• Л.Оюун-Эрдэнэ:Эгчээ,цонхоо нээ, цоо шинэ 30 жил ирчихсэн байна

    2020-05-13

    “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгийг энэ долоо хоногийн чуулганаар эцэслэн батална. Уг баримт бичиг Монгол Улсыг ирэх 30 жилд хөгжүүлэх, Монгол төрийн эрхэм зорилго, хар хайрцагны бодлого шингэсэн  баримт бичиг юм.

    Товчхондоо “Алсын хараа-2050”  бодлогын баримт бичгийг баталснаар Монгол Улс 30 жилийн дараа  нийгэм болон эдийн засгийн хөгжлөөр бүс нутагтаа манлайлсан Азийн тэргүүлэгч улс болно гэж  ЗГХЭ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодорхойлсон.

    Тэрээр, өнөөдрийн Өдрийн сонины дугаарт сэтгүүлч Б.Ганчимэгтэй өнгөрсөн 30 жилийн Монгол Улсын хөгжлийн алдаа оноог дэнсэлж, өөрийн үзэл санаагаа ил цагаанаар, шулуун шударгаар илэрхийлсэн байна.

    Түүний ярьсан зүйлээс онцолбол…

    “Эгч ээ, цонхоо нээ дээ, цоо шинэ 30 жил аль эрт ирчихсэн байна. Бид л бүтэн мэдрэхгүй байгаа болохоос. Энэ мэдрэмжийг “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг боловсруулах үедээ олж авсан. Товчхондоо би их өөдрөг байгаа” хэмээн  ярьжээ.

    Мөн тэрээр улс орон бүр алсын хараатай ирээдүйн тухай мэтгэлцээнийг эхлүүлж байгаа талаар дурьдаж,  өнөөдрийн миний хийж байгаа зүйлсийг ойлгоход их амархан. 2015 онд бичсэн “Азийн хүлэг улс” номыг минь уншихад ойлгоно” гэжээ.

    Энэ талаар “Манайд ирээдүй ярихаар л уурладаг. Эсвэл бүр 18 дугаар зуунаа яриад, нэг бол өнөөдрийн хов живэндээ сатаарчихдаг. Бид түүхээ уншиж, судлах хэрэгтэй. Түүхээ уншиж байж л ирээдүйгээ илүү тод хардаг гэдэг. Одоо цагт юу байна хэрүүл л байна.

    УИХ-аар өнгөрсөн 30 жилийн хугацаанд 500 гаруй бодлогын бичиг баримт хэвлэж гаргасан байна. Маш их давхцалтайгаас гадна  төлөвлөгөө хууль бүрийн ард санхүүгийн тооцоололтой нэг ч хууль байхгүй.

    ТЭЗҮ-үүд нь ингэж хийгдэх юм аа гэдгийг гаргасан томоохон төслүүд бидэнд алга. Яг үнэндээ дандаа л пресентаци л үзүүлж  байна. Монгол Улс 30 орчим жилийн дараа 5,5 орчим сая хүн амтай,нийслэл хотод 3,2 сая хүнтэй болж хүн ам нь хоёр дахин нэмэгдэх нь. Гэтэл тэр үед усных нь хэрэгцээ яах юм гэдэг тооцож гаргасан нэгдсэн төсөөлөл бидэнд алга” гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ