдож гарч байна уу,үтрээнээс гарч байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй. Үтрээнээс гарч байгаа бол айх зүйл байхгүй,усанд оруулаад цэвэрлэхэд болно. Харин баастай холилдож гарч байгаа нь эмгэгийн шинж тэмдэг учраас заавал нярайн эмчид үзүүлэх хэрэгтэй.

    Нярайн жингийн тухайд:

    Нярай хүүхэд 10 хоног хүртэл хугацаандаа төрсөн жингийн 10 хувиа алдаж байвал хэвийн гэж үздэг . Нярай хүүхэд нь жингээ 10 дахь хоногоос хойш нэмж эхлэдэг. Хэдий чинээ дутуу төрсөн хүүхэд байна төдий чинээ жингийн нэмэгдэл бага байдаг.

    Нярайг усанд оруулах нь:

    Нярай хүүхдийг долоо хоногтоо 2-3 удаа усанд оруулахад болно. Дутуу байх тусам усанд оруулах хоногийг холдуулна. Усанд оруулахгүй байх үед өдөр тутам хүүхдийнхээ нүүр,гар угааж,биений хэсгүүдийг хэсэгчлэн арчиж,цэвэрлэх хэрэгтэй.

    Нярайн нүүр,гарыг угаах нь:

    Том хүн өглөө босоод нүүрээ угаахгүй бол өдөржин нойрмог явдгийн адил нярай хүүхэд мөн адилхан.

    Өглөө болгон нүүр,гарыг нь угааж хэвшсэнээр хүүхэд маань сэргэлэн цовоо болж өсдөг.

    Усанд оруулахад өөрт нь зориулсан ваннд тусад нь оруулж байх ёстой. Том хүмүүс шүршүүрт орохдоо шүршүүрээ хаалгүйгээр,үргэлжилсэн усанд ордог,усаа хаавал даардаг шиг нярай хүүхдийг тэгж оруулах ёстой.

    Нэг нь хүүхдээ барьчихаад,нөгөө нь дээрээс нь ус гоожуулж оруулдаг. Энэ бол зөв усанд оруулалт биш.

    Нярай хүүхэд усанд орж байхдаа уйлвал,уснаас гаргах ёстой

    Ванн дотор хүүхдийнхээ биеийг далд ортол ус хийн усанд оруулна. Усанд орж байхад хүүхэд тавгүйтэж,уйлах ёсгүй. Уйлж байвал хүүхдээ даруйхан уснаас гаргах ёстой.

    Ер нь нярай хүүхэд болгоны бүх зүйлийг өөрсөдтэйгөө л жишиж үзэх хэрэгтэй. Бид нар усанд орохдоо уйлж ордоггүй шиг хүүхэд ч тайван байхдаа усанд орох ёстой.

    Хооллосны дараа хоолыг нь шингэсний дараа,хүүхэдтэйгээ тайван харьцаж байгаад усанд оруулах хэрэгтэй. Усанд оруулсны дараа ус шингээдэг алчууранд боогоод,дулаан хувцаслаад эсвэл өлгийднө. Заавал задлаад,тослоод байх шаардлагагүй. Дулаан алдуулж огт болохгүй.

    Нярайн хувцаслалт:

    Дулаанаа алдчихна гээд хүүхдээ хэт бигнэж,дулаалах ёстой гэдэг нь бас ташаа ойлголт. Хүний биеийн дулаан болох 37 хэмээс дээш гарвал хүүхдэд өөрт нь зовиуртай. Гадаа гарахдаа ээж нь ямар хувцастай байна,хүүхдээ түүнээсээ хоёр дахин зузаан хувцаслахад л болно. Ээж нь нэг ноосон цамцтай бол нярай хүүхэд хоёр давхар ноосон цамцтай байхад болно.

    Шууд үзэх:

     

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ