
УИХ-ын ТББХ-ны хуралдаанаар Хот байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Хаянхирваа “Хот байгуулах ажил нь ажлын хэсэг байгуулах шатандаа явж байна уу эсвэл хот байгуулах тооцоо, судалгаа үндэслэл дээр суурилж байна уу. Бид хот байгуулна гээд өмнө нь ярьж байсан. Одоо Дархан, Эрдэнэтийг хот болгох асуудлыг шийдэх ёстой. Өмнөх ажил хэрэг болгож чадаагүй байж нэмээд хот байгуулахаар цаасан дээр төлөвлөж, зардал гаргаад явах нь зөв үү. Хот байгуулахад зардал ямар байх вэ. Аэросити, Майдар хот байгуулах гээд бүх судалгааг хийсэн гэж байна. Энэ судалгаануудад ойролцоогоор хэдийн хэмжээний зардал мөнгө зарцуулагдах тооцоо гарсан бэ” хэмээн асуув.
БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар “Хот байгуулах шийдвэрийг өргөн барьж байгаа нь сүүлийн 30 гаруй жил өргөн баригдаагүй. Хотын хүн амын өсөлт нэмэгдсэн, төвлөрөлтэй холбогдуулан зайлшгүй шинэ хотуудыг байгуулах шаардлага үүсч, тооцоо судалгаа хийгдээд оруулж ирж байна. Хот байгуулахдаа эдийн засаг, дэд бүтэц, ус гээд олон талаас нь боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Цаашид хот байгуулахтай холбоотойгоор хэд хэдэн хуулиуд УИХ-аар томилуулахаар хүлээгдэж байгаа. Аеросити дээр 32 их наяд төгрөгийн тооцоолол гаргасан. Үүнээс эхний ээлжинд 1,7 их наяд төгрөг шаардлагатай байгаа юм. Ажлын байрыг дагаж хотын төвлөрөл бий болдог. Майдар хот дээр 40 тэрбум евро, эхний ээлжинд 3,2 их наяд төгрөг төлөвлөж байгаа. Хот төлөвлөлтийн ажил гарсан шийдвэрийн дагуу үе шаттай олон жилээр төлөвлөж байгаа” гэж хариулсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Хуулийн төсөлтэй холбоотойгоор хотуудын нэрийг өөрчлөх асуудал яригдаж байна. Тэгэхээр хотын нэрийг өөрчлөх саналаа эргүүлэн татаж, орон нутаг бусад олон талын байр суурийг нэгтгэж байж өөрчлөх ёстой болов уу” гэлээ.
УИХ-ын гишүүн М.Энхболд “Майдар гэдэг хотын нэрийг шууд өөрчлөх нь зөв болов уу. Майдар хотын төлөвлөлтийн хүрээнд олон улсын байгууллага Майдар гээд өгчихсөн юм билээ. Олон улсын байгууллага хот төлөвлөлтийн хувьд эко хот байх нь гэж үзээд Майдар хот гэдгээр нь сертификат олгосон. Тэгэхээр Майдар хот гэдэг нэрийг нь өөрчлөх нь зөв болов уу” гэсэн юм.
Аэросити хотын нэрийг Шинэ зуун мод болгох горимын саналыг УИХ-ын гишүүн М.Энхболд, Н.Энхболд нар гаргаж, санал хураав. Шинэ зуун мод гэдэг нэр нь 2008 оноос яригдаж ирсэн гэдгийг санал гаргасан гишүүд онцоллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй