З.Энхболдыг амлаад байсан Э.Бат-Үүл тохирчихов уу, эсвэл ял авахад хүрэв үү

УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлсэн хотын дарга асан Э.Бат-Үүл яг 15 хоногийн өмнө З.Энхболдыг хаана нэр дэвшинэ, тэнд нэр дэвшинэ гэж байж билээ. Гэтэл өнөөдөр Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, МАН-ын дарга, генсек хоёртой өрсөлдье гэж мэдэгдэх аж.

4 дүгээр сарын 24-ны өдөр Э.Бат-Үүл “Манай намын “жинхэнэ” дарга З.Энхболд мэтийн ардчиллын дайснуудтай тэмцэхээр УИХ-ын сонгуульд бие дааж нэрээ дэвшүүлэхээр шийдэж хүсэлтээ өглөө. Намынхаа залууст Зи-г зайлуул гэж сануулсан байхаа” гэв.

Тэрбээр “Миний намыг ардчиллын эсрэг турхирч байгаа З.Энхболдтой би тэмцэнэ. З.Энхболд хаана нэр дэвшинэ. Би тэнд нэр дэвших болно” гэж мэдэгдэж байлаа.

Гэтэл өнөөдөр “Намайг гэмт хэрэг үйлдсэн мэтээр нийтийн тархийг угааж байна. Харамсалтай нь энэ гүтгэлгийг илчлэх боломж надад даанч алга. Өөрийг нь хилс хэргээр ялд унагах гэж буй гүтгэлгийг илчлээд цагдан хоригдсон М.Энхсайханы аюул занал намайг хүлээж байна.

Гагцхүү би шударга шүүхээр нээлттэй шүүлгэх эрхээ эдэлнэ гэдэгтээ итгэж, иргэнийхээ журамт үүргийг биелүүлэхээр тэвчиж сууна. Намайг гэмт хэрэгтэн болгож нийгмийн тархийг угааж байгаад маш их сэтгэл зовж байна.

Аливаа нөлөөнөөс ангид шудрага шүүх болоосой гэж хүсч байна. Шударга шүүхээр шүүгдсэний дараа энэ ямар муухай гүтгэлэг байсныг олон түмэн мэдэх болно. Гүтгэлийн цаана миний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гутаах гэсэн улс төрийн зорилготой үйл ажиллагаа явж байна. Үүний төлөө МАН сүүлийн 4 жил ажиллаж гэр хорооллын дахин төлөвлөлтийг зогсоосон.

Иймээс миний бие МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг УИХ-ын 2020 оны сонгуулиар нийслэлийн сонгуулийн тойрогт, тэр тусмаа гэр хороололд, “Грандлайн” компанийн дахин төлөвлөлт явагдсан Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж, надтай өрсөлдөж, сонгогчдын шударга шүүхээр шүүлгэхийг уриалж байна” гэв.

Ийнхүү хагас сарын дотор хоёр өөр мэдэгдэл хийж байгаа нь гайхалтай. Тэр З.Энхболдтой биш МАН-ын дарга нартай өрсөлдөнө гэж байгаа нь түүний хэрэгт хууль, шүүхийнхэн М.Энхсайханд оноосон шиг ял өгөх нь тодорхой болсон бололтой. Эсвэл З.Энхболдтойгоо тохирсон хэрэг. Ийнхүү улсын баатар орох байхаа олж ядаж явна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ