• Бие даагчдын мөрийн хөтөлбөрийг хөгжлийн бодлогод тулгуурлаагүй гэж дүгнээд буцаажээ

    2020-05-14

    УИХ-ын 2020 оны сонгуульд нийт 208 бие даагч  нэр дэвшихээр Аудитын үндэсний газар /АҮТ/-т мөрийн хөтөлбөрөө өгсөн. Тэгвэл аудитын байгууллагаас дээрх бие даагчдын мөрийн хөтөлбөрийг хянаж үзээд 121 хүнийхийг буцаасан байна. Буцсан горилогчид тавдугаар сарын 14-ний 00.00 цагаас өмнө мөрийн хөтөлбөрөө засварлан, аудитын газарт дахин хүргүүлэх боломжтой юм байна.

    Аудитын байгууллагаас бие даагчдын мөрийн хөтөлбөр буцсан гол шалтгаан нь  Сонгуулийн тухай хуулийн 38.3 буюу Засгийн газрын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох 2030-тай хөтөлбөрөө уялдуулаагүйгээс буцжээ.

    Аудитын шаардлага нь бие даагчийн мөрийн хөтөлбөрийн жагсаалт дээрх бодлогын баримт бичгийн аль заалттай уялдаж байгааг тус бүр зааж, хүснэгтэд байрлуулах ёстой юм байна. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ хөрөнгө оруулалтыг хэрхэн шийдвэрлэхийг маш нарийн тусгахыг шаарддаг байна.

    Тодруулбал, хөрөнгө оруулалтыг гадаад, дотоодоос, хандив, улсын төсөв, концессоор шийдвэрлэх эсэхийг тодорхой тусгах ёстой аж.

    Ийнхүү бие даагчдын 50 хувь нь шахуу эхний шалгуураа давахгүй өвдөг шороодлоо. Ер нь УИХ-ын сонгуульд бие даагчдын байр суурийг ажиглахад захын ганц хоёр оюутан суулгаж байгаад мөрийн хөтөлбөр боловсруулсан болоод өгчихдөг.

    Буцаасан хугацаанд засварласан нэр хэмээгээд СЕХ-оос мандатаа авчих бодол агуулж байгаа нь илт байгаа. Бие даагчдын мөрийн хөтөлбөрийг харахад бусад, нам эвслийн хөтөлбөрийн дэргэд бодлогын баримт бичиг гэхээсээ иргэнд таалагдах гэсэн  аар саархан асуудлаар мөрийн хөтөлбөр боловсруулдаг байна.

    Бие даагчдаас “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг хоёр хоногийн өмнө өөрийн хүсэлтээр нэр дэвшихгүй болсноо мэдэгдсэн. Түүний шийдвэр мөрийн хөтөлбөр нь буцаагдсантай холбоотой байхыг үгүйсгэхгүй. Аудитын байгууллагаас 208 хүний мөрийн хөтөлбөрийг 2-3 хуваан дүгнэлтээ гаргасан байна. Хуулийн хугацаанд засварлаад дахин хянуулах боломжтой гэж мэдэгдлээ.

    Мөн бие даагчид 801 хүний гарын үсэг цуглуулахдаа айлаар орж зуруулахгүй, орон сууц, гудамжинд  маск, бээлий өмч 1.5 метрийн зайнаас зуруулах юм байна.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ