• Р.Гэрэлчимэг:Үхрийн нүдний суулгацыг тарихдаа үндсийг нь өтгөн шавар зуурмагт дүрвэл сайн ургадаг

    2020-05-08

    Шинжлэх Ухаан Технологийн Сангаас “Нэг мод – Нэг судлаач” аяныг эхлүүлжээ. Шинжлэх ухааны салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн 20 гаруй байгууллагын эрдэмтэн, судлаачид сайн дураар нэгдэж, иргэний үүргээ биелүүлж зургаан зүйлийн жимс, жимсгэнийн 400 орчим суулгацыг тус тусдаа тарих юм.

    Нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажилласан ШУ-ны салбарын ҮЭХ,Газарзүй-Геоэкологийн хүрээлэн,Дарханы Ургамал газар тариалангийн хүрээлэн,ХХААИС-ийн дэргэдэх “Гарааны Монгол экологийн бордоо” ХХК-д ШУТС-гийн зүгээс Талархал илэрхийлж байна.

    Мөн аяны нээлтийг тохиолдуулан Монгол эрдэмтдийн бэлдсэн үхрийн нүдийг тарих,арчлах зөвлөгөөг хүргэж байна.

    Үхрийн нүдний суулгац тарих зөвлөгөө

    Үхрийн нүдийг тарих,арчлах зөвлөгөөг ОУУИС-ийн ХАА,ойн тэнхимийн багш Р.Гэрэлчимэг бэлтгэжээ.

    Үхрийн нүдний суулгацыг хавар намрын улиралд шилжүүлэн суулгаж болох боловч намар суулгах нь хамгийн тохиромжтой.

    Учир нь намар өвлийн улиралд суулгацын үндсэнд шороо нягтран барилдаж бэхлэгдэх тул хавар эрт нахиалж амьдрах чадвар нь түргэн дээшилнэ. Хэрэв хавар тарих бол суулгацын нахианууд  хөөж томрохоос өмнө газар гэсэж эхлэмэгц талбайд шилжүүлэн суулгана. Манай орны ойт хээрийн бүсэд:

    • Намар есдүгээр сарын 20,
    • Аравдугаар сарын 10-ны орчимд,
    • Хавар дөрөвдүгээр сарын 20, тавдугаар сарын 5-ны хооронд тус тус тарьж болно.

    Ирээдүйн таримлын ургацын-чанар суулгац материалаас хамаарах учир мод үржүүлэгийн газар болон өөрсдийн бэлтгэн гаргасан үхрийн нүдний суулгацын үндэсний систем, салаа мөчрүүд сайн хөгжсөн хэсгийг сонгож авна. Үүнд 20-30 см урт, 2-3 салаалж салбарласан өтгөн үндэстэй 40-50 см урт, 2-4 салаа мөчиртэй, мөчир тус бүр 3-4 нахиатай бөгөөд нэг буюу хоёр настай суулгацыг суулгана.

    Тарих үедээ суулгацын үндсийг өтгөн шавар зуурмагт дүрж шавар наалдуулж тарихад шороотой түргэн авцалдаж үндэс сайн үүсч хөгжинө.

    Суулгац хоорондын хол ойр байх зай тухайн сортын онцлогоос хамаарах боловч дунджаар бут хооронд 1-1.5 м, эгнээ хоорондоо 2-3 м шулуун шугам татан байрлуулж суулгана. Үхрийн нүдний суулгацыг бага зэрэг налуу (45°): мөчрийн доод талын нахианд тултал суулгаж тойруулж шороогоор манаж булж өгвөл хожим хөрсөн дорх иш үндэснээс нэмэгдэл үндэс ишүүд үүсч яваандаа өтгөн бут ургана. Суулгац тарьсны дараа хөрсийг ханатал сайтар усална. Суулгасан мөчирт 2-3 нахиа үлдээн үзүүрийг тайрна. Хур тунадас дутмаг үед усалгааг 5-6 хоногийн дараа дахин хийнэ.

    Үхрийн нүд тарих, арчлах

    Үхрийн нүд нь чийгсүү ургамал бөгөөд ус чийг нэлээд шаарддаг таримал учир чийглэг хөрстэй газрыг сонгож, хашааныхаа нөмөр хэсэгт тарина. Харин намгархаг хөрсөнд тохиромжгүй юм.

    • Хөрсний гүний усны нэвчилт нь 1-1.5 метр байх хэрэгтэй.
    • Үхрийн нүдийг чийглэг бөгөөд ялзмагаар баялаг, хөнгөн элсэрхэг хөрсөнд тарьж болно.
    • Хашааны үхрийн нүд тариалах талбайг зөв сонгох нь чухал бөгөөд, цаашдын ургалтад нөлөөлөх учраас үхрийн нүд суулгах тогоо нь 40*40 см-ээс доошоо гүнзгий ухна.
    • Харин хөрсний ялзмагт давхарга зузаан аваас нүхийг доош нь 50 см хүртэл гүнзгий ухна.
    • Харин хөрсний ялзмагт давхарга нимгэн бол нүх ухах, ялзмагт шороог нөгөө талд гаргана.

    Ингээд үхрийн нүд тарихад зориулан ухсан нүхэнд ялзмагт шороонд малын бууц, хар шороо, элс зэргээр багсармал бэлдэж хийж өгөх бөгөөд эсвэл бордоог 1-2 хувин эрдэс бордоо, суперфосфат 0.15 гр, кали 20-25 гр буюу аргал, модны үнс мөн шохой 0.1-0.2 гр тус тус сайн хольж нүхээ дүүргэнэ.

    Суулгац бут суулгахаас 2-3 хоногийн өмнө нүхээ ухаж, хөрсөө бордож боловсруулна.

    Үхрийн нүдний арчилгаа

    Үхрийн нүд чийг их шаарддаг таримал учир газрын хөрсийг байнга сийрэг бөгөөд усалгаа хийж, хог ургамлыг устгаж байх нь чухал болно.

    Үхрийн нүдний суулгацыг шилжүүлэн тарьснаас хойш хавраас намар хүртэл бут ба эгнээ хоорондын хөрсийг дээр дурдсанаар маажуураар маажиж сийрүүлж байна.

    Ер нь хөрс өрөмтөж чийг алдахаас сэргийлэх гол арга бол 3-4 хоног тутам нэг удаа жимсний бутыг тойруулан хөрсийг сийрүүлж зарим үед хөрсөн дээр малын хуучин хөх бууц хийж, зэрлэг ургамлыг түүж устгана.

    Үхрийн нүдний бутын ургалт эрчимтэй байх тусам жимсний гарц сайн байдаг. Иймд анх тарьсан үеэс эхлэн залуу бут эрчимтэй ургах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байдаг. Үүнд хөрсийг органик бууц,багсармал эрдэс бордоогоор 6oрдож боловсруулж, хугацаанд нь бутанд таналт, тайралт хийж хэлбэржүүлэх, гарсан өвчин хортныг цаг алдалгүй устгаж цэвэрлэж байна. Тарьсан даруй анхны сард суулгацны үндэс төлжин үүсч амьдрах чадвар сайжирч эхэлнэ. Харин намар тарьсан суулгацын үндэс олигтой төлжин ургаж чадахгүй учир өвөл хөлдөх явдал тохиолдож болох тул суулгацыг шороогоор 10-15 см зузаан хучиж дарна.

    Усалгаа

    Үхрийн нүд зөвхөн усалгаатай нөхцөлд ургана.

    1. Анхны усалгааг нахиа задрахаас өмнө дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сарын эхээр,
    2. Хоёр дахь усалгааг цэцэглэлтээс өмнө тавдугаар сарын 10-15-ны үед,
    3. Гуравдугаар усалгааг үр тогтолтын үед,
    4. Дөрөвдүгээр усалгааг жимс боловсорч эхлэхээс өмнө,
    5. Тав дахь усалгааг жимс хураахаас 7 хоногийн өмнө тус тус хийх боловч хур тунадас ховор гандуу, хөрс элсэрхэг ахул цэцэглэлт үр тогтох жимс боловсрох үед бараг 7 хоногт нэг усалгаа хийхдээ хөрсний гүнд 30-40 см нэвчиж орохоор усална.

    Үхрийн нүдний бутыг услахдаа бутны ёроолыг тойруулан газрыг тогоо хэлбэртэй хонхойлж, мөн бут хооронд нарийхан суваг шуудуу татан холбож усаа урсгаж услах эсвэл нэг бутанд нэг удаа 2-3 хувин (10 л) ус хийнэ. Гэвч тухайн үед үхрийн нүдийг услахдаа бутны нас, хур чийг, хур тунадас уналтын байдлыг харгалзан их бага хэмжээгээр услах хэрэгтэй. Намрын усалгааг есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр хөрсөнд 50-60 см гүн ус нэвтэртэл 2-3 удаа услах нь чухал байдаг. Үхрийн нүдний шим тэжээлээр баялаг хөрсний сийрэг өнгөн давхаргад хавж ургах учир хөрс сийрүүлэлт хийхдээ 5-6 см гүн биш үндсийг болгоомжтой сийрүүлнэ. Үхрийн нүд 2-3 настайгаасаа эхлэн жимс өгч эхлэх учир 4-5 настайгаас эхлэн таналт (тайралт) хийж хэлбэршүүлэхгүй ахул яваандаа жимс жижгэрч гарц нь буурч эхэлдэг.

    Үхрийн нүд 10-15 нас хүртлээ ургаж жимслэх боловч цаашдаа үндэсний хөгжилт нахиалалт зогсох учир жимслэх явдал буурна.

    Иймд жил бүр хавар намрын улиралд үхрийн нүдний бутанд засал хийж малын нунтаг бууц, багсармал бордоо, эрдэс бордоогоор бордож байхын сацуу эцэглэж жимслэж буй үед малын (адуу, үхэр, хонь) шар бууцны ингэн уусмалаар усалж өгвөл ургац сайжирна.

    Таналт ба тайралт

    1. Анхны жил суулгац тарьснаас хойш мөчрийн нахиа задралтаас өмнө (хавар) 2-3 нахиа үлдээж үзүүрийг тайрна.
    2. Хоёр дахь жилд хамгийн сайн үндэслэж хөгжсөн 3-4 мөчрийг үлдээж бусдыг тайрна.
    3. Дараах жилүүдэд хөлдсөн гэмтсэн, өвчилсөн мөчрүүдийг цэвэрлэх замаар таналт хийх ба 4-өөс дээш настай бутанд засалт, таналт хийж хэлбэршүүлнэ.

    Тухайлан хэлбэл: 5 настай бутанд таналт хийж хэлбэршүүлэхэд 5 настай гол мөчир, 3-4 настай мөчир, 3 настай мөчир 3, 2 настай мөчир З , 1 настай 3 мөчир тус тус байхаар үлдээж бусдыг нь тайрч авна. Тэгэхдээ хэлбэр муутай, газраар налж ургасан, тахирлаж мушгирч ургасан, хугарч гэмтсэн мөчрүүдийг модны хайч буюу хурц хутгаар тайрна. Бутанд тайралт зөв хийж хэлбэршүүлбэл жимс томорч ургац сайжирна. Ийнхүү 5-6 настай бут янз бүрийн насны мөчрүүдээс бүрэлдсэн байна. Цаашид жил бүр хатсан хугарч гэмтсэн турь муухан, жимс цөөхөн гардаг мөчрийг тайрч засал хийнэ. Тэрчлэн цөөхөн салаа мөчиртэй модыг 4 дахин богиносгон тайрна. 6-7 настайгаас хуучирч хөгширсөн мөчрүүдийг цөөлж, залуу мөчрүүдийг үлдээн залуужуулж байх нь чухал.

    Эх сурвалж:ШУТС

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ