121 бие даагчийн мөрийн хөтөлбөр шаардлага хангаагүй тул буцаажээ

УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвших хүсэлтэй 208 хүн Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Урьд өмнө нь ийм олон бие даагчид сонгуульд өрсөлдье гэж байсан түүх байхгүй. Бие даагчдын мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаж байгаа эсэх тухай асуудлыг Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын орлогч О.Тэнгисээс тодруулахад, тэрбээр “Бие даан нэр дэвшигч 208 хүн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт ирүүлсэн. Төрийн аудитын байгууллагаас мөрийн хөтөлбөрүүдийг хянаж үзээд, 121 бие даагчийнх нь хуулийн шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр өнгөрсөн баасан гарагт болон өчигдөр буцаасан.

Энэ хүмүүс УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 38.9-д заасны дагуу тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрийн хуульд нийцэхгүй байгаа зүйлүүдээ залруулаад, дахиж ирүүлэх эрхтэй. Мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлээд ирэх юм бол дахиж хянаад, нийцсэн эсэх талаарх дүгнэлтийг гаргана.

Тавдугаар сарын 22-ноос өмнө бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хуульд нийцүүлж, боломжтой хүмүүсийн нэрсийг гаргах ёстой. Бие даагчдаас ирүүлсэн мөрийн хөтөлбөрийг  Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал, Сонгуулийн тухай хуулийн 38.3-т заасан  эд хөрөнгө амлалт өгөхгүй байх  заалт,  зарцуулагдах хөрөнгийн эх үүсвэр нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн байх  гэсэн 3 үндсэн  үзүүлэлтээр шалгаж байна” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ