• С.Амарсайхан: 2021 оны хавар гэхэд нийслэлийн утааг 80 хувиас багагүй бууруулна

    Хотын дарга С.Амарсайхан мэдээлэл хийлээ. Түүний мэдээлэлд дурдсанаар гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн ногоон бүсэд амралт, аялал зугаалга хийхийг дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэл хориглоод байна. Энэ хүрээнд ой хээрийн түймэр өнгөрсөн оны мөн үеэс 50 гаруй хувиар буурчээ.

    Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх найман товчоодод нийт 120 гаруй алба хаагчид ажиллаж байгааг мэдээллээ. Өнөө өглөөний байдлаар нийт 50.204 зорчигч Улаанбаатар хот руу оржээ.

    Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс дөрөвдүгээр сарын 3-наас эхлэн 13,220 ААН-ээс 12,750-д нь ариутгал, халдваргүйтгэлийн ажил хийжээ. Сүхбаатар дүүрэгт 19,968 айл өрхийн нүхэн жорлонд ариутгал хийсэн. Нийтдээ 101,565 жорлонгийн бохирын цооногийг ариутгажээ. Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлэх юм байна.

    Мөн эмнэлгийн хяналтаас гарч, гэрийн тусгаарлалтын хугацаа нь дууссан 3000 гаруй иргэн хэвийн амьдралдаа эргэн оржээ. Тандалт судалгаагаар нийслэлийн хүн амын оршин суугчдын дунд халдварын эрсдэл байхгүй гэсэн дүгнэлт гарчээ. Нийслэлийн есөн дүүргийн 83 өрхийн эрүүл мэндийн төвд тусгаарлалтад гарсан иргэдэд хяналт тавьж байгаа аж.

    Улаанбаатар хотын дарга С.Амарсайханы мэдээлснээр нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглосноор хотын агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулжээ. Өнгөрсөн өвөл 150 гаруй мянган тонн түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзсанаар ийнхүү утааг бууруулахад голлон нөлөөлсөн байна. Ирэх наймдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн өвлийн бэлтгэлийг базааж, энэ онд багтаан нийслэл дэх 5000 гаруй уурын зуухыг цэгцлэхээр болжээ. Ингэснээр дахин 150 мянган тонн түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзаж утааг 30 хувиар бууруулах гэнэ. Энэ бүх арга хэмжээний хүрээнд  2021 оны хавар гэхэд нийслэлийн утааг 80 хувиас багагүй бууруулахаар төлөвлөжээ. Мөн утаанаас илүү хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд заналхийлж буй хөрсний бохирдлын асуудлыг цэгцлэхэд айл өрхүүдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Энэ талаар хотын дарга С.Амарсайханы хэлснээр айл өрхөд түрээслээд өмчлөх хэлбэрээр  “нэг байр нэг яндан” гэсэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн шинэ Майдар хот байгуулж хотын төвлөрлийг бууруулснаар агаар, хөрсний бохирдлын асуудлыг шийднэ гэж төлөвлөжээ. Нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдлоос үүдсэн гэдэсний савханцар өвчнөөр жилд 3800 гаруй хүүхэд амь насаа алддаг байна.

    “Стандартын шаардлага хангахгүй, өнгө үзэмжгүй, зориулалтын дагуу газраа ашиглаж байгаа хэдий ч барилга угсралтын талбайн аюулгүй байдлыг хангаагүй иргэн, аж ахуйн нэгжид богино хугацаатай үүрэг өгч байна. Хэрэв заасан хугацаанд засаж, сайжруулаагүй тохиолдолд хашааг нэн даруй буулгаж, гарсан зардлыг тухайн байгууллага, аж ахуйн нэгжээр төлүүлэх ёстой. 

    Хаврын салхи шуургатай энэ үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул, эрсдэл учруулж мэдэхээр эзэнтэй, эзэнгүй хашаануудад хяналт тавьж, стандартыг хангуулах ажлыг ирэх зургаадугаар сарын 1 гэхэд нийслэлийн 9 дүүрэгт хийж хэрэгжүүлсэн байх ёстой. Ингэхдээ зөвшөөрөлтэй, стандартын шаардлага хангаж ажилладаг иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг хөндөж болохгүй” гэлээ.

    gereg.mn

    Холбоотой мэдээ