УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
Бид 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Улсын Ерөнхий прокурорыг томилогдмогц авлига, албан тушаалын 23 хэргийг хуульд заасан хугацаанд яаралтай шийдвэрлээч гэдэг албан бичиг хүргүүлсэн. Шийдвэрлэлт нэг жилийн дараа ямар байдалтай явж байгаа талаар прокурортой уулзаж, дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
23 хэрэг нь 40 хэрэг болж задарсан байгаа. Тодорхой төрлийн хэргүүд тав, зургаан хэрэг болж шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа юм байна. 40 хэргээс 14 хэрэг шүүхэд шилжиж шийдвэрлэгдээд байна. Тухайлбал Шинжаан Шиньфаны хэрэг шийдвэрлэгдээд хохиролыг төлүүлж дууссан байна.
Мөн Тавантолгойн бүлэг орд газраас 368 мянган тонн нүүрс хулгайд алдагдсантай холбоотой хэрэг шинжээчийн дүгнэлтээ хүлээгээд байж байх жишээтэй. Бусад хэргүүд мөрдөн байцаалтын шатандаа яваа, удахгүй шүүхэд шилжүүлэх юм байна.
Улсад учруулсан хохирол болох 54 тэрбум төгрөгийн хохирол өнөөдрийн байдлаар нөхөн төлөгдсөн гэсэн мэдээлэл өглөө. Задруулах боломжгүй зарим мэдээлэл өгөхөөс татгалзлаа.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан :
С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулж Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хуурамч нотлох баримт бүрдүүлж, эрүүдэн шүүх замаар ял тулгаж, гурван шатны шүүхээс ял өгсөн. Эрүүдэн шүүсэн гэдэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж найман этгээдэд холбогдох хэрэг Төв аймгийн шүүх дээр очоод найман сар гацаж байгаа. Төв аймгийн шүүх шүүх хуралдаанаа тавдугаар сарын 20-нд товлосон байна.
Стандарт банктай холбоотой хэрэг, Оюутолгойн гэрээг байгуулах явцад Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарын нөлөөлөл орсон асуудал, Эрдэнэтийн 49 хувь гэх мэт томоохон хэргүүд бий.
Ц.Элбэгдорж өнөөдөр тусгаарлалтаас гарч байгаа учраас АТГ-аас мэдүүлгээ авч байна гэдэг мэдээллийг өгч байна.
С.Баярын хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болж байна. Б.Хурцтай холбоотой аж ахуй нэгж компанийг тоносон, дээрэмдсэн, айлган сүрдүүлсэн, УИХ-ын гишүүдийг оронд нь ална тална гэж заналхийлсэн хэргүүдийн мөрдөн байцаалт үргэлжилж байна гэж хэлж байна. 40 хэргийн дийлэнх нь прокурор, шүүх рүү шилжсэн байна.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ :
МАНАН бүлэглэл үнэхээр бодитой юм байна гэдгийг сүүлийн нэг жилийн хугацаанд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх хугацаанд дэндүү сайн ойлгож авлаа. Магадгүй би Монгол Улсын хамгийн их мэдээлэлтэй эхний таван хүний нэг байж магадгүй. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ энэ бүлэглэлтэй хэн хэн холбоотой юм бэ гэж боддог байсан. Жилийн дараа энэ бүлэглэлтэй хэн холбоогүй вэ гэж хайх хэмжээнд хүрсэн юм байна.
Одоо сонгууль дөхөж байна. Монгол хүний итгэмтгий, гэнэн, өрөвддөг сэтгэл зүй дээр дахиад л том ажиллагаа явна.
Ажиглаад байгаарай. Яллагдагчаар татагдсан маш олон хүн нэр дэвшигч болж байна. Нэг долоо хоногийн сүүлээр энэ хүмүүс нэр дэвших эрхээ авангуут хууль хяналтын байгууллага шалгах эрхгүй болно. Ингээд гишүүн болчихоор дөрвөн жилийн дотор хөөн хэлэлцэх хугацаа дуусна.
60 тэрбумын асуудлын араас 100 саяын асуудал гарч ирлээ. Төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаа гэж харахаас өөр аргагүй. 100 сая төгрөг эсвэл банкнаас эсвэл уул уурхайн компаниас гарна. Үүний үр дүнд ямар нэг асуудал гарахаар зугтдаг гишүүд, хэн нэг компанийн захиралын өрөөнд хундагалаад байж байдаг гишүүд, эсвэл дуугүй бүлх залгисан юм шиг байдаг гишүүд гарч ирнэ. Тиймээс олон нийт үүнийг анхааралтай харах хэрэгтэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэлтэй
Тэнэг попууд. Монголчууд хэн нь хэн бэ гэдгийг та нартай та наргүй мэднэ. Сонголтоо та нарт булаалгахгүй