• Увс аймагт өмнөх оны мөн үетэй харьцуулахад гэмт хэргийн шинжтэй гомдол 43,3 хувиар буурчээ

    Дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор бүтээн байгуулалтын ажил орон даяар идэвхитэй хийгдэж байна. Уг ажилтай шууд холбогддог нэг зүйл Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал байдаг. Тэгвэл бид энэ чиглэлээр Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Аюулгүй ажиллагаа- Амьдралын баталгаа” арга хэмжээний хүрээнд Увс хийгдэж буй ажил, арга хэмжээний талаар Увс аймаг дахь Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч З.Батзоригтой ярилцлаа.

    -Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол орны баруун хязгаар Увс аймагт эрүүгийн нөхцөл байдал хир байдаг вэ? Тэр дундаа “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ийн гаралт хир байгаа вэ?

    Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Увс аймгийн Цагдаагийн газарт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 123, зөрчлийн шинжтэй 400, нийт 523 гомдол, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад -94 нэгжээр буюу 43,3 хувиар буурсан байна.Аймгийн хэмжээнд 50 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс -43 нэгжээр буюу 46.2 хувиар буурсан байна. Гэмт хэргийн илрүүлэлт 75.0 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 16.8 хувиар өссөн.

    Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 22 бүртгэгдсэн байгаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 10 нэгжээр буюу 31.3 хувиар буурсан үзүүлттэй байна.

    Тус цагдаагийн газрын хэрэг бүртгэх тасгаас сүүлийн 5  жилийн байдлаар “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-ээр шүүхээр орж шийтгэгдэж, ял шийтгүүлсэн иргэдийн судалгааг аймгийн Шүүхийн байгууллагатай хамтран гаргаж, гаргасан судлагаанд дүн шинжилгээ хийж, хэргийн онцлог, жилийн аль улирал, сард ямар шалтгаан нөхцөлийн улмаас энэ төрлийн гэмт хэрэг, ямар давтамжаар үйлдэгдсэн тогтоосон. Тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн 2020 онд 01 дүгээр сараас эхэлж, сар бүрийн онцлогт тохирсон урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжэг төлөвлөн хэрэгжүүлж ажиллаж байгаа. Уг ажил, арга хэмжээнүүд нь гэмт хэрэгийн гаралт буурахад нөлөөлсөн гэж дүгнэж байгаа.

    -Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээн Увс аймагт хэрхэн зохион байгуулагдаж байгаа вэ?

    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд болгоомжгүй хүнд, хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Аюулгүй ажиллагаа-Амьдралын баталгаа” арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд орон нутагт аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, аймгийн Мэргэжлийн анги, байгууллагын байцаагч нартай хамтран зохион байгуулж байна.

    Хүний эрүүл мэндэд болгоомжгүй хохирол учруулах гэмт хэрэг нь улсын хэмжээнд 2019 онд 88 бүртгэгдэж 2018 онтой харьцуулахад 11.3 хувиар өсч, 2020 эхний улиралд 33 бүртгэгдсэн нь 2019 оны мөн үеэс 9.1 хувиар буурсан үзүүлэлттэй байсан. 2019 онд 88 бүртгэгдсэн 88 гэмт хэргээс Хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн журам зөрчсний улмаас үйлдэгдсэн нь 35 бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс 9 нэгжээр буюу 4.6 хувиар өссөн, хүний амь нас хохирсон 14, эрүүл мэндээрээ хохирсон 12 гэмт хэрэг бүртгэгдсэн гэх тоон мэдээ холбогдох албанаас гарсан.

    Харин Увс аймгийн хэмжээд 2019 онд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндэд болгоомжгүй хохирол учруулах гэмт хэрэг бүргэгдээгүй, гараагүй хэдий ч өндөр хүчдэлийн тог цахилгаантай болгоомжгүй харьцсаны улмаас ажлын талбар дээрээ 1 хүн алтан амиараа хохирсон харамсалтай хэрэг гарсан. 2020 он гарсанаар энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хийгдэж байна.

    Хөдөлмөрийн аюулгүй байдал гэдэг бол хүн амь насаа дэнчин тавьж ажиллаж байгаа хүнээс хамгийн дээд болгоомжийг шаардсан ажил юм. Хутганы ирэн дээр бүжиглэж байна л гэж бодох хэрэгтэй. Буруу үйлдэл гаргавал гэмтэж бэртэнэ, цаашлаад амь насаараа хохирох аюултай. Гэтэл арга хэмжээний хүрээнд бүтээн байгуулалт, засварын ажил хийж буй энэ чиглэлийн компаний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх явцад ажилтан өөрөө асуудалд хандаж байгаа нь туйлын хэнэггүй, болгоомжгүй байдал ажиглагдсан. Энэ байдлаараа яваад байвал эрүүл мэнд, амь насаараа эрсдэх аюул үүсэж болох юм. Хяналтын шалгалтын явцад иргэдийн эрх зүйн мэдлэг дээшлүүлэх, барилга дээр ажиллаж буй ажилтаны нь аюулгүй байдлын дүрэм журмыг мөрдөн ажиллах, үүнтэй холбоотой өөрийн эрх үүргээ мэдүүлэх, тусгай хувцас хэрэглэлийн ач холбогдолын талаарх заавар, зөвлөмжийг өгч ажиллаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ