• “Хар жагсаалт”-ын хариуцагчийг мөшгөхөөр АН руу л явж орчихоод байна

    2020-05-13

    Хаяанд ирсэн УИХ-ын ээлжит сонгуулиас болж улс төрийн зарим хүчин улсаа нураахаас ч буцахгүй болчихжээ. Уг нь сонгуулийн маргааш нар мандана, Монгол Улс мөнх оршино. Гэвч сонгуулийн наана оноо цуглуулах гэсэн улс төрийн хүчнүүд эдийн засгаа унагаж мэдэх олон сэдвийг сэвж байна. Тэрний нэг нь Европын холбооны  хар жагсаалтад Монгол улс орсон гэх асуудал.  АН-ынхан анх гаргаж тавьсан энэ сэдэв угтаа бол АН-ын өөрсдийнх нь л бохир мөнгөний схемтэй холбоотой юм. Энэ тухай хожим дэлгэрэнгүй өгүүлэх учраас эхлээд “Хар жагсаалт”-ын талаар товчхон дурдъя.

    Нэгд,

    Европын холбооны “Хар жагсаалт” гэсэн зүйл огт байдаггүй. Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа энэ талаар маш тодорхой хэлсэн байна. Тэрээр “Гуравдагч орнуудын хувьд Европын холбооны хар жагсаалт гэж байхгүй. Бид улс орнуудын өнгөөр ялгадаггүй. Харин Европын холбооноос “Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт” гэж гаргадаг. Тэрхүү жагсаалтаа FATF -аас гаргасан жагсаалттай харьцуулах тал дээр анхаарч байна. Европын холбооны гаргадаг “Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт” 2016 онд хамгийн сүүлд шинэчлэгдсэн явдал нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн FATF-ын жагсаалтаас нэлээд хуучирсан болохыг илтгэж байна. Монгол Улсын хувьд FATF-ийн “эрчимтэй хяналтад” буй орон хэвээр байсан тул Европын холбоо “Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт”-аа шинэчлэхдээ нэмэх шаардлагатай болсон” гэж хэвлэлд ярилцлага өгсөн байна. Тэгэхээр байдаггүй “Хар жагсаалт”-аар Монголын эдийн засгийг дотроос нь унагах PR-ыг сөрөг хүчин явуулж байх шиг.

    Хоёрт,

    “Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт”-ын тухайд тайлбарлах ёстой байх. Европын холбооны зүгээс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд маш нухацтай ханддаг. Энэ бол Холбооны хувьд тэргүүлэх байр суурь эзэлдэг асуудлуудын нэг юм. Тиймээс ч онцгой анхаардаг гэдгийг Траян Лауренцю Христеа онцолсон байна. Тэгвэл Монгол Улс яаж яваад ийм асуудалд нэр холбогдчихов гэдэг анхаарал татна. Энэ бол улс орны эдийн засагт өгч байгаа үнэлгээ огтоос биш бөгөөд хууль бус мөнгөний сүлжээтэй холбоотой асуудал юм.

    Тэгэхээр их хэмжээний хууль бус эх үүсвэргүй мөнгөтэй холбоотой ямар хэрэг болсныг эргэн санах ёстой. Түрүүн түр хойш тавьсан үндсэн сэдэв рүүгээ хүссэн, хүсээгүй орж байна гэсэн үг л дээ.

    Улсаараа эх үүсвэргүй мөнгөний хэрэгт холбогдоно гэхээр ердөө ганцхан л бодит жишээ байна. Тэр бол уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголд оруулж ирсэн гэх 2012 оны үйл явдал.

    Өөрөөр хэлбэл, АН эрх барьж байсан Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас  худалдаж авсан гэх “Монголиан коппер корпорейшн”-ын хөрөнгө босгосон санхүүгийн схем л Монгол Улсыг өнөөдөр “Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт” руу түлхжээ.

    АН засаглаж байсан 2012 онд нийтдээ 400 сая 270 мянган ам.доллароор “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд оруулж ирсэн гэх боловч үнэн хэрэгтээ төрийн мөнгөөр “Эрдэнэт” үйлдвэрийг хувьдаа  авсан байж болзошгүй ноцтой баримт дэлгэгдэж байсныг олон нийт санаж байгаа биз ээ.

    “Худалдаа хөгжлийн банк 400 сая 270 мянган долларыг хаанаас босгосон бэ?” гэдэг асуулт өнөөдөр Монгол Улс “Өндөр эрсдэлтэй орнуудын жагсаалт” руу гулсах гол шалтгаан юм.

    Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Эрдэнэт”-ийн 49 хувийг авсан гэх 400 сая 270 мянган ам.долларын 72.4 хувь нь төрөөс, 27.6 хувь нь Худалдаа хөгжлийн банкнаас гарсан нь тогтоогдсон. Нарийн задалбал, эхний 183.6 тэрбум төгрөгийг 2016.02.26-нд Сангийн яамнаас вексель буюу өрийн бичиг бичиж гарсан байна. Энэ мөнгө “Кью Эс Си” зэрэг хэд хэдэн компаниар дамжиж “Монголиан коппер корпорейшн” компани буюу “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч Ц.Пүрэвтүвшинд очжээ. Мөн Дарханы төмөрлөгийн үйлдвэрт Аж үйлдвэрийн яамнаас өгсөн 90.3 сая ам.доллар ч мөн л замаар “Монголиан коппер корпорейшн”-д очсон байна.

    Харин Монголбанкны тухайд хоёр удаагийн өрийн бичгээр 200 тэрбум төгрөг гаргасан нь “Кью Эс Си” зэрэг компаниудаар дамжин эцсийн дүндээ Ц.Пүрэвтүвшин захиралтай “Монголиан коппер корпорейшн” компанийн дансанд орсон байна. Мөн Худалдаа хөгжлийн банкнаас барьцаагүйгээр 111.2 сая ам.долларын зээл авсан хэд хэдэн компани зээлсэн мөнгөө өмнөх схемийн дагуу Ц.Пүрэвтүвшингийн дансанд хийжээ.

    Нэг банк ийм хэмжээний барьцаагүй зээл гаргаснаар актив нь унаж, Банкны тухай хууль ноцтой зөрчигдөж байхад Худалдаа хөгжлийн банкныхан өөрсдөө байтугай Монголбанк ч давхар хууль зөрчсөн нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл, Төв банк хууль зөрчиж 200 тэрбум төгрөгийн өрийн бичиг бичиж өгөөд зогсохгүй Худалдаа хөгжлийн банкнаас 111.2 сая ам.доллар компаниудад барьцаагүй зээлснээс яг найм хоногийн дараа тус банкинд 13 тэрбум төгрөгөөр зузаатгал хийсэн байна. Хөгжлийн банкны тухайд 71.3 сая ам.долларыг “Кью Эс Си”, 51.3 сая ам.долларыг “Хөтөл цемент” компанид зээлсэн нь эцсийн дүндээ өнөөх схемээр дамжин Ц.Пүрэвтүвшинд очсон байна.

    Ийм луйврын схемээр АН-ынхан “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьд өгснөөс болж мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудалд Монгол Улс өнөөдөр хутгалтаад байна. Нөгөө талаас ийм улс төрийн хүчин сонгуулийн мөнгө босгохдоо ч эх үүсвэргүй 100, 100 сая төгрөг гишүүдээсээ татаж байгаа нь Европын холбооны хараанд өртөх болсон гол шалтгааны нэг юм. Үндсэндээ “Хар жагсаалт”-ын хариуцагчийг мөшгөхөөр АН руу л явж орчихоод байна гэсэн үг.

     

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ