“Алсын хараа-2050” баримт бичгийн ач холбогдлын талаар хэн юу хэлэв  

2020-05-12

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалыг энэ долоо хоногт УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаанаар эцэслэн батална.

Уг баримт бичгийн ач холбогдлыг илтгэсэн  УИХ-ын гишүүдийн онцлох үгийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бямбацогт:Монгол төрийн эрхэм зорилго, хар хайрцагны бодлого болсон энэхүү бичиг нь Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх чухал баримт  бичиг юм. 2016 онд одоог хүртэл баримталж байгаа “Тогтвортой хөгжил 2030”-ыг баталсан. Түүнд суусан зорилго, зорилтуудыг “Алсын хараа 2050” бичиг баримтад тусгах талд ажлын хэсэг анхааран ажилласан байна.  Ингэхдээ зарим нэг алдаатай заалтуудыг засч, залруулахыг хичээсэн.

Тухайлбал, ядуурлыг 2030 онд тэг төвшинд хүртэл буулгана гэсэн байсныг

  • 2030 онд 15 хувь, 2040 онд 10 хувь,
  • 2050 онд таван хувь болгох зорилт болгон өөрчилжээ.

Мөн нэг хүнд ногдох ДНБ-ийг 2030 онд 17500 ам.доллар гэж байсныг тооцоолол хийснээр

  • 2030 онд 12.000 ам.доллар,
  • 2050 онд 38.000 байхаар  тусгасан.

Монгол Улс 2050 онд нийгэм болон эдийн засгийн хөгжлөөр бүс нутагтаа манлайлсан Азийн тэргүүлэгч улс болно

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улс 2050 онд нийгэм болон эдийн засгийн хөгжлөөр бүс нутагтаа манлайлсан Азийн тэргүүлэгч улс болно. Click To TweetЯмар ч улс орон алсын хараагаа тодорхойлдог. Алсын хараа гэж  юу юм бэ гэхээр ирээдүйд болох зүйл буюу нийт иргэд, байгууллага, хувь хүн бүгд хамтдаа  зорилго, алсын хараа руу тэмүүлэх тэмүүллийг илэрхийлсэн утга агуулгатай байна.

УИХ-ын  гишүүн Б.Баттөмөр:“Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг дэмжиж байгаа. Хаа хүрч чадахаа харж чадвал тэнд хүрч чадна гэдэг. Энэ бодлогын бичиг баримтад дэвшилттэй санаа авч ажиллахаар маш олон заалт бий. Засаж залруулах ч зүйлс бий.Хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийн нэг нь хүртээмжтэй өсөлтөд суурилсан хүний хөгжил байгаа юм.

Хүнээ хөгжүүлэхгүйгээр цааш хөгжил гэж байхгүй. Тиймээс хүний хөгжлийн асуудлыг сайн авч үзэх шаардлагатай. Энэ том зорилтыг хэрэгжүүлэхэд өнөөдрийг хүртэл явж ирсэн хөгжлийн загвар таарахгүй.

Яагаад гэхээр өнөөдрийг хүртэл гадаад улс орны Монголын тухай гаргаж байгаа статистик, Монгол Улс дотроо гаргаж байгаа статистикаас харахад өнгөрсөн 30 жилийн хөгжил хангалтгүй байгаа. Тиймээс хөгжлийн загвараа авч үзэх хэрэгтэй. Хөгжлийн загварын нэг нь хүртээмжтэй өсөлтөд суурилсан хүний хөгжил юм.

Ядуурлыг бууруулах чиглэлээр авсан халамжийн бодлого үр дүнд хүрсэнгүй. Цаашид нийгмийн дундаж давхаргыг бий болгох баялгяийн тэгш хуваарилалтыг бий болгох чиглэлд анхаарах, шаардлага үүсэж байна. Өнгөрсөн хугацаанд бий болсон маш олон алдааг засах хэрэгтэй байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 2050 онд 38 ам.долларт хүрнэ гэсэн тооцоолол байна. Сүүлийн үед ДНБ-үүнээр хэмждэг газар байхгүй болж байгаа. Аз уаргалын индекс гэж юм гарч ирж байгаа. Хаана аз жаргалтай байна. Тэнд амьдрал, хөгжил байна гэж үздэг.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:Ер нь бид хаашаа явж, юунд хүрэх гэж байгааг тодорхой болгосон, хөгжлийг бүтэн утгаараа харуулсан баримт бичигтэй болох гэж байна.   Юуны түрүүнд Монголын ард түмний чинээлэг дундаж давхаргыг бүрдүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийг тогтвортой, хүн болгонд хүртээмжтэй байдлаар хүргэх бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мэдээж энэ бичиг баримтыг боловсруулж байх үед  цар тахлын ойлголт  байгаагүй. Тэгэхээр цар тахлын үр дүнд бид дэлхийн хөгжилтэй ер нь яаж уялдах вэ гэдэг асуултууд зүй ёсоор гарч байна. Дэлхийн эдийн засаг ер нь хаашаа яваад байна. Тэр тусмаа дэлхий нийт корона вирусийн ард ер нь ямар байдалтай болох вэ гэдгийг бас тооцоолж үзэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:Үдийн хоол” хөтөлбөрийг “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан нэн чухал зүйл болсон. Энэ бодлогын баримт бичиг нь өөрөө Монгол Улсын ирээдүйн 30 жилийн  хөгжлийг тодорхойлсон чухал баримт бичиг.  Тиймээс тусгайлан “Үдийн хоол” хөтөлбөрийн тусгайлан суулгаж өгсөн. УИХ 2019 оны дөрөвдүгээр сард ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан.

Хууль 2020 оны есдүгээр сарын 1-ээс хүчин төгөлдөр болно. Хууль хэрэгжсэнээр хот хөдөөгүй, найман зуу гаруй хувийн болон төрийн өмчит сургууль өөрийн гэсэн гал зуухтай болж, “Үдийн хоол” хөтөлбөр өдрийн хоол болж хэрэгжинэ. Click To Tweet

Энэ нь зүгээр нэг хоол хийгээд хүүхдүүдэд өгөх тухай асуудал биш. УИХ энэ хуулийг батлахдаа нийтийн эрүүл мэндийг хангах халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хойч ирээдүй маань зөв хооллодог байхаар хэрэгжүүлэх юм. Тодруулбал, 5-10 жилийн дотор Монгол Улсын хөрөнгө мөнгөний ихээхэн хэсгийг авч зарцуулдаг эрүүл мэндийн салбарын ачааллыг эрс бууруулсан чухал хууль болж хэрэгжих юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:“Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг  сайшааж байна. Хөгжлийн бодлого төлөвлөлт тогтвортой байх, дунд,богино, урт хугацаанд улс орны хөгжлийг бодлоготой явуулах асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасны дагуу орж ирж байгаа нь бүр ч сайшаалтай.  Олон асуудлыг энэ баримт бичигт тусгаж байгаа. Тухайлбал, төрийн албатай холбоотой асуудал байна. Сонгуулийн үр дүнгээр төрийн алба бужигнадаг. 2050 он хүрч байж төрийн албан сайхан болно гэвэл байж болохгүй зүйл. Тиймээс 2021-2030 он хүртэл гол гол зүйлс нь тусгалаа олсон байх хэрэгтэй. Эдийн засгийн тоон үзүүлэлттэй холбоотой том асуудлууд 2050 он хүртэл явах байх. Мөнгө орохгүйгээр шийдэх асуудлуудыг 2030 он руу нэлээн шахсан байх гэж бодож байна.

УИХ-ын Ж.Мөнхбат:Цаашид  Монгол Улсын явах замын маршрут, газрын зурагтай болж байна гэж ойлгож байгаа. Тиймээс чухал ач холбогдолтой баримт бичиг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ