Д.Бумдарь:“100 сая төгрөгөө тушаавал нэр дэвших эрх чинь нээгдэнэ” гэж байгаа нь улс төр, мөнгө хоёрыг улам ойр гэдгийг ил тодоор зарлаж байна

2020-05-11

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.

-УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль “COVID-19” цар тахлын хөл хориотой үед болохоор байна. Мөн энэ удаад өмнөх сонгуулиудаас хэд дахин олон бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн нь анхаарал татаж байна.  Танд УИХ-ын сонгуулийн үйл явц хэрхэн өрнөх дүр зураг харагдаж байна вэ?

-УИХ-ын 2020 оны сонгуульд 208 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлсэн гэсэн мэдээлэл байна. Үүнээс  хэд нь аудитын хяналтыг давж нэр дэвших нь тодорхойгүй байна. Яг сонгуульд өрсөлдөх эрхээ авсан цагт хэдэн бие даагч нэр дэвших болон 15 нам, дөрвөн эвслээс хэдэн хүн нэр дэвших нь тодорхой болно. Өнөөдрийн байдлаар сонгуультай холбоотой ямар нэгэн хязгаарлалт, эсвэл ямар нэгэн үйл ажиллагааны зохицуулалтад СЕХ болон Засгийн газраас шийдвэр гаргаагүй байна.

-Бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн хүмүүсээс аудитын хяналтыг давж чадахгүй хасагдсан ч өмнөх долоон удаагийн сонгуулийг бодвол харьцангуй  олон хүн бие даан өрсөлдөх нь тодорхой байна. Санал хуваах зорилготой энэ олон бие даагч өрсөлдөх гэж байгаа нь сайн гэхээсээ сөрөг  тал ихтэй болов уу?

-Монгол Улс өнгөрсөн хугацаанд долоон удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулсан ч бие даан нэр дэвшиж, парламентад суудал авсан ердөө 10 гишүүнтэй байсан. Нэг парламентад дээд тал нь гурван хүн л бие даагч гишүүн байсан гэсэн үг. Үүнээс олон бие даагч гишүүнтэй байж чадаагүй. Үндсэн хуульд заасан эрхийн дагуу хэн ч улс төрийн сонгуульд өрсөлдөх бүрэн эрхтэй. Тэр утгаараа бие даагчид нэр дэвших нь зүй ёсны хэрэг. Харин үүнээс улс төрийн намуудын итгэл хүлээх түвшин ямар хэмжээнд хүрсэн байна, мөн хэт данхар том болсон байна вэ гэдгийг харж болно.  Өөрөөр хэлбэл, намд квот, тойрог, нэр дэвших боломж хүрэлцэхгүй байх зэрэг маш олон асуудал байж болно.

Мөн улс төрийн нам дотоод ардчилалгүй болсон, дээр нь ард иргэдийн хүсэж байгаачлан нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас үнэлэгдэхгүй байна гэдгийг харж болно гэсэн үг.

Ер нь олон жилийн түүхтэй том намууд төлөвшчихсөн байдаг. Ийм хүчний дундуур улс төрд орох зэрэг олон шалтгааныг хэлж болно. Click To TweetМөн мэдээж эдгээрийн дотор санал хуваах зорилготой орж ирж байгааг үгүйсгэхгүй.

-Бие даан нэр дэвшигчдийн дунд АН-ын гишүүд нэлээд олон байгааг харж болно. Үүний шалтгаан нь АН нэр дэвшихийг хүссэн гишүүдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авч байгаатай холбоотой, энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг намын гишүүд нь ч хэлж байгаа шүү дээ?

-АН өнгөрсөн дөрвөн жил сөрөг хүчний үүргээ биелүүлж чадаагүй.

Дөрвөн жилийн турш сөрөг хүчингүй парламенттай байсан гэж хэлж болно. Дээр нь нам доторх зөрчил нь нэлээд хурцадмал байлаа. Click To Tweet

Түүний илрэл бол гишүүд нь бие даан сонгуульд нэр дэвшиж байгаагаас харагдаж байна.

Харин 100 сая төгрөгийн дэнчин гэдэг бол тухайн намын дотоод журмын асуудал. 100 сая төгрөгийн дэнчин авсан гэдгээ намын дарга нь хэлэхгүй шүү дээ. Харин ямар зүйл байна вэ гэвэл, сонгуулийн зардал асар өндөр тавигдсан байгаа юм. Баянгол дүүрэгт л гэхэд сонгуульд 700 сая төгрөг зарцуулж болно гээд тавьчихсан байх жишээтэй. Уг нь улс төрийн нам тухайн нэр дэвшигчдээ санхүүгийн зардал өгөх ёстой.

Гэтэл манайд “Та өөрөө биеэ даагаад санхүүгийнхээ учрыг олоод яв” гэдэг асуудлыг тавьдаг. Тиймээс сонгуулийн санхүүжилтийг нам ямар нэгэн хандив, гишүүнчлэлийн татвар зэргээс цуглуулна. Тиймээс 100 сая төгрөг нь ямар хэлбэрээр орж байна гэдгийг хэлэх хэцүү.

Хэрэв “100 сая төгрөг төлөөд таны нэр дэвших эрх чинь нээгдэнэ” гэж үзэж байгаа бол улс төр, мөнгө хоёрыг улам ойр гэдгийг ил тодоор зарлаж байна гэсэн үг. Click To Tweet

-Сонгуулийн тухай хуульд улс төрийн намд иргэнээс тав, аж ахуйн нэгжээс 20 сая хүртэлх төгрөгийн хандив авч болно гээд заачихсан. Гэтэл АН нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн дэнчин авсан нь тодорхой болсон. Түүгээр ч  зогсохгүй хоёр дахь шатны гэрээ гэх нэрийдлээр дахиад 300, 400 сая төгрөгийг авах талаар яриад эхэллээ. Тэгэхээр энэ нь хууль зөрсөн үйлдэл биш үү?

-Сонгуульд нэр дэвших эрх нээгдсэний нь дараа тухайн нэр дэвшигчийг дэмжиж байгаа хүмүүс нь хандив өгөх сан буюу данс нээх ёстой. Тус хандивын дансыг санал хураахын өмнөх өдөр хүртэл нээлттэй байгаа. Үүнээс өмнө намууд санхүүжилтээ яах вэ гэдэг зохицуулалтыг өнөөдрийн үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуульд оруулж өгөөгүй.

Манайх шиг ардчилал хөгжиж, төлөвших шатандаа яваа улс оронд эрх баригчид илүү боломжтой тал үүсдэг. Click To Tweet

Учир нь, захиргааныхаа бүх асуудлыг өөрийн удирдлагад авч байна. Намын гишүүдээс улс төрийн албан тушаалд томилогдсон байдаг нь давуу тал болдог. Гэтэл сөрөг хүчний хувьд энэ боломж нь сул учир мөнгө асар их шаардлагатай болж байгаа юм. Дээр нь манай улс сонгуульд мөнгө маш их шаарддаг. Том газар нутагтай, тархай бутархай оршдог нь үүнд нөлөөлдөг. Санал худалдах зэрэг мөлхөө түвшиндээ асар их мөнгө зардаг. Иймэрхүү зүйлс нь мөнгөний хардлага, нэр дэвшихийн тулд намдаа мөнгө хандивлах ёстой гэдэг зүйл рүү л аваачиж байна. Нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Мөнгийг ямар хэлбэрээр авч байна гэвэл хууль зөрчөөгүй хэлбэрээр л бүгдийг хийнэ гэсэн үг. Нэг ёсондоо хуульд заагаагүй учир тухайн мөнгийг ямар нэгэн аргаар авч болж байна гэсэн үг.

-АН-ын хувьд 100 сая төгрөгийн дэнчин өгөх чадалтай, мөнгөтэй нэгэнд нэр дэвших эрхийг өгч байна. Чадахгүй нэг нь бие даана, эсвэл  нэр дэвшиж чадахгүй  үлдэх болж байх шиг байна. Үүнээс харахад мэдлэг чадвартай бус, мөнгөтэй нь УИХ-ын гишүүн болж суудал бөглөх байдлыг бий болгоод байх шиг?

-Олон улсад бол улстөрчид Улстөрийн санхүүжилтийн хуулиараа зохицуулсан сантай байдаг. Тус сан нь намынхаа дэргэд байж болно. Эсвэл өөрийнх нь штабад ч байж болно. Тус сан руу тухайн улстөрчийг дэмждэг иргэн хандив, мөнгөө хийж, тус мэдээлэл нь ил тод, шилэн байдлаар байршиж байдаг. Тэгэхээр тухайн хүн мөнгөгүй байсан ч дэмжигчдийн хандиваар мөнгөтэй, улс төрд гарах боломжтой болчихож байгаа юм. Харин манай улсад тийм зүйл байхгүй.

Улс төрийн санхүүжилтийн бие даасан хууль байдаггүй. Хоёрдугаарт, сонгуулийн санхүүжилт, улс төрийн санхүүжилт тусдаа байх ёстой ч байдаггүй Click To Tweet. Улстөрч сан нээгээд явах хуулийн зохицуулалт байхгүй учраас мөнгөтэй хүн л гарч ирээд байдаг. Тиймээс л АН-д “Найзууд нь дэмжээд 100 сая төгрөг өгч яагаад болдоггүй юм, чамайг дэмждэг хүн байвал өгөх ёстой” гэсэн юм яваад байгаа юм. Улс төрийн санхүүжилтийн болон сонгуулийн санхүүжилттэй холбоотой зүйлийг ил тод болгохгүй бол ийм зүйл үргэлж байна гэсэн үг.

-Ер нь өнөөдрийн сонгогчдын итгэл үнэмшил нам, эвсэлд түлхүү байна уу. Бие даан нэр дэвшигчдэд байна уу. Олон бие даагч парламентад суудал авах магадлал хэр байгаа бол?

-Өнгөрсөн долоон удаагийн сонгуулийн туршид нийт 10 бие даагч гишүүн гарсан байдаг. Энэ утгаараа ч энэ удаагийн сонгуульд тийм ч олон бие даагч гарахгүй. Санал хуваах зарчимтай байна гэсэн үг. Томсгосон мажоритар тогтолцоогоор сонгууль явуулж байгаа үед 15 нам, дөрвөн эвсэл гэхэд 700 орчим хүн элбэг нэр дэвшихээр харагдаж байна. Тэгэхээр нэг тойрогт 15-20 хүн нэр дэвшинэ гэсэн үг. Танигдсанаасаа эхлээд дугуйлна гэж тооцохоор үлдсэн хүмүүс нь хоорондоо санал хуваалцана гэсэн үг. Иймэрхүү тохиолдолд үндэсний хэмжээний томоохон намуудад давуу байдал үүснэ. Эсвэл тухайн тойрогт тогтмол үйл ажиллагаа явуулдаг нэр дэвшигчид давуу тал үүсэх сонгууль болно. Парламентын засаглалтай улсад сонгогчид улс төрийн намд итгэх үү, бие даагчид итгэх үү гэдэгт ямар ч тохиолдолд олонхоороо шийддэг гэдэг утгаараа улс төрийн намын фонн өндөр байна.

-Сонгуулийн бэлтгэл ажил онцгой нөхцөлд болж байна. Одоо нэр дэвшигчдийг тодруулах ажил өрнөж байна. Намууд юунд анхаарах ёстой вэ?

-Аудитаар шалгуулаад сонгуульд оролцох эрх нь нээгдчихлээ. Тэгэхээр намд одоо олон нийтэд ил болоогүй зүйл бол хэн нэр дэвших вэ гэдэг л байна. Гэхдээ хэн нэр дэвших вэ гэдэг нь томоохон намуудын хувьд аль хэдийнэ тодроод, жигдэрчихсэн байгаа. Яахав, зарим тойрогт өрсөлдөөнтэй асуудал байгаа байх.

Сонгууль дөхөх тусам улс төрийн намуудын бүх зүйл хаалттай, битүү болж эхэлдэг.

Намууд мэдээж хууль, дүрмийн дагуу явах ёстой. Мөн мөрийн хөтөлбөрийнхөө дагуу өөрсдийгөө сурталчлах, цар тахлын хөл хориотой үед өөрсдийгөө яаж таниулах, хөтөлбөрөө сурталчлах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Үүнд СЕХ маш их анхаарах ёстой. Ялангуяа хөл хориотой байгаа, олон хүн нэг дор цуглуулах боломжгүй байгаа энэ тохиолдолд тэгш оролцоо, өрсөлдөөний тэгш гарааны зарчим үйлчлэх ёстой учир тэр бүхэнд анхаарч боломж өгөх ёстой. Ер нь улстөрчид сонгуулийн санал хураалт болсны маргаашаас эхлээд л ирэх дөрвөн жилдээ өөрийгөө бэлтгэх ёстой. Ингэж чадвал улстөрчид  айх зүйл байхгүй.

-Залуу гишүүдээр парламентыг сэлбэхийг олон нийт хүсэх болсон. Энэ парламентад бас ч гэж залуу гишүүд харьцангуй олон байна. Харин дараагийн парламентад залуу хүмүүс улс төрд гарах магадлал хэр харагдаж байна вэ?

-Үе солигдох хэмжээний залуучууд гарах байх гэж бодож байна. Учир нь, улс төрийн нам, парламентад ч энгийн ажил хийж байсан бол тэтгэвэрт гарчихсан байхаар хүмүүс олон байгаа нь үнэн. Гэхдээ парламентад залуу гишүүн байх нь сайн, настай гишүүнтэй бол муу гэсэн үг биш. Тухайн УИХ-ын гишүүний үзэл санаа, мөрийн хөтөлбөр таалагдаад тойрогтоо сонгогдсон бол тухайн хүн чадаж байна л гэсэн үг. Гол нь парламентын засаглалтай улс орнуудад парламент нь өөрөө олон ургалч үзэл санааны илэрхийлэл байдаг. Нэг ёсондоо аливаа тойрогт тухайн хүнийг дэмжиж байгаа сонгогч байна гэдэг намын нэр дэвшигчийн үзэл бодол хөгжлийн бодлого нь таалагдаж байна гэсэн үг. Тэгэхээр үүнд залуу хөгшин, чадвартай чадваргүй гэж ярихгүй. Итгэл үнэмшилтэй байж бусдыг манлайлах ёстой.

М.Энхцэцэг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ