• Үзэл бодлоо илэрхийлэн жагссан 100 залуусыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

    Засгийн газар, УИХ-ын үйл ажиллагааг шүүмжилсэн гэх 100 залууг өнөөдөр үг хэлэх эрхээ эдэлснийх нь төлөө баривчилсан талаар мэдээлсэн. Харин энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

    -Өнөөдөр үзэл бодлоо илэрхийлсэн 100 залууг цагдаагийн байгууллагаас баривчилсан гэсэн мэдээлэл цахим орчинд гарсан энэ асуудал яг юу болсон бэ?

    -2020 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 08.10 цагт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орчим зам дагуу хэсэг иргэдээс жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа талаар иргэдээс мэдээлэл ирсний дагуу шалгахад уриа лоозон ашиглаж бүртгэлгүй, КОВИД-19 цар тахалтай холбоотой онцгой дэглэм тогтоосон үед хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулсан үйлдэл болох нь тогтоогдсон.

    Мөн уг хууль бус жагсаал, цуглааны үйл ажиллагаа Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулагдсан болох нь тогтоогдсон тул Цагдаагийн албаны тухай хууль болон Зөрчлийн тухай хууль, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудад заасны дагуу хууль бус үйлдлийг таслан зогсоож холбогдох шалгалтыг явуулж байна.

    -Эдгээр залуус үг хэлэх эрх чөлөөгөө эдлэн жагссаны төлөө баривчилсанд иргэд шүүмжлэлтэй хандаж байна?

    -Эдгээр залуулсыг баривчлаагүй хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож холбогдох хуулийн дагууу шалгалтын ажиллагаа явуулж тайлбар аваад явуулсан. Дээрх хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулсан үйлдлийг шалгах явцад жагсаал, цуглаанд иргэдийг оролцуулахдаа эд мөнгөөр татсан байж болзошгүй үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн З дахь хэсэгт “Улс орны буюу тодорхой нутаг дэвсгэрийн хэмжээнд онц байдал зарласан, гамшиг болон аюул тохиолдсон бол тухайн нутаг дэвсгэрт уг шалтгаан арилтал жагсаал, цуглаан хийхийг хориглоно” гэж хуульчилсан.

    Мөн Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “………жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хуульчлан тогтоосон. Энэ дагуу Нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албанаас дээрх хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулсан талаархи гомдол, мэдээллүүдийг нэгтгэн шалгалтын ажиллагаа явуулж байна.

    -Энэ хаанаас, хэний зохион байгуулсан арга хэмжээ вэ?

    -Зөрчлийг шалгах ажиллагааг холбогдох нэгжид явуулж байгаа. Шалгаглтын дараа уг асуудал тодорхой болно. Цар тахалтай холбоотой онцгой нөхцөл байдал тогтоосон энэ цаг үед энэ мэтчилсэн хууль зөрчин үйл ажиллагаа явуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Дээрх хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулсан үйлдлийг шалгах явцад жагсаал, цуглаанд иргэдийг оролцуулахдаа эд мөнгөөр татсан байж болзошгүй үйлдэл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ