• М.Одмандах:Хэдий бүх зүйл онлайн болж байгаа ч хамгийн бодитой эх сурвалж бол хэвлэмэл хуудас байна

    2020-05-11

    Өнгөрөгч баасан гаригт Монгол Улсад анх байгуулагдсан европ технологийн хэвлэх үйлдвэрийн намтар түүхийг  гэрчлэх  зарим тоног төхөөрөмж, эд зүйлсийг хүндэтгэлийн тавцанд залах ёслолын арга хэмжээ УБТЗ-ын “Ган зам пресс” төвд болсон.  Хэвлэх үйлдвэрийн түүхээс товч сөхвөл  Хаант Орос улсын Эзэн хааны сүлд бүхий Ф.Сан Галлийн бүтээлийг   1870-аад оны орчимд үйлдвэрлэсэн болов уу гэж түүхч судлаачид үздэг  байна.

    Оросын Консулын хэвлэх үйлдвэр 1912 оны сүүлчээр ашиглалтад орж, дараа оныхоо гуравдугаар сард Монголын орчин үеийн анхны тогтмол хэвлэл “Шинэ толь хэмээх бичиг” сониныг хэвлэсэн байдаг.

    Монгол Улсын анхны хэвлэх үйлдвэрийн талаар багагүй судалгаа хийсэн  МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сэтгүүл зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор  М.Одмандахтай ярилцлаа.

    Таны судалгаа шинжилгээний нэгээхэн хэсэг Монгол Улсын анхны хэвлэх  үйлдвэрийн түүхийг тодруулахад  чиглэсэн байдаг. Энэ тухай сонирхолтой түүхээс хуваалцахгүй юу?

    -Бололгүй яах вэ. Ер нь, би сэтгүүл зүйн түүх талаас нь судалдаг. 2010-аад оноос нэлээд түүхийн баримт материалыг цуглуулж, “Шинэ толь хэмээх сонин бичиг” анх яаж гарав. Түүнийг ямар хэвлэх үйлдвэрт хэвлэв гэдэг талаас нь судлаад үзэхээр хэвлэх үйлдвэрийн түүхийг давхар судлахаас аргагүй болсон.

    Манай хэвлэлийн түүхчид юу бичиж байв гэдгийг эргээд харахаар Монголд 1911-1913 онд гурван хэвлэх үйлдвэр байгуулжээ.

     Ямар хэвлэх үйлдвэрүүд байв гэхээр…

    •  Шавийн яамны дэргэдэх чулуун барын хэвлэх үйлдвэр,
    •  Гадаад явдлын яамны дэргэдэх үйлдвэр,
    •  Оросын консулын дэргэдэх “Орос Монголын хэвлэлийн хороо” гэсэн гурван үйлдвэр байсныг тогтоосон байдаг.

    Гэхдээ аль нь түрүүнд байгуулагдсан, “Шинэ толь” сониныг аль үйлдвэрт хэвлэв гэдгийг батлах баттай баримт олоогүй. Зөрүүтэй зүйлсийг бичиж нийтлүүлсээр ирсэн. Тиймээс өмнөх нийгмийн үзэл суртлын нөлөөгөөр зарим судлаач Гадаад явдлын яамны дэргэдэх үйлдвэр анхлан байгуулсан. Энд “Шинэ толь” сонинг хэвлэсэн. Энэ үйлдвэрт Д.Сүхбаатар үсэг өрөгчөөр ажиллаж байсан гэх мэтээр бичсэн нь бий.

    Гэтэл Оросын дипломатич И.Я.Коростовецийн тэмдэглэл гарч ирснээр дээрх дүгнэлт ташаа байжээ гэдэг нь одорхой болсон. И.Я.Коростовецийн тэмдэглэлийг анх 1996 онд л Канадын Торонтогийн Их сургуулийн багш, доктор Ольга Бакич олж анх хэвлүүлснээр нийтэд ил болсон. Үүнийг  түүхийн ухааны доктор О.Батсайхан 2010 онд хөрвүүлж И.Я.Коростовецийн “Монголд өнгөрүүлсэн есөн сар” номыг гаргасан. Эндээс Монголын хэвлэлийн болоод сэтгүүл зүйн түүхийн нэлээд бодитой баримт гарч ирсэн. 2014 онд танай сонины эрхлэгч асан ахмад сэтгүүлч Ж.Нямдаш гуай И.Я.Коростовецийн тэмдэглэлээс Монголд хэвлэх үйлдвэр байгуулсан баримт сэлтийг нь нэлээд нарийн ул суурьтай судалж, “Монголын анхны үйлдвэр” номоо бичсэн байдаг. Ж.Нямдаш гуай анх удаа Монголд байгуулагдсан хэвлэлийн ууган үйлдвэр бол Оросын консулын дэргэдэх “Орос Монголын хэвлэлийн хороо” байжээ гэдэг баримтыг гаргаж тавьсан хүн. Би эдгээр баримт сэлтийг мөн судалж үзээд яах аргагүй Оросын консулын дэргэд байгуулагдсан Хэвлэх үйлдвэр буюу 1954 онд УБТЗ-ын мэдэлд шилжсэн өнөөгийн “Ган зам” пресс төв Монголд байгуулагдсан европ технологийн анхны хэвлэх үйлдвэр мөн юм гэдэгтэй санал нэгдсэн.

    Хэвлэлийн түүхийн олон тодорхойгүй асуултын хариултыг бидэнд бичиж үлдээсэн И.Я.Коростовец гэдэг хүн Монголын анхны хэвлэх үйлдвэрийн түүхтэй хэрхэн холбогдов. Ямар үүрэг гүйцэтгэв гэдэг сонин байна?

    -Оросын дипломатич И.Я.Коростовец тухайн үед Монголд томилогдон ирсэн байхдаа анхны хэвлэх үйлдвэрийг байгуулах хөрс суурийг бэлдсэн хүн гэдэг нь тодорхой харагддаг. Ж.Нямдаш гуай номондоо миний олж авсан баримтуудтай нэлээд дүйх баримтуудыг гаргаж тавьсан байна билээ.

    Миний судалж мэдснээр тухайн үеийн Монголд консулаар сууж байсан Люба Хэвлэх үйлдвэр байгуулахыг анх санаачилсан байх магадлалтай. Яагаад гэхээр В.Люба Монголд маш олон жил суусан Дорно дахины судлаач, бичгийн хүн,  дээр нь дипломатич. В.Люба 1911 оны орчимд Оросоос нааш нь хэвлэх машин татаж авчруулсан байдаг.

    Тэрбээр, хэвлэх машинаа энд авчраад байхдаа Санктпетербург руу дуудагдаж очиж л дээ. Тэр үедээ Гадаад явдлын яамандаа өргөх бичиг өгсөн.

    Тэр өргөх бичигт “Би Монголд хэвлэх үйлдвэр байгуулах гэж байна. Хэвлэх суурь машин аваачсан” гэдгээ бичээд сонин хэвлэх мөнгө хүртэл хүссэн байдаг. Гэхдээ санхүүжилт олдоогүй учир Монголд хэвлэх үйлдвэр байгуулах ажил зогсонги байдалд орсон бололтой. Энэ талаар түүхийн ухааны доктор О.Батсайхан өөрийн номондоо “Ерөөсөө Монголд анхны хэвлэх үйлдвэр байгуулах санаачилгыг В.Люба гаргасан гэж үзэж болно” гэж тэмдэглэсэн.Люба хэвлэх машинууд оруулж ирсэн боловч шууд ажиллуулах нөхцөл бололцоо бүрдээгүй байж. Тиймээс хүрээнд амьдарч байсан Маленовский гэдэг хүн хэвлэх машинуудыг хадгалж байна.

    Энэ талаар Коростовецийн 1912.10.07-ны өдрийн тэмдэглэлд “Монголд сонин гаргах талаар  Москвитин (тухайн үеийн Оросын банкны ажилтан)-тай ярилцав. Орос сонин гаргана гэж авчирсан хэвлэх машинуудаас олж авах нь зөв гэж тэрбээр зөвлөлөө.

    Монголчууд шинэ сонин мэдээнд их дуртай улс учир уншигчид олдоно гэж тэрбээр үзэж байв” хэмээн бичсэн байдаг.

    Мөн “Москвитиний хэлснээр эдгээр хэвлэх машинаас аваад ажиллуулъя гэхэд надад ажиллуулах хүн хаанаас олдох билээ дээ” гэх зэргээр бичсэн нь үнэний хувьтай. Яагаад гэхээр Коростовец Монголд ирээд удаагүй, монголчуудын талаар сайн мэдэхгүй, хөрөнгө мөнгө ч бэлэн биш байснаас шууд ажил хэрэг болгохоор яаран хөөцөлдөөгүй байх.

    Харин тэр үед их бууны сургагчаар ажиллаж байсан Маленовский хэвлэх үйлдвэрээ 1912 оны сүүлчээр нээж, хэвлэлийн машины бул эргэсэн гэдэг нь тодорхой байдаг. Энэ тухай мөн л И.Я.Коростовецийн 1912.11.7-ны (Шинэ тооллоор 11дүгээр сарын 20) тэмдэглэлд “…Малиновский биднийг өөрийнхөө байгуулсан Орос-Монгол хэвлэх үйлдвэрийн нээлтэд урилаа. Хэвлэх машиныг бидний дэргэд шууд залган ажиллуулав. Үйлдвэр алгын чинээ хоёр жижиг өрөөтэй. Нэгэнд нь Троицкосавскаас ирсэн орос дарга нь суух болжээ. Оргилуун дарс ууж, таатай үг хэлцгээлээ. Үнэндээ бол энэ хэвлэх үйлдвэр минийх бөгөөд Петербургт захиалсан Монгол үсэг ирмэгц Монгол сонин хэвлэх ажилд ашиглах юм…” гэж бичжээ.

    Мөн 1913 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн тэмдэглэлдээ “…Иванов Малиновский нараас би 3500 рублиэр Хэвлэх үйлдвэр худалдан авч Консулын газрын мэдэлд шилжүүллээ. Хэвлэх үйлдвэрт миний авч үлдсэн хоёр орос ажилчин үсэг өрөгч, механикчаар ажиллах болно” гэж маш тодорхой дурдсан байдаг л даа. Эндээс танай Хэвлэх үйлдвэрийн анх байгуулагдсан цаг хугацаа, анхны хоёр орос ажилтны тухай тодорхой болж байна.

    -Ойролцоо байгуулагдсан нөгөө хоёр үйлдвэрийн тухай ямар баримт материал байна вэ?

    -Ер нь, тэр хоёр үйлдвэрийн байгуулагдсан цаг хугацааг тодорхойлох баттай баримт материал одоог хүртэл олддоггүй. Түүнчлэн, тэдгээр үйлдвэрт хэвлэсэн хэвлэлийн бүтээгдэхүүн олдоогүй. Надад олдсон баримтаас харахад Шавийн яамны дэргэдэх хэвлэх үйлдвэр хэвлэлийн дэвшилтэд технологи бүхий үйлдвэр байсан уу гэхээр эргэлзээтэй. Гар аргаар ажилладаг машинтай байсан байх магадлал илүү өндөр.

    Тухайн үедээ Богдын зарлиг, зар зэрэг зүйлсийг л хэвлэж байсан болов уу гэх таамаглал байна. Харин Гадаад явдлын яамны дэргэд хэвлэх үйлдвэрийн талаар түүхийн баримт сэлт, түүхч нарын бичсэн зүйлийг шүүрдэж үзэхэд Консулын хэвлэх үйлдвэрийн дараа байгуулагдаж, ажилласан байх магадлал өндөр. Яагаад ингэж дүгнэв гэхээр манай эрдэмтэд хэвлэх үйлдвэрийн түүхийг авч үзэхдээ дотор нь нэлээд хольж хутгасан зүйл бий. Ялангуяа, Оросын Консулын хэвлэх үйлдвэр, Гадаад явдлын яамны Хэвлэх үйлдвэрийг хооронд нь хольж хутгасан, андуурсан зүйл байдаг. Энэ юугаар нотлогдов гэхээр Жамсрангийн Цэвээнийг 1200 рублиэр монгол үсэг захиалж авчирч, “Шинэ толь” хэмээх сониныг гаргасан гэж бичсэн байдаг. Гэтэл сүүлд олдсон  баримтаас харахад Малиновский, Коростовец нар өөрсдөө үсэг захиалсан болж таарч байгаа. И.Я.Коростовец(1913.3.8) “Шинэ толь” хэмээх Монгол сонины маань анхны дугаар өнөөдөр хэвлэгдэв. 200 хувиар хэвлэсэн бөгөөд монголчууд өвөртөө (халаасандаа) хийж явахад тохиромжтойг нь бодолцон жижигхэн дэвтэр хэлбэртэй гаргасан. Худалдах үнэ нь 10 копейк. Петербургт захиалсан үсэг маань ирээгүй учир тааруухан үсгээр хэвлэсэн билээ” гэж тэмдэглэсэн байгаа.

    Гэтэл зарим түүхчид 400 рублиэр Цэвээн Жамсранов хөөцөлдөн байж Монгол үсэг олж иржээ гэж бичсэн байдаг. Энэ нь Гадаад явдлын яамны дэргэд байгуулагдсан хэвлэх үйлдвэрт зориулагдсан байх магадлалтай.

    Манай түүхчид Цэвээн Жамсрановыг Монголд анх хэвлэх үйлдвэр байгуулахад шууд оролцсон хүн гэж бичиж байсан. Гэтэл Коростовецийн тэмдэглэж үлдээснээс харахад Цэвээн Жамсранов “Шинэ толь”сониныг гаргахад оролцож, редактороор ажилласан болохоос үйлдвэр байгуулахад шууд оролцоо байгаагүй байдаг. Тэгэхээр Цэвээн Жамсранов бол Монголын сэтгүүл зүйн салбарт бол зохих хувь нэмэр оруулсан хүн гэдэг нь харагддаг.

    Анхны хэвлэх үйлдвэрийг хүрээнд байгуулахад Богдын Засгийн газраас оролцоо байсан болов уу?

    -Тийм баримт байдаггүй юм. Люба, Малиновский, Коростовец гээд орос хүмүүсийн идэвх санаачилгаар байгуулагдсан нь харагдаж байгаа. Дээр нь, энэ үйлдвэрийг болон сургууль байгуулахад зориулж Бээжинд байсан Оросын элчин сайдын яамнаас 10 мянган рубль олгосон байдаг. Монголын Засгийн газраас ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй. Харин тухайн үеийн хэвлэх үйлдвэрийн байрыг Цэвээн Жамсранов хөөцөлдөж, Монголын Засгийн газраас гаргуулсан байдаг. Үүнээс өөрөөр Хэвлэх үйлдвэрийг байгуулахад шууд оролцоо байсан эсэхийг батлах нотлох баримт олдоогүй.

    Богдын Засгийн газраас оролцоогүйг нь батлах бас нэг зүйл нь “Шинэ толь” сонины анхны дугаар гарснаар бөөн шуугиан гарчээ. Яасан гэхээр тэр сонинд ертөнцийг бөөрөнхий гэлээ, тэгвэл дээр нь хүн яаж тогтох юм гээд лам нарын эсэргүүцэл, бөөн хэл үг гарсан байдаг.

    Тэгэхэд энэ үйлдвэрийг Богдын Засгийн газраас хааж чадахгүй байсан. Хааж чадахгүй байна гэдэг нь тухайн үеийн Монголын Засгийн газраас оролцоо байхгүй байсны нэг илрэл шүү дээ. Хэрвээ оролцоо байгаад, эрх мэдэлтэй байсан бол шууд хаах байсан байх. Тэгэхээр тийм эсэргүүцлээс үл хамааран үйл ажиллагаа нь явж байсан нь Консулын бүрэн мэдлийн үйлдвэр байсан гэдэг нь үүгээр давхар батлагдаж байгаа юм.

    Харин Монголд байгуулагдсан европ маягийн дэвшилтэт технологитой хоёр дахь хэвлэх үйлдвэр нь Гадаад явдлын яамны дэргэд байгуулагдсан байх магадлалтай. Миний олж үзсэн баримт материалаас харахад энэ үйлдвэрийг 1913 оны сүүлчээр байгуулсан болов уу. Энэ үйлдвэрийг Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн суурь гэж үздэг.

    -“Шинэ толь”-оос өмнө 1909 онд монгол хэл дээр гарч байсан “Монголын сонин бичиг” гэх сонин Харбинд хэвлэгдэн Монголд орж ирж байсан гэдэг. Гэхдээ Дорнод Хятадын төмөр замын Оросын захиргааны санаачилга, хөрөнгөөр хэвлэгдсэн гэх сонирхолтой баримт Ж.Нямдаш гуайн “Монголын анхны үйлдвэр” номд бий. Энэ талаар тодруулж өгөөч. Төмөр зам яагаад тийм эртнээс сонин хэвлэлд хөрөнгө оруулж байсан юм бол?

    -“Монголын сонин бичиг” нь ерөөсөө Оросын нөлөөг Монголчуудад бий болгох, мөн төмөр замын үйл ажиллагааг бусдад түгээх л зорилгыг агуулж байсан. Тэгэхээр энэ сонин бол гадаад орнуудаас Монголчуудад зориулан гаргаж байсан хамгийн тулхтай, дэвшилтэт сонинуудын нэг байсан. Энэ сонин бараг 10-аад жил тогтмол гарсан байдаг.

    Тухайн үед уг сонинг хэвлэн нийтлэхэд оролцож байсан Б.Хайсан гүн, үе улирах гүн Бадрахбаатар, лам Бодоо (анхны долоон хувьсгалчийн нэг), буриад эрдэмтэн Ц.Жамсранов нар хожим Консулын хэвлэх үйлдвэрт Монгол сонин сэтгүүлийг гаргаж байсан гэсэн баримт бий.

    “Монголын сонин бичиг” нь Монголын сэтгүүл зүйн салбарын хөгжилд ихээхэн үүрэгтэй сонин.

    Энэ сониныг гаргахад оролцож байсан зарим хүнийг Харбинд аваачиж сургаж байсан гэдэг. Тэгэхээр энэ сонинд Монгол сонин хэвлэлийн талаар ойлголтыг анх өгсөн төдийгүй “Шинэ толь” сонинг гаргах хөрс суурь нь болсон гэж үздэг.

    Энэ баримтаас харахад төмөр зам эртнээс хэвлэлийн түүхэнд тодорхой хувь нэмэр оруулж байсан салбар гэдэг нь харагддаг. Яагаад гэхээр төмөр зам бол ХХ зууны хүн төрөлхтний хамгийн дэвшилтэт асар том бүтээн байгуулалт. Төмөр зам дагаж хөгжил, соёл дэлгэрч байсан нь үнэн. Суурин соёл иргэншил үүсэж байсан. Тухайн үеийн хамгийн баян, хүчирхэг, илүү боломжтой салбар байсан учраас соёл боловсрол, хэвлэл мэдээллийг авч явсан байдаг л даа. Нөгөө талаар, маш их хүн хөлхөж байдаг учир аливаа мэдээллийг олон хүнд хүргэх боломж өндөртэй салбар.  Хүний бөөгнөрөл төвлөрлийг нэг талаар ашиглаж байсан гэсэн үг. Одоо ч дэргэдээ ямар нэгэн сонин хэвлэлийг авч явдаг олон төмөр замууд байдаг юм билээ. Түүний нэг нь УБТЗ байна шүү дээ. Оросын төмөр зам ч өөрийн сонин хэвлэлтэй.

    Тэгэхээр Монголын хамгийн ууган Хэвлэх үйлдвэрийг дээр нь сониноо аль ч нийгмийн үед өрх бүтэн авч яваа төмөр замын үе үеийн удирдлага хамт олныг хараад би хувьдаа бахархаж байна. Танай үйлдвэрээр орж ирэхэд судлаач хүний хувьд сонин байна.

    -Хэвлэл мэдээллийн салбарын ирээдүйг та хэрхэн харж байна вэ. Бүх зүйл цахимжиж байна. Цаасан хэвлэл ирээдүйд устаж үгүй болно гэх ч хүн байна. Энэ талаар та хэрхэн тунгааж байна вэ?

    -Миний бодлоор цаасан хэвлэл хэзээ ч устахгүй. Ямар ч байсан тодорхой хүрээ хязгаарт байна. Яахав анх интернэт гэдэг юм дэлхий нийтийн хандлага болж эхлэхэд 1993 онд АНУ-д “Меркури” хэмээх анхны онлайн сонин гарсан. Энэ үеэс цаасан хэвлэл устах уу, үгүй юу гэдэг яриа өнөөдрийг хүртэл 30 жил яригдаж байна.

    Цаасан хэвлэлийн нэг хувилбар нь цахим хэлбэр л дээ. Энэ бол хөгжил дэвшлийн нөлөөгөөр бидэнд олдсон бодит боломж л доо.

    Ямар ч тохиолдолд баримт болж үлддэгийн хувьд цаасан хэвлэл байх ёстой. Уншигчтай байх эсэх нь дараагийн асуудал. Өнөөдөр бүх зүйл цахим боллоо.

    Сэтгүүл зүйн хувьд бол уламжлал, шинэчлэл хослоод цаасан болон цахим хэлбэрээр хөгжих байх. Түүнээс цаасан хэвлэлийг бүрэн устана гэдэгт би итгэдэггүй. Өнөөдрийн цахим мэдээ 100 жилийн дараа байх уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Нэг л өдөр серверээ хаахад бүх зүйл устах эрсдэл бий. Тиймээс цаасан болон цахим хувилбарыг аль алиныг нь тэнцвэртэй авч явах ёстой гэж хардаг. Цаасан хэвлэл ямар ч цаг үед түүхийн хамгийн үнэ цэнэтэй баримт болж үлддэг утгаараа ач холбогдол нь маш өндөр.

    Хэдий бүх зүйл онлайн болж байгаа ч хамгийн бодитой эх сурвалж бол хэвлэмэл хуудас байдаг.

    Эцэст нь, нэг зүйлийг хэлэхэд өнөөгийн УБТЗ-ын “Ган зам пресс төв” Монголд 1912 оны сүүлчээр байгуулагдаж, хэвлэлийн машины булаа эргүүлсэн европ технологийн анхны хэвлэх үйлдвэр мөн гэдэг нь бидэнд олдсон баримтуудаар батлагдаж байна. Мөн энэ үйлдвэр Монголд сэтгүүл зүйн салбар үүсэж хөгжихөд тодорхой хувь нэмэр оруулсан гавьяатай байгууллага гэж би хувьдаа дүгнэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ