• Ц.Оюунгэрэл:100 саяын дэнчингээс болоод УИХ-д нэр дэвшихгүй гэж шийдсэн

    2020-05-10

    УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодрох дөхсөн энэ өдрүүдэд аль нам, ямар хүмүүсийг дэвшүүлэх нь анхаарал татаж байна. Тэр дундаа хоёр том намын нэр дэвшигчдэд иргэд сонгогчид илүүтэй анхаарал хандуулж эхэлсэн. Харамсалтай нь АН-ын хувьд нэр дэвшигчдээсээ 100 саяын дэнчин хураасан, улмаар энэ тоог нэмэгдүүлэн 300-400 саяд хүргэсэн нь хэд хэдэн хуулийг илтэд зөрчсөн явдал болж буй. Тийм ч учраас тус намын лидерүүд намаасаа татгалзан, бие даан нэр дэвшихээ толгой дараалан зарласан. Тэр бүү хэл, өнгөрсөн парламентад УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан эрхмүүд ч 100 саяын дэнчингээс шалтгаалан УИХ-д нэрээ дэвшүүлэхээс татгалзаж байгаа аж.
    Тэдний нэг нь АН-аас өрсөлдөн УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Ц.Оюунгэрэл. Тэрбээр энэ тухайд “Намын лидерүүд өрх тусгаарлаж, бие даан нэр дэвшихээ зарласан нь намаас тогтоосон 100 сая төгрөгийн дэнчинтэй холбон харж байгаа. Мөнгө төлж намаас нэр дэвших үү эсвэл бие дааж тэр мөнгөөрөө сонгууль хийх үү гэдэг нь хувь хүний сонголт. Эдийн засаг муудсан энэ цагт хэд хэдэн саяар нь хандив өгдөг аж ахуйн нэгж, хувь хүн ховордсон. Ийм үед байгаа хэдэн төгрөгөөрөө хямдхан сонгууль хийх үү эсвэл өр зээл тавьж намд мөнгө өгөх үү гэсэн сонголт манай намынханд тулгарсан.

    Тэгэхээр бие даах сонголт нь дэнчинд өгч байгаа хариу байх.

    Миний хувьд УИХ-д нэр дэвшихгүйгээр шийдсэн нь нэг талаараа дэнчинтэй холбоотой.
    Нөгөө талаараа, гол шалтгаан бол “Жорлонгоо өөрчилье” төсөл маань. Нэр дэвшигчдээс 100 сая төгрөгийн татвар авах болсныг яаж ч тайлбарлаж болох байх. Манай намд анх татварын асуудал орж ирсэн тухайн үед буюу одоогоос бараг гурван жилийн өмнө “Намын татварын хэмжээ хэтэрхий хатуу байна, гишүүд нь төлж болохуйц хэмжээтэй байх ёстой, ийм дааж давшгүй өндөр байж болохгүй. Татвар хэт хатуу байвал нам гишүүдээ алдана шүү” гэж хэлж байсан байр суурин дээрээ би одоо ч хэвээрээ.
    Тухайн үед дийлэнх нь анзаараагүй, цаг нь тулаад төлөөд ирэхээр ямар их мөнгө вэ гэдгийг одооноос л анзаарч байх шиг байна.Тэр өндөр татварыг төлөөд явж байгаа хүмүүсийг би буруутгамааргүй байна. Тэд намынхаа шугамаар улс төрийн боломжийг олж авъя гээд яаж ийгээд л дэнчинг төлж нэр дэвших эрхээ авч байна. Маш их үнэ цэнээр энэ боломжийг олж авч байна даа гэж харж байгаа. Намд татвар байх нь зөв, гэхдээ дааж давшгүй өндөр байж хэрхэвч болохгүй. Дааж давшгүй өндөр татвар бол дандаа буруу зүйл рүү түлхдэг.
    Гэр бүлийнхнийгээ золиосонд гаргаж байр орон сууцаа зарж, өр зээл тавьдаг. Эсвэл бусдад худал хэлж мөнгө гуйж авчихаад дараа нь тэр амлалтдаа хүрэхийн тулд дахиад л буруу зүйл хийдэг. Цаашлаад хууль бус авлигын аргаар энэ мөнгийг олох сэдэл санааг бий болгодог. Тэгэхээр аливаа зүйл хэм хэмжээнээсээ хэтэрч болохгүй” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ