• Харшлын их эмч С.Янжмаагийн ургамлын харшилтай хүмүүст өгөх 10 зөвлөгөө

    2020-05-12

    “Зөвлөгөө” булангаараа харшлын улирал эхлэсэнтэй холбогдуулан ургамлын харшлын үед юуг анхаарах,хориглох талаарх мэргэжлийн эмчийн зөвлөгөөг хүргэж байна.

    Арьсны Өвчин Судлалын үндэсний төвийн харшлын их эмч С.Янжмаа ургамлын харшилтай хүмүүст  зөвлөж байна.

    1.Тавдугаар сард нүд загатнаж,хамар битүүрч эхлэбэл модлог ургамлаас харшилтай гэсэн үг

    Жил бүрийн 4-5 саруудад ургамлын тоос,тоосжилт,тэр дундаа модлог ургамлын тоосжилт эхлэдэг. Одоо тавдугаар сард модлог ургамалд харшилтай хүмүүсийн харшил ид  хөдөлж байна. Зарим жилүүдэд зургадугаар сарын 10-нийг хүртэл үргэлжилдэг. Зургадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-ны хооронд үет ургамлын харшил үргэлжилдэг. Үүний дараа хог ургамлын харшил буюу Улаанбаатарчуудын дунд түгээмэл байдаг шарилжны харшилж эхэлж есдүгээр сарын дунд хүртэл үргэлжилдэг.
    Тийм учраас  яг ямар ургамлын харшилтай гэдгээ сорилын шинжилгээгээр оношлуулах шаардлагатай. Харшлаа тодорхойлуулсны дараа ямар эмчилгээ хийлгэдэг.

    2.Гурилнаас харшилтай биш л бол огт хэрэглэхгүй байх нь зөв арга биш

    21 дүгээр зуунд хамгийн их хэрэглэгдэж байгаа хүнс бол нэгдүгээрт цагаан гурил,хоёрдугаарт элсэн сахар байна. Гурил,элсэн чихрийн өндөр хэрэглээтэй холбоотой харшил ихэсч,эсрэгээрээ эдгээрийг хязгаарлахаар харшил багасаж байна гэсэн таамаглалуудыг дэвшүүлж байна. Гэхдээ энэ бол 100 хувь батлагдсан зүйл биш. Ямарваа нэгэн хоол хүнсийг хэмжээг нь тааруулж идэх ёстой болохоос бүрмөсөн хоолноосоо хасч болохгүй. Кето дэглэмийн үед нүүрс усаа хасахад үс,хумс унах гэх мэт гаж нөлөө илэрдэгтэй адилхан. Гуриланд бас хэрэгтэй микро элементүүд байдаг учраас гурилнаас харшилтай гэж тогтоогдоогүй л бол гурилыг шууд хасах нь зөв арга биш.

    3.Гормоны агууламжтай тариаг зөвхөн амь насны заалттайгаар хийдэг,дур мэдэн хийлгэж болохгүй

    Гормоны агууламжтай тариаг зөвхөн эмчийн заалтаар хийнэ. Харшлын хурц үрэвсэлтэй,амьсгал бачуурсан,боогдсон гэх мэт амь насны заалттай бол гормоны эмчилгээ зайлшгүй хийгддэг.  Нийт өвчтөнүүдийн маш бага хувьд нь л хийгддэг. Гэтэл иргэд маань гормоны эмчилгээ хийлгүүлэх шаардлагагүй атлаа “энийг хийлгэчихвэл түр зуур намжчих юм байна” гээд тэсвэр алдах маягтай хийлгэдэг. Урт болон богино хугацааны дараа маш олон сөрөг нөлөө илэрдэг  учраас  дур мэдэн тариулж болохгүй.

    4.Шарилжны харшилтай хүмүүс үүрийн 05:00-07:00 цагийн хооронд цонхоо хаах хэрэгтэй

    Шарилжны харшилтай хүн шарилж тоосоо гөвдөг өглөөний 05:00-07:00 цагийн хооронд цонхоо хаах хэрэгтэй. Хэрвээ энэ үеэр цонхоо онгорхой байлгасан бол харшлын эмээ уусан,уугаагүй ялгаагүй өдөржингөө л хамар битүү байдаг. Гэртээ чийгтэй цэвэрлэгээг өдөрт хоёр удаа хийх хэрэгтэй. Гаднаас орж ирсэн хувцасаа үүдэнтэй тайлаад,усанд ороод унтахад шөнө амьсгаа боогдох,бачуурах хүндрэлүүд маш бага ажиглагддаг.

    5.Харшлын эмний үйлчилгээг дарангуйлдаг учир дорх хүнсийг хэрэглэхгүй байх нь зүйтэй

    Ургамлын харшилтай л бол зуны улиралд айраг хатуу хорих хэрэгтэй. Гаазтай ундаа,төрөл бүрийн амтлагчтай хоол, цитрусын төрлийн жимснүүд нь хүчтэй сэдрээдэг учраас хэрэглэхгүй байх нь зүйтэй. Антигистамин гээд харшлын эмний  гол  үйлчилгээг сулруулдаг учраас дээрх хүнсийг хэрэглэхгүй байх нь зүйтэй.

    6.Харшлын улиралд хүний бие жимсийг шарилжтайгаа андуурдаг учраас жимснээс түр хугацаанд татгалзах хэрэгтэй

    Харшилтай хүний биед солбицох урвал явагдах боломжтой  учраас харшил эхлэсэн үед зарим төрлийн жимсийг шарилжтайгаа андуурч танин,   шок өгдөг учраас ер нь бүх төрлийн жимснээс татгалзах нь зүйтэй.

    Харин алим, тоор таарахгүй уруул хэл хавдах тохиолдлууд бий. Ер нь л харшил эхлэсэн бол бүх төрлийн жимснээс түр хугацаанд татгалзахад гэмгүй.

    7.Нүд,хамарны дусаалгыг эмчийн бичиж өгсөн тунгаас хэтрүүлж болохгүй

    Нүд, хамарны дусаалгыг дандаа жороор олгож байгаа хэдий ч хүмүүс маань дур мэдэн тунг нь хэтрүүлэн хэрэглэж байна. Өдөрт гурван хайрцаг хамрын цацлагыг  хэрэглэдэг ч хүмүүс байна. Гэтэл эмчийн заавар дээр бол өдөрт  2-3 удаа шүрших гэж заасан байгаа. Хэтрүүлэн хэрэглэсэн үед эмийн гаж нөлөө заавал илэрдэг. Яг тухайн сардаа биш ч гэсэн жилийн дараа хамарт нь мах ургах, нүдний хараа муудах шинж тэмдгүүд илрэх эрсдэлтэй учраас нэгдүгээрт , зөв эмээ эмчийг заавраар авч, хоёрдугаарт эмийг эмчийн заавраар зөв ууж хэрэглэхийг зөвлөж байна.

    8.Шарилжны вакцинд зөвхөн дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө хамрагдаж эхлэх ёстой

    Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нд шарилжны харшлын эсрэг вакцин долдугаар сарын 1 хүртэл схемтэйгээр хийгддэг. Схемийн дундаас шинээр орж ирэх боломжгүй учраас  одоо нэмж хүн хамруулахгүй боломжгүй байгаа. Дараа жилийн дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн дархлаа эмчилгээндээ сайн хамрагдвал зун нь харшил хөдлөхгүй байдаг.

    9.Адилхан харшилтай л бол адилхан эмчилгээ хийгдэнэ гэсэн үг биш

    Тухайн хүний:

    1. Нас хүйс
    2. Биеийн жин
    3. Онош
    4. Хэдэн жил өвдсөн
    5. Хэр хүнд өвдсөн гээд олон хүчин зүйлээс шалтгаалдаг тул эмчилгээ нь өөр байдаг.

    Урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээ, дархлаа дэмжих эмийн эмчилгээ,  хүүхэд,жирэмсэн эхчүүдийн хувьд хяналтанд авах, хүндэрсэн тохиолдолд цус шүүх эмчилгээг хийж байна. Хамгийн гол нь хэр удаан харшилтай явж байгаа, хэр хүнд шинж тэмдэг илэрдэг зэрэг бүх зовиураа мэргэжлийн эмчид сайн хэлэх ёстой.  Дам сонсоод хийсэн эмчилгээ тухайн хүндээ оновчгүй байдаг. Хүн болгоны эмчилгээ өөр байдаг. Нарийн мэргэлжийн эмч нарт үзүүлж зөвлөгөө авах нь хамгийн чухал.

    10.Бизнес,сүлжээний бүтээгдэхүүн сурталчлах нь эмчийн ёс зүйд нийцэхгүй

    Шинжлэх ухааны үндэслэлтэй, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн баталгаатай эмчилгээг л эмч хүн өвчтөнд өгдөг. Ямар нэгэн бизнес, сүлжээний бүтээгдэхүүн сурталчлах нь  ёс зүйд нийцэхгүй.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ