• Д.Эрдэнэбат: Ирэх 4 жилд эдийн засгийн маш хүнд нөхцөлд очно

    УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлгээс УИХ болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд нийт 32 удаа асуулга тавьж дангаараа 58 хууль санаачилсан байна. УИХ-ын даргад 9 удаа, Ерөнхий сайдад хоёр удаа шаардлага хүргүүлсэн. УИХ-д 26 удаагийн санал дүгнэлтийг бичгээр өгч хуралдаанд танилцуулсан байна.

    Үнэмлэхүй олонхийг бүрдүүлсэн МАН 65 суудал авсны дараа хэд хэдэн үйл явдал тодорхой боллоо. Тухайлбал, Энэ 4 жилд эргэж буцсан, бодит бүтээн байгуулалтгүй, бодлогогүй, төрийн алба хаагчдын ёсзүйг умартсан, эдийн засгийн өсөлт ард иргэддээ очиж чадаагүй, хуулиа хэрэгжүүлдэггүй, төрийн байгууллагууд нь хууль зөрчсөн, үнэмлэхүй олонхиороо өөрсдийн талд хуулийг өөрчилсөн, төсвийн алдагдал хэмжээнээсээ хэтэрсэн, төсвийн үр дүнгүй, буруу шийдвэрээсээ зайлж, бултсан, ажил хийсэн дүр эсгэсэн, эрх баригчдын дотоод хагарал туйлдаа хүрсэн жилүүд өнгөрлөө.

    Ирэх 4 жилд юу хүлээгдэж байна вэ гэхээр эдийн засгийн маш хүнд нөхцөлд очно. Бид ямар түвшинд очихыг хэн ч таашгүй. Тиймээс хамгийн хариуцлагатай 4 жил болно” гэлээ. 

    УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Эрх баригчид мөрийн хөтөлбөрөө 70 орчим хувиар биелүүлсэн гэж үзсэн. Гэхдээ бодит байдал дээр үгүй байна.  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаснаар олон тулгуурт тогтвортой эдийн засгийг бий болгоно гэсэн. Гэвч өнөөдрийн байдлаар дотоодын үйлдвэрлэлүүд огт хөгжсөнгүй.

    Мах махан бүтээгдэхүүний экспортыг 50 мянган тонн-д хүргэж малчдын амьдралыг дэмжинэ гэсэн ч нөхцөл байдал эсрэгээрээ байна.

    Макро эдийн засгийн үзүүлэлт, тоог харвал маш олон ухралт байна. Энэ бол эдийн засгийг хэвийн хэмжээнд нь оруулахад дор хаяж хоёр Засгийн газрын хүчин чармайлт шаардана” гэв.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ