• Энэ удаагийн сонгуулийг өнжих гишүүд хэн бэ?

    2020-05-16

    МАН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн нэрс өнөөдөр тодорно.   Яг одоо МАН-ын бага хурал үргэлжилж байна.

    Тэгвэл энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй, нэрээ татаж авсан гишүүд тус намаас  цөөнгүй байна. 20 гишүүн гэж яригдаж байгаа ч эцэслэн тодорхой болоогүй байгаа юм. Харин Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, О.Содбилэг зэрэг гишүүд өөрсдөө энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн.

    Тухайлбал, УИХ-ын гишүүн  Ж.Энхбаяр, Ц.Гарамжав, Л.Энхболд нар залууст боломж олгох үүднээс сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ хэлсэн.

    УИХ-ын О.Содбилэгийн тухайд гадаадад байгаа бөгөөд тэрээр өөрийн нүүр номондоо “Би дөрвөн жил завсарлах болсноо жилийн өмнө шийдэж, У.Хүрэлсүх даргад 2019 онд Эрдэнэтэд ажил хэргээр очих үед нь хэлсэн. Би улс төрд 25 насандаа орж, УИХ-ын гишүүнээр сүүлийн 8 жил ажиллахдаа чадах бүхнийг цааргалан хийж, ёс суртахууны болон хуулийн зөрчил доголдол гаргаагүй ажилласан. Цаашид би улам ихийг  хийж бүтээхийн төлөө энэхүү шийдвэрийг гаргасан. Хүмүүсийн сайн сайхны төлөө зогсохгүй ажилласаар байх болно” гэжээ.

    Албан бус мэдээллээр дээрх таван гишүүнээс гадна М.Энхболд, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, А.Ундраа, Д.Ганболд, Д.Тэрбишдагва нарыг нэр дэвшүүлэхгүй гэдгээ МАН-ын дарга У.Хүрэлсүх мэдэгдсэн гэх мэдээлэл байна.  Мөн Дархан-Уул аймгаас хэдэнтээ сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа энэ удаагийн сонгуульд  өнжинө гэдгээ мэдэгдсэн.

    УИХ-ын гишүүн Д.Ганболдыг энэ сонгуульд нэр дэвшүүлэхгүйгээс гадна Бага хурлын гишүүнээс хассан.

    Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа нарыг  ч нэр дэвшүүлэхгүй гэх мэдээлэл байгаа.

    Харин УИХ-ын дарга Ө.Энхтүвшин нэр дэвшихгүй гэдгээ өөрөө илэрхийлсэн гэх мэдээлэл байна.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ