• Яллагдагчаар татагдсан улсөрчид АН-аас олноороо нэр дэвшсэний учир

    2020-05-20

                                                                -Нэр дэвшүүлэлт хөшигний ард цуврал-2-

    УИХ-ын 2020 оны сонгуульд улс төрийн намуудаас нэр дэвшигчдийг олон нийт өөр өөрсдийнхөө өнцгөөр дүгнэж байна. Тэр дундаа хэрэг түвэгт холбогдож, яллагдагчаар татагдсан олон хүн АН-аас нэр дэвшиж, мөн тоогоор гомдогсод бий болсон нь олны анхаарлыг татаж байгаа юм.

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албанаас түүний ахлах зөвлөх болсон З.Энхболд нар Ардчилсан намын нэр дэвшигчдийг тодруулах “Онцгой бүрэн эрхт комисс” гээчийг байгуулж, улс төр, бизнесийн гурван том бүлэглэлээс 46 нэр дэвшигчээ тодруулсан тухай өмнө мэдээлсэн.

    Өөрөөр хэлбэл, ингэж бүлэглэлүүд нэгдэн Ардчилсан намыг улс төрийн хар зах дээр арилжив. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга ба Ц.Элбэгдоржийн бүлэглэлийнхнийг АН-ын нэр дэвшигчдийг тодруулах “Онцгой бүрэн эрхт комисс” гээчид багтааж, хамтран… .

    Хорыг нь шинээр найруулж, жорыг нь бүлэглэлүүдийн эрх ашигт нийцүүлэн тохируулсан сонгуулийн энэхүү зураглал дотор авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан хүмүүс багтан, төрийн хамгаалалтад орохын тулд юугаа ч хайрлахгүй тэмцэх гэж буй нь аймшигтай юм.

    Энэ тухай цөөн зарим нэр дэвшигчийн жишээгээр өгүүлье.

    Э.Бат-Үүл.

    Ерөнхий сайд асан М.Энхсайханд анхан шатны шүүхээс 4.6 жилийн ял онооход хамгийн их айж, “З.Энхболдын шүүгчид М.Энхсайханыг яллачихлаа” гэж сошиалаар нэг бархирч байсан Э.Бат-Үүл нэг л өдөр Ардчилсан намын хамгаалалтад орсон нь тодорхой болж, Хэнтий аймагт нэр дэвших болов. Гэвч Э.Бат-Үүл болон түүний хүү Э.Чулуудай нарын арван хүнд холбогдох хэргийг шүүх хурал ирэх зургадугаар сарын 8 хүртэл хойшилсон. Яллагдагч Э.Бат-Үүл нарыг “Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр хууль хяналтынхан буруутгаж байгаа юм. Хэдийгээр Хэнтий аймагт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар, Ж.Осгонбаатар нар нэр дэвшихээр бэлтгэж байсан ч Э.Бат-Үүл баатар ийнхүү гурван “баатар”-ын тойргийг булаан эзлэв. Түүнийг эртний анд Ц.Элбэгдорж нь ивээлдээ авч, нэр дэвшигчдийн жагсаалтад оруулжээ.

    С.Баярцогт.

    Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүс яг тэр сэдвээрээ ном бичиж хэвлүүлдэг гажиг ч гэмээр үзэгдэл бий болсон. Тэдний нэг нь С.Баярцогт юм.

    Тэрбээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар ном бичиж, сошиалд “С.Баярцогт боловсролтой, ухаантай, царайлаг” гэх захиалгат магтан дуулалтыг өргөнөөр явуулсаар Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт дахин нэр дэвшихээр боллоо. Харамсалтай нь хавтаст хэрэг нь хаагдаж, нэр төр нь цагаадаагүй. Түүнийг Ерөнхий сайд асан С.Баяр нартай хамт Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Шүүх хурал нь энэ сарын 25-нд болно.

    Да.Ганболд.

    Түүхэнд хамгийн муу нэрээр бичигдэн үлдсэн “Ардчилсан холбоо эвсэл”-ийн үед Шадар сайдаар ажиллаж байсан. Түүнийг эвслийнхэн Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэр шийдвэрийг нь долоон удаа буцаасан гэдэг.

    Гэхдээ Да.Ганболд албан тушаалын одтой нэгэн. Хаана амттай “бялуу” байна, түүнээс хувь хүртчихсэн явдаг. Тиймдээ ч олны хүсэл, шуналын бай болдог “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийнхан” гэх улс төр, бизнесийн бүлэглэлийнхний дохио зангаагаар “Эрдэнэт”-д нэг хэсэг ажиллаж байв. Хууль хяналтынхан Да.Ганболдод холбогдох хэргийн хавтаст хэргийг хэдийнэ нээсэн. Хэрэг үүсгээд зогсохгүй улсыг их хэмжээгээр хохироосон гэх үндэслэлээр яллагдагчаар татсаныг нийтлэлч Баабар сошиалд мэдээлсэн. Тэр бас л Ц.Элбэгдоржийн бүлэглэлийн нэг төлөөлөл.

    Б.Бямбасайхан.

    Монголын Бизнесийн зөвлөлийн тэргүүнээр ажилладаг энэ залуу Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй хам хэрэгтэн. Хууль хяналтынхан түүнийг нэг хэсэг саатуулж байгаад сулласан ч ямар ид шид нь үйлчилсэн юм бүү мэд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллах болсон. Ч.Сайханбилэг ба Дубайн гэрээ, Б.Бямбасайхан…

    Тэдэнд холбогдох хэргийг хуулийнхан хэзээ эцэслэн шийдвэрлэхийг Монголын шүүх биш, Ц.Элбэгдорж нарын бүлэглэл л мэдээд байх шиг. Түүнийг Дархан-Уул аймгаас нэр дэвшихээр базааж байсан Дулааны цахилгаан станцын дарга н.Нямдаваагийн оронд дэвшүүлсэн тухай хэл ам Ардчилсан намд одоо болтол намжаагүй байна. Эндээс харвал, Б.Бямбасайхан Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёрын аль алиных нь хамгаалалтад орчихсон яваа аж.

    Кёкүшюзан Д.Батбаяр.

    Японы сүмо бөхийн тавцнаа “Мэхний их дэлгүүр” хэмээн өргөмжлөгдөж явсан тэрбээр УИХ-ын гишүүн байж үзсэн хүн. Гэвч эхнэртэйгээ хамт эвгүй хэрэгт холбогдчихоод байгааг уншигчид хэдийнэ мэдсэн биз.

    Хэрэгт холбогдож, хил нэвтрэх эрхгүй болсон түүнийг мөн л Ц.Элбэгдоржийн бүлэглэлийнхэн Ардчилсан намаас нэр дэвшүүлэхээр болсон гэх. “Мэхний их дэлгүүр” маань энэ удаад ямар мэх үзүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрх гэдэг хамгаалалтад орохоор зодог шуудгаа тааруулж суугаа бол.

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, түүний ахлах зөвлөх З.Энхболд нар ийнхүү хүчтэй, нөлөөтэй, мөнгөтэй бүлэглэлүүдтэй гар барьж “Сонгуулийн газрын зураг”-ийг зурсан нь нам доторхи зөрчлөө улам дэвэргэлээ.

    Учир нь АН МАНАН бүлэглэлийн барьцаанд нэгэнт орсныг энэхүү нэр дэвшүүлэлт харуулж, бүлэглэлийг биш намыг сонгосон олонхи эсэргүүцэж байна.

    С.Галт-Уул

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ